Д.Отгонсайхан: Идлэг шонхор шувуунд тохиолдоод буй хөнөөлт ажиллагааг таслан зогсоох ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

“Зөвхөн арабууд гэлтгүй сүүлийн үед шонхор барих зорилгоор гадныхан Монголд их ирж байна. Яг шонхор барихаар хөдөө, хээрээр яваад байгаа улсууд нь  сири, иорданьчууд юм. Улс оронд нь байнгын үймээн самуунтай, хүн алахаас ч буцахгүй зэрлэг балмад нөхдүүд амьтныг хайрлаж хамгаалах уу гэдэг эргэлзээтэй. Тэд идлэг шонхор шувууг барихын тулд маш аймшигтай балмад аргуудыг ашигладаг гэж байгаа. Улмаар барьсныхаа дараа шувууг янз бүрээр ярагладаг. Түүний нэг жишээ бол энэ идлэг шонхор” хэмээн ярих эрхэм бол Монголын шувуулахуйн холбооны тэргүүн, “Олон Улсын шувуулахуйн болон махчин шувуу хамгаалах холбоо”-ны Азийг хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Отгонсайхан юм. Түүнийг "Өглөөний зочин"-оор урьж, идлэг шонхор шувуунд нүүрлээд буй аюулын талаар ярилцлаа.


-“Шувуулахуй” гэдэг ухагдахуунаасаа ярилцлагаа эхлүүлье?

-Шувуулахуй гэдэг бол монголчууд бидний өвөг эцгээс уламжилж ирсэн махчин шувуугаар ан хийх урлагийн нэг хэсэг юм. Энэ өв соёл маань сүүлийн 300 жилд мартагдсан байсан. Миний хувьд махчин шувуу сонирхдог, ан амьтан хайрлах сэтгэлтэй хэдэн залуустайгаа нийлээд одоогоос 20 гаруй жилийн өмнө “Шувуулахуйн холбоо”-гоо байгуулсан. Үүнээс хойш өв соёлоо таниулах зорилгоор цөөнгүй ажил хийж ирлээ. Дорвитой үр дүнд ч хүрсэн байгаа. Монголчуудын махчин шувуу, түүний ан агнуурын соёлыг мэдээж идлэг шонхоргүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Харамсалтай нь  энэ шувуу сүүлийн жилүүдэд устаж үгүй болох аюулд орчихоод байна. Иймээс энэ асуудал дээр салбарын яам, төр засгийн хэмжээнд томоохон анхаарал хандуулах цаг нь болсон гэдгийг онцгойлон хэлмээр байна.

-Идлэг шонхор шувуу яагаад устах аюулд орчихов оо?

-Энэ шувууны тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаа хоёр ч үндсэн шалтгаан бий. Эхнийх нь,  идлэг шонхор шувуу сүүлийн 20-иод жил арабын хойгоор зарагдах болсон. Тэр нь төр засгийн хууль дүрмийн дагуу зарагдаж л байгаа байх. Гэхдээ энэ шувуугаа экспортолж, ашиг орлого олж байгаа бол амьтны эрх хийгээд амьдрах орчинд нь анхаарах ёстой. Харамсалтай нь харийн хэдэн нөхөд ирээд монголчуудын шувуугаа  шүтэж хайрлах ёс заншлыг уландаа гишгэж, хүний санаанд оромгүй байдлаар шувуунуудыг эрэмдэглэж байна. Идлэг шонхор шувууг устгахад нөлөөлж байгаа өөр нэг зүйл бол өндөр хүчдэлийн шонгууд байна. Сүүлийн арав гаруй жил Монгол Улс даяар өндөр хүчдэлийн шонг тавьж эхэлсэн. Хуучны модон шонг бетон шонгоор сольж эхэлсэн энэ цагаас эхлээд идлэг болон бусад махчин шувуу, жигүүртэн амьтад үй олноороо тогонд цохиулж үхэж байгаа. Зөвхөн өндөр хүчдэлийн шонд жилдээ 3-4 мянган шонхор үрэгдэж байна гээд бод. Үнэхээр харамсалтай байгаа биз.

-Та бүхний хувьд идлэг шонхор шувууны үхэл хорогд­лын шалтгааныг олж тогтоогоод байгаа гэлээ. Тэгвэл урьдчилсан хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Салбарын яаманд нь хэл дуулгаж, хамтарч ажилладаг уу?

-Сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид энэ талаар ярьж хэлсний дүнд өндөр хүчдэлийн шонгуудыг аюулгүй болгох ажил эхнээсээ хийгдэж эхэлсэн. Гэхдээ энэ нь удаашралтай байгаа. Хоёр жилийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад нэг сая долларын хандив орж ирсэн. Яг энэ өндөр хүчдэлүүдийг аюулгүй болгоход зарцуулаарай гэж. Мэдээж шонхор шувууны экспорт тодорхой хэмжээгээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн юм чинь энэ шувуугаа хайрлан хамгаалах, өсөж үржих орчинд анхаарах нь зүйн хэрэг юм. Шонхор шувууг зарж байгаа тэр мөнгөнөөсөө 10 хувийг нь ч юмуу зохих хэмжээгээр энэ шувуунуудыг хамгаалах арга хэмжээнд зориулмаар байгаа юм. Шонхор шувуу бол маш сайн нөхөн үрждэг. Тэгэхээр амьдрах орчных нь аюулгүй байдалд анхаарахад л тоо толгой нь өсөх бүрэн боломжтой. Монголчуудын түүхэн өв соёлын нэг хэсэг болсон шувуу агнуур, махчин шувуутайгаа харьцах ёс заншил маань нүдэн дээр минь үгүйрч, сүйдэж байгааг хараад манай холбооны залуус зүгээр сууж чадаагүй. Тийм болохоор боломж, чадлынхаа хэрээр 2018 онд Төв аймгийн Аргалант сумын нутагт  30 гаруй километр үргэлжлэх өндөр хүчдэлийн шонг шувуунд аюулгүй болгож байсан  Яг тухайн жил зөвхөн тэр өндөр хүчдэлийн шугамыг дагаж, идлэг шонхор л гэхэд 100 гарч үхсэн байсан. 20-иодхон километр газарт шүү. Харин тэр өндөр хүчдэлийн шугамыг аюулгүй болгосныхоо дараа бид жилд хэд, хэдэн удаа очиж шалгадаг. Тэгэхэд өнөөдрийн хувьд тэнд 10 хүрэхгүй шувуу үхсэн байгаа. Эндээс дүгнэхэд бидний хийсэн ажил тухайн газар хэсэгтээ нэлээд өндөр өгөөжөө өгсөн гэж бодож байгаа.

-Идлэг шонхор шувуу байгалийн экосистемд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Махчин шувуу бол байгалийн экосистемд маш чухал үүрэгтэй. Ганцхан жишээ болгоод идлэг шонхор дээр ярихад, энэ шувуу нь мэрэгчин амьтнаар хооллодог. Бэлчээр, ургамлыг сүйтгэдэг үлийн цагаан оготны тоог олшруулахгүй байлгах гол эх үндэс нь идлэг шонхор байдаг. Үлийн цагаан оготно ихэвчлэн тал хээрээр тархаж, малчид тариаланчдын толгойны өвчин болдгыг ч бид мэднэ. Тэгвэл тэр хөнөөлийг дарж, байгалийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн чухал үүргийг идлэг шонхор гүйцэтгэдэг.

-Идлэг шонхор нүүдлийн шувуу юу. Манай улсад нүүдэл­лэн  ирж амьдардаг хэчнээн идлэг шонхор байдаг бол. Тоо толгойг нь судалсан судалгаа бий болов уу?

-Идлэг шонхор бол нүүдлийн шувуу. Гэхдээ залуу шонхрууд нь л нүүдэллэдэг. Нас бие гүйцсэн нь суурин байдаг. Тоо толгойн хувьд яг тодорхой бодитой зүйл байхгүй. Яахав судалгаа гэвэл, дөрвөн жилийн өмнө манай МУИС-ийн эрдэмтдийн багаас идлэг шонхор шувууны тоо толгойнд судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаагаар 10 мянган шонхор бий гэсэн дүн гарсан. Энэ тоо бол миний бодлоор үнэнээс хол зөрсөн гэж үзэж байгаа. Монголд 10 мянган идлэг шонхор байхгүй. Учир нь гэвэл, өндөр хүчдэлийн шугам дээр л жилд 3-4 мянган шонхор үхэж байна. Дээрээс нь экспортоор гаргаж байна. Зарим нь байгалийн шалгарлаар устаж байгаа. Ингээд бодоход энэ 10 мянга гэдэг бол экспортод гаргахын тулд зохиомлоор гаргасан тоо болов уу. “Ийм  их байгаа юм чинь хэдэн зуугаар нь экспортод гаргаж болно” гэсэн санааг гаргахын тулд л энэ тоог өгсөн байх. Би тэгэж харддаг. 

-Та зүгээр ч нэг хардаагүй болов уу. Ямар үндэслэл байгаа болоод дээрх тоон мэдээг үгүйсгэж байна вэ?

