Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол, Оросын найрамдлын 61 дэх жилийн өдрүүд болон ОШУСТ-ийн 45 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Эрдэнэт хотноо зохион байгуулжээ.
Эрдэнэт хотын ЕБС-иудын 12 дугаар ангийнхны төлөөлөл нийт 18 суралцагч оролцсон орос хэлний сонгон шалгаруулалт хоёр шаттай явагдаж, шалгарсан дөрвөн сурагч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д хүссэн мэргэжлээрээ 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулсан байна.
Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Х.Энгүүн шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тэргүүн байр эзэлжээ. Удаах байруудад, Б.Эрдэнэсувд (Эрдмийн сан сургууль), Батбаярын Агиймаа (Баян-Өндөр цогцолбор сургууль), Тилейханы Аянуур (Баян-Өндөр цогцолбор сургууль) нар жагслаа.
Мөн Оросын боловсролын стандартаар үйл ажиллагаа явуулж буй Оросын болон Орос-Монголын хамтарсан сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд нийслэл хотноо зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагчид болох А.Анужин, У.Номин нарт ОХУ-ын ЗГ-ийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардуулжээ.
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрх гэдэг нь Оросын тэргүүлэх их, дээд сургуулиудад бакалавр болон магистрын түвшинд 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй дүйхүйц боловсрол эзэмших боломж юм.
Сэтгэгдэл ( 0 )