Токиогийн олимпын оролцогчдод энгэрийн тэмдгийг нь гардуулна

2021 оны 11 сарын 25

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт ОУОХ-ноос энгэрийн тэмдэг гардуулж өгдөг уламжлалтай. “Токио-2020” олимпод оролцсон Монголын тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардуулж өгөх ёслол арванхоёрдугаар сарын 1-ний лхагва гарагт МҮОХ-ны байранд болох гэж байна. Уг арга хэмжээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа хойшилсны эцэст ирэх сарын эхний өдөр ийн гардуулахаар болов.

Олимпын медальтан болон олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпод оролцогчдоо алдашруулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв.

Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.  Үүнээс хойш олимп бүрийн дараа медальтан болоод оролцогчид өөрийн орны Үндэсний олимпын хороогоороо дамжуулан энгэрийн тэмдгээ авдаг болжээ.

Энэхүү энгэрийн тэмдгийг Италийн Милан хотод төвтэй “Бертони” компанид урладаг. Тус компани олимпын энгэрийн тэмдгээс гадна хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом, UEFA-гийн цом (тухайн үеийн нэршлээр), UEFA-гийн супер цом зэргийг урладаг, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан компани юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top