Их наядаар эрс өссөн ТӨСӨВ ба ТӨМӨР ЗАМ

2021 оны 10 сарын 19

“Ирэх оны улсын төсөв  татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Түүхэн өндөр орлого, зарлагын тооцоололтой төсвийн төслөө Ерөнхий сайд ийн зөвтгөж буй бол эдийн засагчдын зүгээс өөр байр суурийг илэрхийлж байгаа. Ер нь бол жилээс жилд нэмэгдсээр буй төсвийн тэлэлт эдийн засагт, иргэдийн амьдралд бодит өгөөж дагуулахаасаа илүүтэй улсын өр улам нэмэгдэх суурь болох үүрэг гүйцэтгэж байна гэсэн шүүмж дагаж байгаа.

Хоёрхон жилийн өмнө 10 их наядын босгыг давсан Монгол Улсын төсөв хоёр жилийн дараа 20 их наяд хүрэх тооцооллыг энэ Засгийн газраас хийгээд буй. Төсөв ийнхүү тэлж буйг  эдийн засгийн шингээх чадвар сайжирч буйтай холбон ойлгох ёстой ч, түрүүн хэлсэнчлэн төсвийн “өрөм”  нь бодит эдийн засагт бус тодорхой хэсэг бүлэглэлүүдэд илүүтэй шингээд, хусам нь жирийн иргэдэд, татвар төлөгчдөд ногдож байна гэж харах өнцгүүд байгаа юм.

Ерөнхий сайдын хэлж яриад байгаачлан татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх боломж бий ч, боломжийг бүрэн дүүрэн ашигладаг байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байсан байх магадлал тун өндөр. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн  тэрхүү алдагдсан боломжийг сануулан хэлж ярьж буй ч, яриа нь үйлдэл болон хэрэгжихэд алд дэлмийн зөрүү бий.

Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд 2022 онд алдагдлыг ДНБ-ий 5.1 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан. Энэ дагуу ч алдагдлаа тусгасан гэж Засгийн газар тайлбарлаж байгаа юм.

Гэхдээ  18.2 их наяд төгрөгийн өндөр зарлагатай төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь буюу  2.4 их наяд төгрөгт барихын тулд, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан  1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд  ДНБ-ий хэмжээг  820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэх зэргээр  тооцсон байна.

Нэг ёсондоо харьцуулж тооцох ДНБ-ий хэмжээ өндөр байх тусам, төсвийн алдагдлын хэмжээ хувиар өөрчлөгдөхгүй ч, бодит мөнгөн дүнгээрээ бол өсөх боломж гарч байна гэсэн үг.

Ирэх оны төсвийн төсөлд тусгасан 2.4 их наяд төгрөгийн алдагдлын 1.4 их наядыг гадаадын зээл тусламжаар шийдвэрлэх бол, Тогтворжуулалтын сангаас төсөв рүү 400  тэрбум төгрөг татахаар тооцсон. Харин үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхнө гэж буй юм.

Төсвийн алдагдлаас 400 тэрбум төгрөгийг нь нөхөх үүрэг хүлээх гэж байгаа Тогтворжуулалтын сангийн орлогыг хэрхэн тооцсоныг авч үзье.

2022 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 6,306.0 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73.4 ам.доллар байхаар тооцжээ. Тэгэхээр уг тэнцвэржүүлсэн үнээс илүү гарч борлуулсан мөнгөө Тогтворжуулалтын санд хуримтлуулна гэсэн үг. Тодруулбал, зэсийн орлогоос 381.3 тэрбум, нүүрсний орлогоос 262.1 тэрбум, нийт 643.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоод байна.

Төсвийн төсөлд нүүрсний экспортын биет хэмжээг 36.7 сая тонн буюу өндөр хувиар тооцож тусгасан бол алт, зэсийн экспортын биет хэмжээг  энэ оны түвшинд байхаар тооцсон байгаа юм.

Нүүрсний экспортын энэ оны нөхцөл байдлыг аваад үзэхэд, 28.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон ч бодит байдал дээр 15.9 сая тонныг л гаргаж байгаа. Энэ нь манай дотоодын ковидын нөхцөл байдал, дэд бүтцийн сул байдалтай холбоотой. Тэгэхээр нөхцөл байдал ийм байхад хэдэн жилийн дараах биш хэдхэн сарын дараах экспортын төсөөллийг төсвийн төсөлд хэт өөдрөгөөр  тусгачихав уу гэж харахад хүргэж байна.

