Шүүх дээр "49 хувь" ялчихлаа

2021 оны 11 сарын 12

-Хөгжлийн банкны экс захирал хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ялаас мултарч, ТУЗ-ийн гишүүд нь цагаадав-

Монголын хууль, хяналтын байгууллагууд том хэргийг урт удаан хугацаанд сунжруулан шалгадаг. Энэ нь ч шалтгаантай бөгөөд шалгалтын эцэст хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өндөрлөж, буруутнууд ял завшдаг.  Хамгийн сүүлд шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн үзэж түүнийг. Дуулиант Хөгжлийн банкны хэргийн хувьд УИХ-д хүртлээ өндрөө авч, тусгайлсан ажлын хэсэг гарч шалгасан. Улмаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн талаар тухайн үеийн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр сүр дуулиантай зарлаж байлаа.

Мөн Үндэсний аудитын газраас тус банкинд хийсэн шалгалтаар гурван их наяд төгрөгийн алдаа, зөрчил гарсан гэж гэрчилдэг. Хэргийн мөрөөр АТГ, ЦЕГ зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан ажлын хэсэг Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх  хэрэг дээр ажилласан байдаг. Гэвч энэ бүх ажил шүүх дээр бүдэрчээ.

Шүүхээс  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.6 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулаагүй гэж шийдвэрлэжээ. Ингэхдээ Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр”-т 10.9 төгрөг, Н.Мөнхбатыг Хөгжлийн банкинд 3.6 тэрбум  төгрөгийн төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан гэх прокурорын яллах дүгнэлтийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. 

Харин Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон лаа” компанид давуу байдал олгож, улсад 5.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ. Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгов. Уг нь прокуророос Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны харилцах дансан дахь хүүгийн орлогыг хязгаарлаж, 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан. Худалдаа хөгжлийн банкны барилгын 11, 12 дугаар давхрын  3,240 ам.метр талбайтай оффисыг  арван машины зогсоолын хамт зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр авч, бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаад байсан юм. Эдгээрийг 2016 онд УИХ-ын ажлын хэсэг болон аудитын дүгнэлтэд ч дурдсан байдаг.

Тухайлбал, төрийн аудитаас “Хөгжлийн банк арилжааны банкнаас үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй. Тухайн үед ижил төстэй МУИС-ийн номын сангийн 15,092 ам.метр талбай бүхий зоорьтой зургаан давхар барилга бүхэлдээ 19 тэрбум төгрөгөөр баригдсан байдаг. Энэ бүгдийг хавсаргаад хууль хяналтын байгууллагад өгч байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоосон тохиолдолд энэ мөнгийг Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх ёстой” хэмээн дүгнэсэн байдаг. Үүнээс гадна прокурорын байгууллага Н.Мөнхбатад “Мон лаа” компанид ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан.

Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг Н.Мөнхбаттай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзжээ. Тухайлбал, Б.Шинэбаатар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа “Кью Эс Си”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудаас ган бөмбөлөг авахдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Ч.Отгочулууг Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай бүлэглэн улсад 27.6 төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ. Шүүх эдгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болсон.

Тэд АН-ын эрх барьж байх үед буюу 2012-2016 онд дээрх албан тушаалуудад ажилласан бөгөөд Худалдаа хөгжлийн банк, түүний дэргэдэх “Монголиан коппер корпорейшн” компанийн удирдлагууд Монгол Улсын Хөгжлийн банкны мөнгийг ашиглан ОХУ-ын “Ростех” компаниас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад шууд болон шууд бусаар оролцсон хэмээдэг. УИХ, Засгийн газар болон хуулийн байгууллагуудын ажлын хэсэг ч үүнийг тогтоож байлаа. Энэ талаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 4-нд мэдээлэхдээ “Монголиан коппер корпорейшн” компани Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Монголбанк, Хөгжлийн банк зэргээс  зээл авч, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авсан” хэмээж байлаа. Тэгвэл энэ удаагийн шүүхийн шийдвэрээс харахад, 49 хувийг Монголд оруулж ирсэн хүмүүс ялж байгаа бололтой.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.203) 2021 оны 11 сарын 12

Шударга есны илдийг Хурэлсух биш Баттулга эргуулж байсан юмбиш байгаа гэсэн бодол торж байх чинь.

0  |  0
бухимдагч(103.57.92.92) 2021 оны 11 сарын 12

бүгд болцгоо! ташуураа далайцгаа! монголд байгаа бүх банкуудыг дээрэмдьё! яагаад гэвэл монголд хууль байхгүй. бусдаас өрсьё

0  |  0
Зочин(202.9.40.7) 2021 оны 11 сарын 12

ЭБИ СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ НЬ ХУЦ\n

0  |  0
ЗОЧИН(202.9.40.7) 2021 оны 11 сарын 12

ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ

0  |  0
ЗОЧИН(202.9.40.7) 2021 оны 11 сарын 12

ГОРЬДВОО

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 11 сарын 12

xutsvaa

0  |  0
Top