Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гаригт (2021.11.03) болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Уг хуулиар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон. Уг конвенцийн оролцогч улсын хувьд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн байдаг. Анхдагч хуулийн төслийн гол зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, цаашлаад хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс сэргийлэхтэй холбогдсон цогц харилцааг зохицуулах юм.
Монгол Улсын иргэн бүр гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагад өгөх үндсэн үүрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах, цаашлаад нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулж байгаа мэдээллийг холбогдох байгууллагуудад бичгээр гаргаж мэдээлэх, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг тус тус энэ хуулиар зохицуулахаар болж байна. Нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага шалгаж, учруулсан хор хохирлынх нь хэмжээнээс шалтгаалж урамшуулахаар хуульчилж өгч байна. Урамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх байна” гэжээ.
Мөн өдрийн хуралдаанд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн байна.
Үүнтэй холбогдуулан төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01-н хүртэл нэмэгдүүлэхгүй байхаар болжээ.
Үүнээс гадна “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-н дэх хаврын тариалалт, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд зориулагдсан санхүүжилтээс нийт 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээлийн үйлдвэрт улаан буудай худалдан авахад зориулан эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан 12 хүртэл сарын хугацаатайгаар гурван хувийн хүүтэй олгох юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )