Жолооч нар Л.Халтар сайдыг ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХЫГ ШААРДЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Нүүрс тээврийн жолооч нар яг одоо Зам тээврийн хөгжлийн яамны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

ЗТХЯ-наас өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг "Баянзам" ТББ-д шилжүүлж  хариуцлагын гэрээ хийн, нөлөөллийн бүсэд байгаа малчид, иргэдийг цалинжуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км үргэлжлэх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Үүний дараа яамны зүгээс "Баянзам" ТББ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг дүгнэх, байгаль орчинд учруулж буй нөлөөллийг үнэлэх хамтарсан ажлын хэсэг гарган ажиллажээ.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр тээврийн компаниудын үйл ажиллагаа шаардлага хангаагүй тохиолдолд Л.Халтар сайдын тушаал хэрэгжиж эхлэх бөгөөд энэ шийдвэр өнөөдөр оройн 00.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болох аж.

Тиймээс тээвэрчдийн зүгээс "Өнөөдөр ажлын хэсгийнхэн яаманд ирээд сайдад нөхцөл байдлын үнэлгээг танилцуулсан. Энэ дүгнэлтээр бидний үйл ажиллагааг 71 хувьтай биелсэн гэж дүгнэсэн байна. Гэвч өнөөдөртөө багтааж, Л.Халтар сайд "тээвэр хийлгэхгүй" гэсэн шийдвэрээ цуцлахгүй цаг хожиж байна. Сая хэвлэлд өгсөн мэдээллээс үзэхэд маргааш Засгийн газарт танилцуулах юм байна. Гэвч хэт нэг талыг барьсан мэдээлэл өгөөд байна. Энд олон зуун тээвэрчдийн эрх ашиг хөндөгдөж, өр зээлэнд унахаар боллоо. Тиймээс энэ шийдвэрээ өнөөдрийн дотор цуцлахыг шаардаж байна. Хэрэв цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Нэгэнтээ л бидний ажлыг төр нь зогсоож байгаа. Төрөөс нөхөн төлбөр ч өгөхгүй. Тийм учраас ямар л аргаар тэмцэж болохоор байна бид тийм тэмцэл хийнэ" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоигт(172.90.229.225) 2021 оны 10 сарын 19

З.Энхболдын Страто 0йлдвэрийг нүүрсээр хангах зорилготой замыг хаасан нь зөв шийдвэр шүү

0  |  0
Кккк(203.91.115.53) 2021 оны 10 сарын 19

3 нь аймгийн газар нутаг бэлчээрийг сүйтгэж байсан юм .халтар сайд зөв шийдвэр гаргасан замаа тавьчихаад тээврээ хий

1  |  0
Top