-Би судлаач хүний хувьд жилд хэд, хэдэн удаа хөдөө орон нутгаар явж, ажиглалт хийдэг. Одоогоос арван жилийн өмнө хөдөөгүүр явж байхад идлэг шонхор элбэг таардаг байсан. Харин энэ жил Хэнтий аймаг явахад замд бараг таараагүй. Зуу гаруй километр явж байж ганц, хоёрхон идлэг шонхор харвал их юм. Яагаад Хэнтийгээс жишээ татсан бэ гэвэл, энэ нутгийн зүүн хэсэг үлийн цагаан оготно ихтэй, тэр ч утгаараа идлэг шонхор идэш тэжээл сайтай иймэрхүү газраар их нутагладаг. Гэтэл маш их ховордсон байсан. Энэ бүхнээс жишээ аваад үзсэн ч Монголд идлэг шонхор шувууны тоо толгой эрс цөөрсөн болохыг бодоод олчихож болно.

Хамгийн сүүлд гэхэд, 20 гаруйхан хоногийн өмнө Завхан болон Хэнтий аймгийн нутгаар явж өндөр хүчдэлийн 87 шонгийн доор 100 гаруй идлэг шонхор үхсэн байсантай таарсан. Энэ тооллогоо бид хүмүүсээс  мэдээлэл авч “Яг энэ газар шувуу ингээд үхээд байна” гэсэн тодорхой газруудаар л явж хийхэд ийм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд яг шувуунд аюултай өндөр хүчдэлийн шон 2-4 мянган километр үргэлжилдэг гэж ярьдаг. Тэгэхэд арав хүрэхгүй километрийн доор ингэж их шувуу үхчихсэн байгаа юм чинь тэр хэдэн мянган километр үргэлжлэх шонгийн дор хэчнээн олон тооны шувуу үхэж байгаа бол гэж бодохоор аймшигтай тоо гарахаар байгаа юм. Тиймээс манай холбооны залуус өндөр хүчдэлийн шугамыг шувуунд аюулгүй болгох энэ ажлаа цаашид улам далайцтай хийж хэрэгжүүлэх тал дээр санаа нэгдээд тодорхой ажлуудыг төлөвлөж байна.

-Идлэг шонхор шувууны хувьд бусад улс оронд цөөн­гүй л байдаг юм билээ. Гэтэл Арабууд яагаад заавал Монголоос шонхор худалдан авахыг эрмэлздэг юм бол оо?

-Арабууд яах гэж Монголоос ирж шонхор бариад байна вэ гэвэл, манай улсын шонхор яг зэрлэг, байгалиараа байдагт л оршиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, энэ шувууны нисэх чадвар, ангаа барих чадамж маш өндөр. Европын орнуудад бол фермийн аргаар шонхор  шувууг үржүүлдэг. Мэдээж тийм аргаар үржсэн шонхор  байгалийн зэрлэг шонхор шиг чадвартай байж чадахгүй. Тийм л болохоор Араб, Европын орнууд Монголын зэрлэг шонхор шувууг сонирхож авдаг.

Дөрвөн жилийн өмнө Европын шонхор үржүүлгийн ферм алтан шонхор шувууг үржүүлгээр гаргаж авсан байдаг. Тухайн үедээ сенсац тарьж, Арабын орнуудад нэлээд үнэд хүрч байсан боловч үржүүлгийнх болохоороо зэрлэг шонхор шувууг гүйцэхгүй байсан. Гэтэл сүүлийн хоёр, гурван жил “Монголоос тийм шар зүсмийн шонхор шувуу баригдаад байна” гэсэн яриа мэр сэр гарах болсон. Би маш их гайхаж байсан л даа, “Тэр фермийн шувуу яаж яваад Монголд ирчихэв, Арабууд тэрийг нь яагаад өндөр үнээр аваад байна вэ” гэж.

Тэгээд шувуу судлалын Олон улсын холбооны мэргэжил нэгт нөхдөөсөө асуулаа. Хариуд нь “Байгальд ийм шар өнгийн шонхор шувуу байх үндэслэлгүй. Үржүүлгийн газраас л алдагдсан шувуу байж магадгүй” гэж байсан. Энэ жил би найман сарын дундуур хөдөө явахдаа энэ алтлаг өнгөтэй идлэг шонхортой таарсан. Намайг очиход бие нь хүндхэн, нисэж ч чадахгүй, эцэнхий байдалтай байсан. Тэнхээ нь тасарчихсан энэ шонхор хээр хоёр гурван хоног байсан л бол  үхэж ч магадгүй байв. Ингээд би энэ шувууг яаралтай гэртээ авчраад эмнэлэгт үзүүлээд антибиотик өгөөд эмчилж эхэлсэн. Энэ хооронд ажиглалт явуулж, яагаад ийм сонин алтлаг өнгөтэй шувуу байдаг юм бол гэж их анзаарсан. Тэгээд бас л холбооныхоо шугамаар судлаач эрдэмтдээс санал бодлыг нь асуухад надад “Оогий, наад шувууг чинь будганд оруулсан  байж магадгүй шүү. Чи сайн ажиглаад шалгаадхаач” гэсэн. Тэгэхээр нь ажиглалаа. Гэтэл энэ шувуу намайг эмчлэхээр авчрахад ямар ч толбогүй, алтлаг өнгөтэй байсан.

