680 хүүхэд гэмт хэрэгт ХОЛБОГДОН шалгагдаж, 935 хүүхэд гэмт хэргийн улмаас ХОХИРЧЭЭ

З.Энхлэн | Zindaa.mn
8 цагийн өмнө

 

ОН ГАРСНААС ХОЙШ  680 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 680 хүүхэд холбогдсон 470 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс энэ онд 496 хүүхдийг 315 хэрэгт яллагдагчаар татан шалгасан байна.

Прокуророос 208 хүүхдэд холбогдох 187 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 680 хүүхдийн 42 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 38 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хамгийн их байна. Мөн “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” болон “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.  

            ОН ГАРСНААС ХОЙШ 935 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны эхний 5 сарын байдлаар 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавьсан. Үүнээс он гарснаас хойш 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон 935 хүүхдийн 39 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 23 орчим хувь нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, 22 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, 6.5 орчим хувь нь “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн улмаас хохирчээ.

Тодруулбал, 20 орчим хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хулгайлах”, 13 орчим хувь нь “Хүчиндэх”, 9 орчим хувь нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, 8 орчим хувь нь “Залилах”, 5 орчим хувь нь “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, мөн “Дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч болсон байна.

Хохирсон 935 хүүхдийн 489 буюу 52.3 хувь нь эрэгтэй, 446 буюу 47.7 хувь нь эмэгтэй бол 63.5 хувь нь 14-17-ны хүүхдүүд байна.

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top