Японд хоолны амт дамжуулах чадвартай зурагт бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Японы Мэйжи их сургуулийн профессор Хомэй Мияшита хоолны амт дамжуулах чадвартай зурагтын дэлгэц бүтээжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэхүү өвөрмөц бүтээлийг “Taste the TV” буюу “Зурагтыг амтал” гэж нэрлэжээ. Үзэгчид дэлгэц дээр гарч буй хоолны амтыг мэдрэхийн тулд дэлгэцийг долоох ёстой гэнэ. Зурагтын дэлгэцээс амтыг мэдрэх нууц нь амт оруулагч бүхий бага хэмжээний 10 савд оршиж байгаа аж. Тухайн нэвтрүүлгээр гарч буй дүрснээс хамааран эдгээр савнаас амт оруулагч шингэнийг нэгэн зэрэг цацдаг байна. Ингээд тухайн хоолны амт бүхий холимог шингэн зурагтын дэлгэц дээрх тусгай туузад очих ба үзэгч үүнийг долоосноор амтыг мэдрэх боломжтой.

Үзэгчид гэртээ зурагтаа үзэж байхдаа дэлхийн өөр өнцөгт буй рестораны хоолны амтыг мэдрүүлэх боломжийг олгох зорилго агуулсан гэж профессор Мияшита ярьжээ. Ялангуяа, цар тахлын энэ үед тус технологи хүмүүст гадаад ертөнцтэй холбогдох боломж олгох юм.

Мияшита профессор 30 оюутны хамтаар ийм төрлийн зурагт бүтээж байна. Профессорын урьдчилан тооцоолсноор, ийм зурагт ойролцоогоор 100 мянган иен буюу 875 ам.долларын үнэтэй байх аж. Түүний бүтээл мэргэжлийн тогооч, амтлагч, дарсны шинжээчдийг бэлтгэх тусгай сургалтад ашиглахаас гадна үзэгчдийн дунд янз бүрийн хөгжөөнт тэмцээн явуулахад ашиглах боломжтой.

“Амтат зураг”-ыг танилцуулах ёслолд дээр Юки Хоу гэгч оюутан дэлгэцийн өмнө шоколад идэх хүслээ хэлж, хэсэг хугацааны дараа дэлгэц дээр тусгай шингэн гарч иржээ. Юки үүнийг амталж, сүүтэй шоколадтай төстэй амт мэдэрснээ хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top