Жүжигчин Анжелина Жолитой “Marvel"-ын ээлжит бүтээл “Eternals”-д хамтран тоглосон солонгос жүжигчин олны анхаарлыг татаж байгаа билээ.
Анжелина Жоли, Ма Дон Сок нарын дотно тэврэлдсэн зураг сошиалд олон яриа дагуулсан юм. Тэгвэл Жоли, Дон Сок нар “Eternals” кинон дээр ажиллахад ямар байсан талаараа ярьцгаажээ.
Онлайн хэвлэлийн хурлын үеэр БНСУ-д боевик киноны од гэдгээрээ алдаршсан жүжигчин Ма Дон Сок “Eternals” кинонд хамтран тоглосон Анжелина Жоли, Сальма Хайек нарын жүжигчдэд гүнээ хайртай болсноо хэлээд “Зураг авалт эхлэхээс өмнө би бусад жүжигчидтэй ганц, хоёр удаа л уулзсан. Гэхдээ бид хурдан хугацаанд нэг гэр бүл болж, зураг авалтын үеэр сайн найзууд, гэр бүлийн гишүүд шиг нэг нэгэндээ анхаарал тавьсан. Энэ бол гайхалтай туршлага байлаа. Энэ бүхэн маань кинонд ч харагдана гэж бодож байна” гэжээ.
Ма Дон Сок “Eternals” кинонд супер баатар Гилгамешийн дүрийг бүтээсэн юм.
Тэрбээр жүжигчин Сальма Хайекийн талаар “Тэр яг л том эгч шиг байсан. Хүмүүст анхаарал халамж их тавина. Сальма кинонд удирдагчийн дүрд тоглосон. Гэхдээ тэр амьдрал дээр ч удирдагчийн чанар байдаг хүмүүсийн нэг” гэсэн байна.
Ма Дон Сок Анжелина Жолигийн талаар ярихдаа түүнийг биширснээ хүчтэй илэрхийлжээ.
Тэрбээр Жолигийн тухай “Тэр бол ер бусын хүн, гайхалтай жүжигчин. Түүнчлэн тэр үнэхээр сайн хүн. Жоли бусдад маш анхааралтай хандаж, бусад жүжигчдэд тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Би өөрөө энэ салбарт ажиллаад удаж байна. Харин Анжелина Жоли бол дэлхийн супер од. Гэхдээ надад бол бид нэг нэгнээ эртнээс мэддэг бөгөөд удаан хугацааны дараа нэг бүтээлд хамт тоглож байгаа найзууд шиг санагдсан. Анжелина Жоли надад “Чиний тоглосон бүтээлүүдийг үзсэн, тэр бүтээлүүдийг шүтэн биширдэг” гэж хэлсэн нь л надад хангалттай. Маш их талархаж байна” гэжээ.
Жоли хэвлэлийн хуралд гэнэт орж ирж, Ма Дон Сокийг чанга тэвэрсэн юм.
Тэр “Ма Дон Соктой хамт ажиллах зүүд шиг байлаа” гэсэн билээ. Жоли мөн “Би аль хэдийнээ түүний шүтэн бишрэгч болсон байсан. Ма Дон Соктой боевик бүтээлд хамтран тоглосон нь надад том туршлага боллоо” гэжээ.
Ма Дон Сок Marvel студи кинондоо түүнийг яагаад сонгосон талаар “Зургаан жилийн өмнө “Бусан хүрэх галт тэрэг” кино хилийн чинадад алдартай болоход би Холливудаас олон санал авч эхэлсэн. Надад боевик болон бусад супер баатруудын тухай кинонд тоглохыг санал болгосон. Харин би БНСУ-д олон төсөл дээр ажиллаж байсан болохоор цаг хугацаа олдохгүй байлаа” хэмээн ярьжээ.
Хэдэн жилийн өмнө Marvel-ын кастинг хариуцсан захирал Ма Дон Сокт “Eternals” кинонд Гилгамешийн дүрд тоглох санал тавиад “Чамайг үзээд алдана гэж маш их найдаж байна” гэж хэлжээ.
Тийнхүү Ма Дон Сок найруулагч Хлоя Жао, продюсер Нейт Мур нартай яриад дүрийн шалгаруулалтад оролгүйгээр Гилгамешт сонгогдсон байна.
Найруулагч Хлоя Жао түүний тоглосон бүтээлүүдийг үзэж, Гилгамешийн дүрд тохирох эсэхийг нь аль хэдийн харчихсан байжээ. Ма Дон Сок “Намайг энэ киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд авсанд маш их баяртай байна. Үүнийг нэр төрийн хэрэг гэж үзэж байна” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.
Ма Дон Сок нь 1971 оны гуравдугаар сарын 1-нд БНСУ-д төрсөн. 50 настай.
Тэрбээр БНСУ, АНУ-ын хоёр иргэншилтэй.
Тэр Колумбус их сургуулийг анагаахын чиглэлээр төгсжээ.
Ма Дон Сок нь түүний тайзны нэр аж. Жинхэнэ нэр нь И Дон Сок юм.
2005 оноос кино урлагт хүч сорьсон тэрбээр 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь “Бусан хүрэх галт тэрэг”, “Муу залуус”, “Eternals” зэрэг бүтээл юм.
Ма Дон Сок Еэ Жон Хва гэх жүжигчин бүсгүйтэй үерхдэг аж. Тэд 17 насны зөрүүтэй.
Сошиалаар явсан нэгэн хошигнол олон лайк, шейр авсан билээ. Хошигнолд Анжелина Жоли, Брэд Питт нарын Камбожоос үрчилж авсан хүү Мэддоксийг Ма Дон Сок, Жоли нарын дундаас төрсөн хүү хэмээгээд Брэд Питт тэднийг салгасан гэсэн байв.
Сэтгэгдэл ( 0 )