Ерөнхийлөгчид хандсан санал 200,000 хүрлээ, ОДОО ЯАХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол охин ӨМГӨӨЛӨГЧ авахаар болжээ

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины эрхийг хамгаалж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт ЗАРГА үүсгэсэн билээ.

Хөх ордны нээлттэй самбарт үүсгэсэн заргад саналаа өгсөн хүний тоо одоогоор (2021.12.08-ны өдрийн 14:00 цагийн байдлаар) 203 мянга даваад байна.

Саналын тоо 200 мянга хүрсэн учир БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба ямар арга хэмжээ авахыг хүлээх үлдлээ гэсэн үг. 

Дөрвөн солонгос охинд зургаан цагийн турш зодуулсан хохирогч охины ээж болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга “Zolboo tv” youtube сувагт ярилцлага өгөхдөө "Өчигдөр БНСУ-ын хуулийн байгууллагуудаар явж, өмгөөлөгч хөлслөх зэрэг ажлуудыг хөөцөлдсөн" тухайгаа хэлсэн байсан.

Тэд Сөүлийн Дээд шүүхийн чадалтай гэсэн өмгөөлөгч нараас хоёрыг нь сонгож уулзжээ. Хоёр өмгөөлөгчийн алийг нь сонгож, өмгөөлүүлэхээ охин өөрөө шийдэх аж.

Дээрх хэрэг үйлдэгдсэнээс хойш таван сарын хугацаа өнгөрч, БНСУ-ын хууль, шүүхийн дүгнэлт гарчихсан ч охины хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгч аван ажиллах нь зүйтэй гэж охины гэр бүл үзжээ. Хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч тухайн сурагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзсэн байдаг.

Бусан дахь Монголын ЭСЯ-ны Консулын газар энэхүү хэрэгт онцгой анхааран ажиллаж байгаа аж. Хэргийн асуудлаар БНСУ дахь Монголын ЭСЯ дипломат шугамаар БНСУ-ын хууль, хяналтын байгууллага, холбогдох албаныхантай холбоотой ажиллаж байгаа гэжээ. Хохирогч охиныг туршлагатай өмгөөлөгч авахад туслахын тулд ЭСЯ-ны зүгээс төлөөлөл байлцаж, монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулж байгаа гэсэн байр суурийг мөн илэрхийлээд байна. 

“Zolboo tv” youtube сувгаар дамжуулан зарласан хохирогч охинд туслах аяны хүрээнд энэ сарын 7-ны байдлаар 7 сая гаруй вон цуглажээ. Охинд өмгөөлөгч авахад 10 сая гаруй вон хэрэгтэй. Мөн охины сэтгэл санааны хохирлыг барагдуулах, эмчлэх зэргээр эмнэлгээр явах шаардлагатай байгаа. 

Охины ээж “Манайх гурван хүүхэдтэй. Одоо дахиад хөл хүнд миний хувьд охиноо сэтгэл санааны үүрдийн хар толбоноос нь ангижруулахын тулд бүхнийг хийнэ. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Өмгөөлөгч авахад бэрхшээлтэй байсан үед хандивын аян зохион байгуулах боломжтой гэсэн саналыг тавьсан элэг нэгт монголчууддаа баярлалаа. Охинд минь туслахаар хандив өгсөн бүх хүнд хязгааргүй их баярлаж байна. Охин минь заримдаа хохирогч хэвээрээ л үлдсэн нь дээр юм байна гэсэн шиг нүдэнд нь нулимс цийлгэнэн, хуруу гараа оролдож байгааг харах маш хүнд байдаг. Би охиндоо “Миний охион, тийм биш. Хууль, шүүх гэж юм бий. Энэ хэргийг шийдвэрлүүлнэ гэж хэлдэг” хэмээн Zolboo tv сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан.

Хүний нутагт тухайн улсын хууль, шүүхийн дагуу монгол хүний эрхийг хамгаалах нь хүнд сорилт хэдий ч хэргийг дахин хянуулахаар ажиллана гэдгээ өмгөөлөгч нар хэлжээ. Хэрвээ солонгос охиныг сургуулийнхан нь хүчирхийлсэн бол уг хэрэг илүү нааштайгаар, хурдан шийдэгдэх байсан гэдгийг БНСУ-ын өмгөөлөгч нар хэлж байсан талаар хохирогч охины гэр бүлийнхэн ярьсан юм.

