Тээвэрчдийн түмэн зовлон

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Нүүрс тээвэрчид. Баялаг бүтээдэггүй, боловсруулах үйлдвэргүй газар доороо хэдэн баялагтай Монгол Улсын хамгийн том баялаг болох нүүрс зөөж, борлуулалтынх нь голыг нугалдаг хүмүүс нь угтаа нүүрс тээвэрчид юм. Тэд уг нь төрийн төсөв гэх том шуудайнд мөнгө хийдэг хүмүүс. Харин тэднийг шуудайн дахь мөнгийг тараадаг хэд нь ч, уурхайчин гэж цээжээ дэлддэг зарим хэсэг нь ч, уул уурхайн том төсөл гэгддэг “Тавантолгой”-н удирдлагууд ч тоохгүй байсаар өнөөтэй золгожээ. Гэртээ барагтай үзэгдэж 10-15 хоног машиныхаа бүхээгт өнжин байж Хятадын хилийн цаана тэд нүүрсээ гаргадаг. Үүнийхээ төлөө тэд хэнээс ч юм гуйж байгаагүй. Гуйсан ганц зүйл нь машины нэвтрэлтийг түргэсгэх, замын чанарыг сайжруулах, төрийн нэгдсэн бодлоготой болох. Тэд мөнгө нэхэж гэдийгээгүй, тэтгэмж нэхэж хэвтээгүй.

Дотоод зовлон

Дотоод зовлон их бий. Замын чанараа сайжруулах гэж олон гуйсан ч ажил хэрэг болоогүй. Нүүрсний тээврийн чанарыг сайжруулна гэсэн ч энэ үг хэдийнээ улстөрчдийн цээжинд үлджээ. БНХАУ-ын талтай ярьж нөхцөлөө сайжруулна гэдэг ч хятадын тал удаа дараалан гэдийсээр 2020 онтой золгох гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг хэдхэн хүнийхээр бол шинэ сонгуулийн үнэр хаяанд үнэртээд эхэлсэн.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Цагаан хад руу хөтөлсөн авто замд 50 хүн амиа алджээ. Жилдээ 1500 гаруй зам тээврийн осол зөвхөн энэ л замд болдог гэх харамсам судалгаа бий. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн авто замын асуудал дөнгөж өнөөдөр бий болсон асуудал биш. Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009 оноос асар хурдацтай нэмэгдэхэд энэ чиглэлд тээвэр хийх авто машинуудын тоо геометрийн прогрессоор өссөн. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох нь нэмэгдэж, үйл ажиллагааны эрчим гэрлийн хурдаар хэмжигдэх болов. Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлох дэд бүтцийн бүс нь уурхайгаас зүүн урагш чиглэсэн Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км зурвас газар м. Одоогийн байдлаар нүүрсний тээвэрт 5800 гаруй зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Өнгөрсөн оны эхэнд энэ тоо 9000 хүрч байсан удаатай.

Зам барагтайгаас гадна зохион байгуулалт гэдэг юугаар ч зүйрлэшгүй зүйл тэртээ хол үлдэж хоцорсонд асуудлын гол нь оршино. Уурхайн ачилт, гэрээ, тээвэрлэлт нь хэрхэн зохион байгуулагдсан нь тодорхойгүй, уялдаа холбоо муутай байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн явц саардаг аж.

“Хоёр жилийн өмнө тээвэрчдийн дараалал 100 орчим км байсан. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтийн дараалал эрс багассан. “Эрдэнэс Монгол” компаниас энэ жил 20 ширхэг авто зогсоолыг зам дээр гаргасан. Дээрээс нь 2500 машины авто зогсоол баригдаж байгаа. Барилгын ажил 75 хувьтай байна” гэж “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр ярьсан юм.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2019 оны байдлаар 18.5 сая тонн түүхий нүүрсийг хилээр гаргажээ. Энэ нь өнгөрсөн оныхоор 300 орчим мянган тонноор давсан гэсэн үг. Гэхдээ БНХАУ-ын дотоодын хэрэгцээ ханасан гэх шалтгаанаар энэ тоо цаашид нэмэгдэхгүй л байх болов уу!

