Ердөө хэдхэн дотор хоёр хүүхэд цооногт унаж амиа алдлаа. Цэнгэлдэх хотхонд гал гарч, БЗД-т орон сууцанд ахуйн газ дэлбэрлээ. Онцгой байдлаа хөсөр хаясан онцгүй төрийнхөн таг чиг. Заамарын осол болоод, онцгойхон техникгүй уурхайн техникийг царайчилж зогсоход салбар хариуцсан сайдтан хэзээ хойно нь ёстой, ёсгүйн тухай номлосон пост оруулав. Хэдэн амь зольж байж онцгой байдлын салбараа анхаарч харах юм бүү мэд.
Онцгүй төр угаасаа үүнийг тоодоггүй юм. Тэртээ 20 жилийн өмнө Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар яваад олон алба хаагч амь эрсдэхэд ийм л байсан. Одоо хайлтын систем дээр илэрц гач ирэхгүй байна лээ. Арга ч үгүй байх тухайн үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар С.Амарсайханы ах С.Отгонбаяр ажиллаж байсан юм. Яг 14 жилийн өмнө Дорнодын галыг унтраахаар яваад дөрвөн алба хаагч амиа алдсан. Хуучраагүй ч саяхны түүх гэвэл 2024 онд 10 гаруй алба хаагч амиа зольсон. Эдгээр бүгд аврах ажиллагааны стандарт хангасан техник хэрэгсэлгүйтэй холбоотой. Тухайн үед Онцгой байдлын ерөнхий газрын одоогийн дарга ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хувьд 47-48 хувьтай байгаа. Үүнийг зайлшгүй сайжруулах шаардлагатай” гэж байсан юм шүү.
Сүүлийн гурван жилийн эхний улиралд аюулт үзэгдэл, ослын 5726 тохиолдол бүртгэгдэж, 265 хүний алтан амь эрсэджээ. Үүнээс 2026 онд хамгийн их буюу 102 хүн амиа алдсан байна.
Монголчууд ардчилсан нийгэмд шилжсэн долгионтой он жилүүдэд онцгой байдлын салбарыг тоох сөхөө байгаагүй юм. Бүтэн 13 жил газрын зураггүй, хууль эрх зүйн орчингүй явж ирсэн энэ салбар 2003 онд л хуультай болсон юм. Тухайн үед Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталсан ч хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй байсан тул анх баталснаас хойш 5-6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улмаар 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэн батлагдахад гамшгийн эрсдэлийг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг гэж тусгасан. Улмаар 2017 онд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн баталж урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлийг тусгасан. Тусгаад, тусгаад онцгой байдлын салбарын байгаа байдал ийм байна. Нэг ёсондоо хууль батлагдаад байдаг түүнийг нь хэрэгжүүлэх стратегигүйн улмаас нөхцөл байдал иймдээ тулсан. Гамшгийн менежмент гэж улстөрчид цээжээ дэлддэг боловч нидэр дээрээ юу ч үгүй гэдгийг болоод өнгөрсөн, болж буй үйл явдлууд бэлхнээ харуулна.
ОБЕГ-т 2026 оны улсын төсөвт ОБЕГ-ын төсөвт өртөг хэд байгаа тухай мэдээлэл алга. Бидэнд олдсон мэдээллээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардалд зориулж 29 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Мөн Азийн хөгжлийн банкны 532.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2026 оны төсвийн бодлогод онцгой байдлын албан хаагчдын цалингийн 40 хувийн нэмэгдэл болон шаардлагатай бусад зардлуудыг бүрэн тусгасан. Хэрэв төсөв тодотголоо гэхэд онцгой байдлын салбарын төсвийг таная гэж мэдэх мэлийсэн улстөрчид байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Улстөрийн өнөө маргаашийн онооны төлөө олдсон ширээ, зоосон микрофон ашигласаар ирсэн дарга нар онцгой байдлын салбарыг тоохгүй бол эрсдэл арилахгүйгээр барахгүй иргэд, алба хаагчид алтан амиараа төлдөг гэдгийг урт биш ч 10 жилийн түүх харуулна. Таныг энэ нийтлэл уншиж байх хооронд Төв аймгийн Заамарт осолдсон охиныг аврах ажиллагаа үргэлжилж байгаа. Дорнодод 15 настай хүүгийн осолдсон цооногийг битүүлээгүй байгаа...

Сэтгэгдэл ( 0 )