Охины ээжийн ярьснаар хэргийн талаар анх цагдаад мэдүүлж, хэзээ шийдэгдэхийг нь асуухад БНСУ-ын цагдаа нар уурлаж уцаарлан, “Бид нар завгүй байна” гэх зэргээр хойшлуулж байжээ. Иймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, охиныхоо эрхийг хамгаалж, сэтгэл санааны хохирлыг нь жаахан ч гэсэн арилгахаар өмгөөлөгч хөлсөлж байгаа талаараа ээж нь ярьсан юм.

Охинд туслах хүсэлтэй монголчууд “Монголд данс нээх” хүсэлт тавьсны дагуу 2.637.000 төгрөг хандиваар цуглараад байгаа талаар ээж нь ярилаа.

Сурагч охиныг зодож, хүчирхийлсэн хэрэгт холбогдсон солонгос хүүхдүүдийн хоёр нь "Давж заалдана" гэсэн байр суурьтай байгаа бол охиныг хүлж, зодсон дөрвөн охинд хуулийн дээд хариуцлагыг үүрүүлэхийн төлөө ажиллана гэдгээ монгол охиныг өмгөөлөгч мэдэгджээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200 мянгад хүрсэн тохиолдолд яадаг вэ?

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт үүсгэсэн ЗАРГА 30 хоногийн дотор 200 мянгаас дээш зөвшөөрсөн (동의) санал авснаар энэ асуудал БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрэх ёстой. Ингэснээр яллах дүгнэлтийг шинэчлэх тухай хэлэлцдэг гэх.

Монгол охины эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргээр Хөх ордонд хандан, цахим зарга үүсгэсэн шиг тохиолдол хамгийн сүүлд 2020 оны сүүлчээр гарсан юм. БНСУ-ын SBS телевизээр энэ оны нэгдүгээр сарын 2-нд гарсан мэдээлэл олныг цочирдуулсан юм. Сөүлд 16 сартай бяцхан охин үрчлэгдсэн эцэг, эхийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг БНСУ төдийгүй дэлхий даяар шуугиан тарьж, хүмүүс Хөх ордны цахим самбарт үүсгэсэн ЗАРГА-д нэгдсэн билээ. 

Сөүлд амьдардаг гэр бүлд үрчлэгдсэн бяцхан охин 271 хоногийн дараа биедээ хөхрөлт, гэмтэлтэйгээр нас барсан юм. Өмнө нь дөрвөн настай охинтой байсан тэр гэр бүл үрчилж авсан охиноо хэсэг хугацаанд өөрсдөө харна хэмээн Өдөр өнжүүлэхэд нь явуулаагүй гэсэн мэдээлэл байдаг. Дараа нь бяцхан охины бие хөхөрсөн байгааг харсан Өдөр өнжүүлэхийн ажилтан цагдаад мэдээлсэн ч охины аав, ээж “Массаж хийхдээ хэт хүчтэй дарсан бололтой” гэсэн мэдүүлэг өгч байжээ. 

Удалгүй охиныг автомашин дотор ганцаараа байна гэсэн мэдээлэл цагдаад ирсэн ч нотлох баримт, гэрч байхгүй гэх үндэслэлээр хэрэг хаагдсан байна.

Бяцхан охин 2020 оны аравдугаар сарын 13-нд эмнэлэгт нас барсан бөгөөд маш туранхай, яс нь хугарсан болох нь тогтоогджээ. Эцэг, эх нь түүнийг үрчилж авснаасаа хоёр сарын дараагаас хүчирхийлж эхэлсэн байж магадгүй гэсэн цагдаагийн дүгнэлт гарсан байна.


БНСУ-д ийм хэрэгт 15 хүртэлх жилийн ял оноодог ч хүмүүс бяцхан охиныг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноохыг шаардаж, ЗАРГА үүсгэсэн билээ. 230 мянган хүний гарын үсэг бүхий саналыг 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Хөр ордонд хүргүүлсэн юм.