Гэтэл бие нь тамиржаад өд сөд нь сэргээд ирэхэд энд тэндээс нь бор өнгө гарч ирсэн. Тэгээд улам нарийн ажиглаад үзвэл суурь нь бор, өнгөн хэсэг нь алтлаг болж таарсан. Тэгэхээр будсан хэсэг нь шараараа, цаанаасаа ургаж гарч ирсэн хэсэг нь өөрийнх нь үндсэн бор өнгөөр гарч ирж байгаа юм.

Энэ шонхор над дээр ирэхэд л хоёр нүдэнд нь үүл суучихсан, бүлцгэр ирсэн. Би энийг анхандаа арабууд барьж байгаад толгойнд нь таараагүй малгай өмсүүлснээс болж нүд нь үрэгдээд бэртэл авчихаж гэж бодсон. Гэхдээ тийм бэртэл эдгэдэг. Долоо хоног эм тариа дусаахад л сайхан болоод ирдэг л дээ. Тийм болохоор би нүдийг нь эмчилчих юмсан гэж бодоод “ОРБИТА” эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авлаа. Гэтэл тэр эмнэлгийн их эмч “Гэмтэл аваад удсан бол мэс заслаас нааш засрахгүй. Гайгүй бол энэ дусаалгуудыг дусаагаад ажигла” гэсэн. Долоо хоног түрхэж үзээд ямар ч нэмэр болоогүй. Тэгээд би энэ идлэг шонхор шувууг хэн нэгэн нь будганд оруулсан гэж баттай итгэх болсон. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар будаг /химийн бодис/ нүдэнд нь хүргэсэн болов уу. Ингээд химийн бодисын хор уршгаар нүднийх нь бүрхүүлийг ямар ч авралгүй гэмтээчихэж байгаа юм.

 

“МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ Ч ШУВУУГ ИНГЭЖ ЭРЭМДЭГЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ”

-Та наад алтлаг шонхор шу­вуу­гаа хаанаас олж эмчилсэн бэ?

-Төв аймгийн Аргалант сумын зам дагуу байсныг нь олж мэдээд эмчлээд байж байгаа нь энэ.

-Арабуудын л хийсэн хэрэг байх нь дээ. Учир нь Төв аймгийн нутаг дэвсгэр дээр идлэг шонхор барих арабуудын отог их байдаг юм билээ?

-Отгууд бол хаа сайгүй бий. Ганцхан арабууд гэлтгүй сүүлийн үед Монголд шонхор барих зорилгоор сиричүүд их орж ирж байна. Яг  шонхор барихаар хөдөө, хээрээр яваад байгаа улсууд нь  сири, иорданьчууд их байгаад байна. Улс оронд нь байнгын үймээн самуунтай, хүн алахаас ч буцахгүй зэрлэг балмад нөхдүүд чинь амьтныг хайрлаж хамгаалах уу гэдэг эргэлзээтэй. Тэд  идлэг шонхор шувууг барихын тулд маш аймшигтай балмад аргуудыг ашигладаг гэж байгаа. Улмаар барьсныхаа дараа янз бүрээр шувууг яргаладаг юм шиг байгаа юм. Жишээ нь, шувуу судлалын Олон улсын эрдэмтдээс сонсож байхад Киргизэд яг ийм будагдсан шувуу зарагдсан тохиолдол гарсан байна лээ. Нөгөөдөх нь сарын дотор гуужаад бор шонхор болсон байсан. Хятадад бас нэг шонхор зарагдсан байсан. Тэгэхээр шонхрыг будсан тэр улсууд бол яалт ч үгүй гаднын улсууд байгаа нь тодорхой. Тиймээс гаднаас шонхор барих гээд ирж байгаа энэ хүмүүсийг манай улс хил нэвтрүүлэхгүй байж яагаад болдоггүй юм бэ. Хамаа алга бариад экспортод гаргах гэж байгаа бол монголчуудаараа бариул л даа. Монгол хүн хэзээ ч шувууг ингэж эрэмдэглэхгүй шүү дээ.

