ОХУ-ын Тюмений аж үйлдвэрийн их сургуулийн эрдэмтэд мөнх цэвдэг хөрсөн дээр тавьсан хучмал замын ашиглалтын хугацааг 2-3 дахин уртасгах арга боловсруулжээ.
Тэд зам барихдаа ус нэвтэрдэггүй, нунтаг дулаан тусгаарлагч материалыг ашиглахыг санал болгож байна. Энэ технологийг Якутад бүс нутгийн чанартай зам барихад ашиглахаар зэхэж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Энэхүү технологийг мөнхийн цэвдэгтэй бүх бүс нутагт хэрэглэхэд тохиромжтой гэнэ. ОХУ-ын газар нутгийн 60-65 хувь нь мөнхийн цэвдэгтэй аж. Ийм бүс нутагт зун, өвлийн улиралд хөрс гэсэж, хөлддөг тул замын суурь хэсэг эвдэрч, суулт өгдөг байна.
Харин Оросын эрдэмтдийн боловсруулсан арга нь жилийн дөрвөн улиралд мөнхийн цэвдгийг хайлуулалгүй барьж, улмаар замын суурь хэсгийг эвдрэлээс хамгаалах аж. Үүний ачаар зам засвар хоорондын хугацааг 2-3 дахин уртасгах боломжтой гэж эрдэмтэд баталж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Үртэс дэвсээд тавихад болно.