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хуульчдын холбоо зэрэг хүний эрх, хүүхдийн эрх хамгаалах байгууллагуудаас хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн эцэг, эхийг цаазаар авахыг шаардсан. Үүн дараа Өмнөд Солонгосын эрх баригчид 2019 оноос хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэрэгт анхаарал хандуулан ажиллана гэж мэдэгдсэн ч байдал дээрдэж, дорвитой өөрчлөлт гараагүйд иргэд бухимдалтай байдаг аж.

Монгол иргэдийн эрх зөрчигдвөл ЭСЯ-нд шуурхай мэдээлэх хүсэлт тавьжээ

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Бусан дахь Консулын хэлтсээс Монгол иргэдийн эрх зөрчигдвөл ЭСЯ-нд шуурхай мэдээлэх хүсэлтийг БНСУ-ын талд тавьжээ.

Мэдэгдэлд “Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийн хүүхдүүд нь зүй бусаар харьцаж, сэтгэл санааны болон бие махбодийн хувьд хүчирхийлэн дарамталж, видео бичлэг хийсэн хэрэгтэй холбогдуулан Бусан дахь Консулын газар орон нутгийн хууль хяналтын болон холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа болно. Юуны өмнө манай хүсэлтийн дагуу хохирогч болон ар гэрийнхний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг БНСУ-ын Цагдаагийн газраас авч байна.       

ЭСЯ-наас уг хэргийг БНСУ-ын Гадаад хэргийн яаманд албан ёсоор тавьж Монгол Улсын иргэний эрх, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн тухай байр сууриа илэрхийлсэн бөгөөд уг хэргийг холбогдох хуулийн хүрээнд, хөндлөнгийн оролцоогүйгээр, шударгаар, ил тод, шуурхай шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд зохих ёсны шийтгэлийг ногдуулахыг мэдэгдсэн. БНСУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс нийгмийг цочроосон уг хэрэг явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хэргийг онцгойлон анхаарч, мөрдөн шалгаж буй хууль хяналтын холбогдох байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх, мөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хэргийг шуурхай, үнэн зөв шийдвэрлэх, мэргэшсэн өмгөөлөгчөөр хангах зэрэг Монголын талаас тавьсан хүсэлтэд дэмжлэг үзүүлж, хэргийн явцыг мэдээлж нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн" гэжээ.

Мөн "ЭСЯ, Бусан дахь Консулын газрын зүгээс хэргийг мөрдөн шалгах явцад хохирогчийн эрх хангагдаж буй эсэхэд хяналт тавих, эрхийг нь хамгаалах чиглэлээр Консулын тухай Венийн конвенци зэрэг олон улсын хуулийн хэм хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Уг хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хохирогч охин болон ар гэрийнхний сэтгэл санаа хүнд, мөн хувь хүний нууцтай холбоотойгоор хэргийн явцын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг иргэд та бүхэн ойлгохыг хүсье. Хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар холбогдох мэдээллийг ЭСЯ, Бусан дахь Консулын газраас тухай бүрд нь мэдээлнэ.

БНСУ-д оршин сууж буй манай иргэд, ялангуяа визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөх асуудал сүүлийн үед нэмэгдэж буйтай холбоотойгоор манай иргэдтэй холбоотой эрх зөрчигдсөн болон ноцтой гэмт хэргийн мэдээллийг ЭСЯ-нд тухай бүр шуурхай ирүүлж байх хүсэлтийг БНСУ-ын Цагдаагийн байгууллагад тавьсан бөгөөд энэ чиглэлээр Өмнөд Солонгосын талтай цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана” хэмээжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.212.117.241) 2021 оны 12 сарын 12

ЭСЯ,Консул нь солонгосын ТВ-ээр мэдээлэл цацагдаж ард түмний мэдээлэл шаардлага гарсанаар мэдэж аваад л одоо л хжиллаж байгаа юм байна хэрэг гараад 5,6сар болж байхад яагаад огт мэдээгүй байсан гэхээр гайхамшигтай хариуцлагагүй байсан юм биш үү . Хүний төлөө лав ажил хийдэгүй болтой.ГХЯ эдгээр хүмүүст ямар хариуулага тооцох бол доо?????

2  |  0
Top