-Шувууг гадныхан эрэм­дэглэж байна гэлээ. Жишээ дурьдаж яриач?

-Арабууд идлэг шонхор шувууг барихдаа сүүл хэсгээс нь дөрөв, таван өдийг нь тасдаж хаясан байдаг. Ийм олон өдийг нь тасдаж хаяж байгаагийн гол шалтгаан нь таних тэмдэг хийгээд байгаа хэрэг. Учир нь идлэг шонхорыг худалдаанд гаргахад тодорхой стандарт заасан байдаг юм шиг байгаа юм. Тэр стандартад нь хүрээгүй шонхор шувууны өдийг нь тасдаж, эрэмдэглэдэг.  Ингэснээр дахиж андуурч барихгүй, ажлаа хөнгөвчлөх арга нь болж байх жишээтэй. Үнэхээр муухай. Арынх нь сүүл хэсгээс тэр олон өдөө тасдуулчихсан шонхор шувуу яг л үүдэн шүдгүй хүний ам шиг онгойгоод үнэхээр эвгүй харагддаг. Өдөө тасдуулсан жигүүртэн шувууд мэдээж туйлдана, ядарна, нисэх чадвар нь муудна. Ийм балиар үйлдлүүд гаднын нөхдүүдээс гараад байгаа юм. Өдөө тасдуулсан идлэг шонхор шувууны зурагнууд нь ч надад байгаа. Одоо энэ сири, арабуудад замчлаад машин болгонд нь нэг монгол хүн байгаа. Ядаж тэр монголчуудаар хяналт тавиулж,  “Шувуу эрэмдэглээд тавьж болохгүй, хэрвээ тийм харгис үйлдэл гаргавал шонхор барих квотыг нь цуцална” гэсэн журам ч болтугай гаргах хэрэгтэй байна, Байгаль орчин, аялал жуучлалын яамныхан. Өөр нэгэн ноцтой асуудал гарч ирсэн. Гэхдээ энэ мэдээллийг баталгаатай болгож, албажуулсныхаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж бодож байгаа. Маш ноцтой асуудал байгаа.

-Та тэр мэдээллээ одоо хэлчихэж  болохгүй хэрэг үү?

-Цаг нь арай болоогүй байна. Бид өв соёлоо хайрлаж, ан амьтан араатан жигүүртний эрхийг хамгаална гэж боддог л бол идлэг шонхор шувуунд тохиолдоод буй энэ эмгэнэлтэй хийгээд хөнөөл­тэй үйл явдлыг зогсоох ёстой. Цаашлаад энэ шувууг экспортод гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой л байгаа бол тоо толгойг нь өсгөх, хайрлан хамгаалах асуудал дээр онцгой бодлого хэрэгжүүлэхийг төр засгаас хүсэж байна.

-Таны бодлоор идлэг шонхор шувууны тоог нэмэгдүүлэхэд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Гурваас дөрвөн жил гадагш экспортлох квотоо зогсоочих. Тэр хооронд өсөж үржиг л дээ. Түүнийхээ дараа Араб руугаа гарга. Хамгийн гол нь арабуудыг “Шонхорыг зүй зохистой барих” шаардлагыг тавих хэрэгтэй. Ингэж дураар нь дургиулж болохгүй. Энэ бол монголчууд “Шувуулахуйн” өв соёлоо доромжлуулж буй хэрэг. “Шувуулахуйн” өв соёл бол ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёл. Дэлхийн 110 оронд уг соёлтой холбоотой хууль дүрэм мөрдөгдөөд явж байна. Тэдгээр оронд шувуунууд нь бүртгэлтэй, чиптэй явж байна. Ганцхан Монгол Улс тийм зүйлгүй. Уг нь манай улс чинь дэлхийд “Шувуулахуйн” өв соёлын нүүр болсон ард түмэн. Казах түмний бүргэдээр ан хийлгэх соёл дэлхийд гайхагддаг. Түүхээс аваад үзвэл манай их эзэн Чингис хааны үеэс эхлээд монголчууд харцаг, шонхор, бүргэдээр ан хийлгэж ирсэн байдаг. Хубилай хааны үед гэхэд л дэлхийн хамгийн олон буюу 10 мянган махчин шувуугаар  ан хийлгэж байсан гээд баялаг түүхтэй. Ийм аугаа түүх соёлтой ард түмэн байж өдгөө өв соёлоо харийнханд доромжлуулж хөсөр хаях ёсгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top