Ирэх оны хоёрдугаар хагаст төмөр замын тээвэр эхлүүлэх, жолоочгүй тээврээр нүүрсний экспортыг шийдвэрлэхэд анхаарч байгаа ч, болзошгүй эрсдэлүүд бий. Мөн нөгөө талаас гадаад зах зээлийн нөхцөл байдал, эрэлт тогтвортой байх эсэх дээр биднээс үл шалтгаалах эрсдэлүүд байсаар ирснийг тооцох л ёстой. Түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл гэх ойлголт нүүрс гэхээсээ зэсийн зах зээлд илүү хамаатайг дахин сануулъя.  Гэвч Засгийн газар нүүрсний экспортод гол итгэл найдвараа ийнхүү өгч байна. Энэ оны тухайд  нүүрсний экспортын биет хэмжээ төсөвт тусгаснаас 13 орчим сая тонноор дутаж байгаа. Хэрэв нүүрсний үнийн өсөлт ингэж тодорхой хугацаанд тогтвортой хадгалагдаагүй бол төсвийн орлого тасалдах бодит эрсдэл ойр байсан билээ.

Ийм бодит эрсдэлээс энэ онд гадаад зах зээлийн ачаар тойрч гарч чадсан манай улс гал ус руу гараад дүрэхээс буцдаггүй жаахан хүүхэд шиг аяглаж, зарлагаа хэт өөдрөгөөр тооцсон учраас орлогын тооцооллоо хаа хамаагүй өндрөөр тооцохоос өөр гарцгүй болж буй юм. Улмаар нөгөө л ачааны хүндийг үүрч дүүрдэг нүүрсний салбарынхаа даацыг хэтрүүлсэн ачаалал үүрүүлж таарах гээд байна.

Гол нь нүүрсний төмөр замын тээвэр ирэх оны төсвийн жилд амжиж  хөрсөн дээр буух эсэх нь тодорхой бус.

Тухайлбал, стратегийн  ач  холбогдол  бүхий  төмөр  замын томоохон төслүүд болох  Тавантолгой–Гашуунсухайт,  Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн  төмөр замын төслүүдийн талаар Монголбанк ирэх оны Мөнгөний бодлогын төсөлдөө онцолсон байсан.

Улсын нийт экспортын 40 орчим хувийг  бүрдүүлдэг нүүрсний экспортыг төмөр замаар тээвэрлэх нь нүүрсний тээврийн зардлыг бууруулах,  ачилт, тээвэрлэлтийн үед чанар муудах асуудлыг шийдэх, дотоодод нэмүү өртөг, эдийн засгийн үр  өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын нүүрсийг Хятадын бусад бүс нутгууд болон гуравдагч орнуудад  экспортлох боломжийг нээхийн зэрэгцээ агаарын болон хөрсний бохирдол, тоосжилт, цөлжилт зэрэг  байгаль орчинд бий болгож буй олон сөрөг нөлөөг багасгах ач холбогдолтойг тодотгож буй.

2019  оны  тавдугаар  сарын  24-ний  өдөр  нээлтээ  хийсэн  Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн  416.1  км  хэвтээ  тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусч, 2021 оны зургаадугаар сард хүлээлгэн өгөх  төлөвлөгөөтэй байсан ч импортын тээвэр саатсан, санхүүжилт удаашралтай байгаа зэргээс шалтгаалж  аравдугаар сарын 1-н хүртэл хойшилсон. Хойшилсон хугацаа нь мөн дахин хойшлоод байгаа юм.

Тэгвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын  бүтээн байгуулалтын ажлын явцыг энэ сарын 7-ны өдрийн байдлаар харвал:

 

  • Доод бүтцийн ажил - 95.4 хувь

 

  • Хил холболт 30,9 км - 93.1 хувь

 

  • Дээд бүтцийн ажил - 80.7 хувь

 

  • Дохиолол, холбоо - 23.9 хувь

 

  • Эрчим хүчний угсралт, суурилалтын ажил - 57.9 хувь

 

  • Шилэн кабель - 60.5 хувь

 

  • Удирдлагын байр - 55.01 хувь

 

  • Орон сууц - 29.37 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Төслийн барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу 2022 оны долоодугаар сард дуусгахаар ажиллаж байгаа гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж, хил холболтын цэгийн эцэслэн тохирно” гэсэн.

Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж энэ сарын 8-нд чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулахдаа  “Гашуунсухайт хүртэлх төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан, хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн. Үүнээс болоод  царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ нь 13 км зам тавих асуудал. Огтлолцох цэг Ганц мод дээр байх уу, Гашуунсухайтад уу гэдэг дээр ярилцаж байгаа. Гашуунсухайтын асуудлыг Засгийн газраас Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж, ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Чингэлэг тээврийн терминал байгуулчихсан, ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн ихээр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал ч яригдаж байгаа. Энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэж, нэг мөр шийдэх шаардлага тулгарч байна” гэсэн хариулт өгсөн.

Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргын хэлж байгаагаас үзэхэд нүүрсний төмөр замын тээврийн асуудал ирэх оны эхний хагаст шийдэгдэхгүй. Ер нь ондоо багтаж шийдэгдэх эсэх нь тодорхой бус юм. Тэгэхээр 2022  оны төсвийн жил буюу 12 сар хүртэлх хугацаанд 36 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн хэт өөдрөг төсөөлөл биелэхгүй байх бодит эрсдэл байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top