Гаднын зовлон

Нүүрс тээвэрлэгчдэд саад болж хамгийн гол зүйл нь угтаа гаднын зовлон. Гадна гэдэг нь хил дээр асуудал үүсгэдэг БНХАУ-ыг хэлж байгаа юм. Хамгийн том зовлон нь яг одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дээр тохиож байгаа.

БНХАУ-ын талаас нэг жилд авах түүхий нүүрсний импортын хэмжээ ханасан гэх шалтгаанаар таталтаа эрс багасгажээ. Монгол Улс талаасаа түүхий нүүрсээ тээвэрлэж авчирдаг гаалийн хяналтын бүсэд нүүрс нь дүүрсэн, жолооч нар овоорсон байдалтай байгаа. БНХАУ-ын талд ч нүүрс нь дүүрсэн нөхцөл байдалтай байна. Ингэснээр хоёр талдаа тээвэрлэлт зогссон гэсэн үг. Уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс ачсан машинууд 10 гаруй км олон хоног сул зогсжээ. Жолооч нарт энэ талаар бэлтгэл байгаагүйгээс шалтгаалан олон хоног хоол ундгүй гацах нөхцөл байдал үүсээд байна. Жолоочдын төлөөлөл холбогдох байгууллагуудад тав хоногийн өмнөөс хандсан боловч ямар нэгэн арга хэмжээгүй авалгүй өдийг хүрчээ.

Түүнчлэн татан авалтаас гадна өөр нэг зовлон бий. БНХАУ-ын Чалко компани тээвэрлэлтийн хөлсийг тонн тутамдаа 65 юань болгож бууруулжээ. Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн буурсан тээвэрлэлтийн үнээс шалтгаалан энэ чиглэлд жолооч нар олон хоног гацах нөхцөл байдал бүрдсэн аж.  Хятадын талаас энэ жил л гэхэд хоёр ч удаа тээвэрлэлтийн үнээ 65 юань болгож бууруулсан. Ингэх бүрд нь олон хоног үргэлжилсэн урт дараалал үүсдэг байв. Энэ удаад тэр дүр зураг мөн адил давтагдаж байгаа.

Засгийн газрын мэдээллээр яг долоо хоногийн өмнө ажлын хэсэг гарч, энэ асуудлыг газар дээр нь судалж, гарсан дүгнэлтийг яг одоо хэлэлцэж буй. Түүнчлэн БНХАУ-ын талтай нүүрсний тээвэрлэлтийн нөхцөл чухам ямар шалтгааны улмаас буурсан талаар харилцан санал солилцохоор болжээ.

Хятадаас шалтгаалсан өөр асуудал бас бий. Сүүлийн гурван жилийн турш тогтмол өсөлттэй байж, нүүрс тээвэрлэгч компаниуд нэмэгдсэн. Үүнийг нь бид бодлогын хувьд “жаазалж” чадаагүйгээс хятад үүсгэн байгуулагчтай компаниуд олширчээ. Тэд жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл хангадаггүй, хууль дүрэм сахидаггүй гэдгийг тээвэрлэлт хийдэг жолооч нэр хэлдэг юм. Одоогоор Хятадын компаниас тээвэрлэдэг том оврын тээвэр эрхлэгчид сүүлийн нэг жил нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал огт төлөөгүй байна. Энэ байдал одоо ч өөрчлөгдөөгүй.

* * *

Тээвэрчид уг нь нүүрсний борлуулалтын голыг нугалдаг юм. Гэтэл зохицуулсан бодлого ч үгүй, асуудлыг нь шийдэх ч үгүй байсаар энэ хүрэв. Чухам хэзээ энэ асуудал шийдэгдэж, тээвэрчдийн нуруу тэнийх вэ гэдгийг Балхжав ах бид хоёр таашгүй билээ. Яг одоо Цагаан хад боомт дээр цааш нэвтрэхгүй байгаа учраас олон арван жолооч машиныхаа кабинд, тоостой зам дээр 10-15 хонож байгаа. Цаанаас татахгүй байгаа учраас чухам хэд хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй нөхцөл байдал үүсээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top