Ц.Хосбаяр: Токиод би маш жижиг алдааг харж чадаагүйдээ харамсаж яваа...

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10


Ази тивийн аваргаас нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын хүндийг өргөлтийн спортын түүхэн дэх хамгийн анхны тивийн аварга болсон,  спортын ертөнцдөө чинхүү хайртай нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр улсын дээд амжилтыг 68 удаа шинэчлэн тогтоосон байдаг. 17-хон настайгаасаа мастер цол, 19 насандаа Олон Улсын хэмжээний мастер цол хүртэж байсан бахдам түүхтэй. Тэр бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор саяхан шагнагдсан, Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр юм.


-Таны хүндийг өргөлтийн спортод хөл тавьсан үеэс яриагаа эхэлье. Таныг монголчууд дасгалжуулагч Ц.Хосбаяр гэдгээр илүү сайн танина. Тамирчин болсон үеэ та бидэнд ярьж сонирхуулаач?

-1984 онд одоогийн өсвөрийн шигшээ баг маягтай, Т.Самбуу багшийн авсан өсвөрийн шигшээгийн хоёр дахь багт 10 настайдаа орж ирж байлаа. Түүнээс хойш 37 жил өнгөрсөн байна. Хурдан юм байна. Хүний амьдралын 37 жил гэдэг бас сайнтай, муутай тавиланг туулдаг юм байдаг. Энэ хугацаанд жаргал, зовлон бүгдийг тойрсонгүй, дайрч ирлээ.  

Тамирчин байх үедээ өсвөрийн УАШТ-д таван удаа, залуучуудын УАШТ-д дөрөв, насанд хүрэгчдийн улсын аваргад найман удаа түрүүлсэн байдаг.  Насанд хүрэгчдийн аваргын нэг нь Монголын бүх ард түмний спартакиад байсан.

Олон улсын амжилтын тухайд бол Ази тивийн аваргаас нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын хүндийг өргөлтийн спортын түүхэнд хамгийн анхны тивийн аварга болсон сайхан мөч бий. Тэр нь 1993 онд БНХАУ-д болсон тэмцээний амжилт. Тухайн үед н.Батзаяа маань мөнгөн медөль хүртэж, би аварга болж байсан түүхтэй.

“Алтанта-1996” алтан олимпод тамирчнаар оролцож байлаа. Харамсалтай нь, зүүн өвдөгний чагтан холбоос тасарсан. Тухайн үед АНУ-д хагалгаанд орж байсан. Шигшээ багийн Ч.Насанбат эмч багийн эмчээр ажиллаж байсан. Их харамсалтай зүйл болсон. Олимпын дэвжээнд өрсөлдөх гэж очоод гарч чадаагүй. Энэ дэвжээн дээр гарах гэж л тэр урт замыг туулж, зорьж ирсэн юм чинь гэж бодоод сүүлдээ гуйж, зөвшөөрөл хүсэж байгаад тэмцээн болсон дэвжээнд мөргөөд бууж байлаа. Америк тив надад нэг ээлгүй орон юм байна даа гэж тэр үеэс бодогдох болсон.  2015 онд шавь М.Анхцэцэгтэйгээ Дэлхийн аваргад оролцохоор Америкт очсон. Тухайн үед М.Анхцэцэг 18 настай байсан. Бэлтгэл дээр хийсэн амжилт нь насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас найдвартай медалийн болзол хангах хэмжээний тийм онцгой байсан. Гэтэл яг тэмцээндээ ортол Анхаа маань зургадугаар байрт орсон. Бас л нөгөө бодол дагаад байлаа.

Би ер нь шашин шүтлэгтэй хүн л дээ. Тийм болоод ч тэр үү, сэтгэлд нэг юм бодогдоод л байсан. Сүүлд Монголдоо ирээд бодсон. Манай М.Анхцэцэг цамхаг цуглуулдаг юм. Бид хоёр Америкт явж байхдаа нэг хар өнгөтэй цамхаг авсан байсан. Гэнэт нэг өдөр нөгөө цамхагийг нь будчихмаар санагдаад, 100 айл орж, шүршдэг алтан шаргал боронзон будаг аваад цамхагийг нь шүршчихэж билээ. Сэтгэл санаа ч таагүй зүйл бодохоо больсон. Тэр байтугай Америк тивээс олон ч сайхан шагнал авч эхэлсэн. Тухайлбал, 2017 онд М.Анхцэцэг маань насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медалийг тэндээс хүртсэн. Түүхэн бөгөөд давтагдашгүй том амжилтын эзэн болсон. Тэр огт санаанаас буудаггүй юм.

Би улсын дээд амжилтыг 68 удаа шинэчлэн тогтоосон байдаг. 17 настай мастер цол, 19 насандаа Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Тухайн үедээ хүндийн өргөлтийн түүхэн дэх хамгийн залуу Олон улсын хэмжээний мастер болж байлаа. Тамирчны хувьд бол ийм л нэг даруухан амжилт байна.
 

-Та Атлантагийн олимпын үеэр яагаад бэртсэн юм бэ. Тэр бэртлээс хойш тамирчны амьдралаас холдсон уу?

-Олимпоос ирээд хагалгаанд орох үед эмч хэлсэн юм. Бид хоёр 20 жилдээ сэдэрхээргүй өвдөгний хагалгаа хийлгэсэн. Чи санаа зовох хэрэггүй гэж. Тухайн үед би намайг тайтгаруулах гэж худлаа ярьж байна гэж эргэлзэж байсан. Хагалгаанд орсноос зургаан сарын дараа өвдөг маань эрүүл болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 25 жил өнгөрсөн байна. Өвдөж, сэдэрсэн зүйлгүй л байна. Би тухайн үед бэлтгэлдээ эргэж орохыг яараагүй. Одоо эргээд бодохоор би өөрийгөө ялж чадаагүй юм билээ. Өнөөдрийн өнцгөөс 26 жилийн өмнөх рүү очвол өөрийгөө ялж чадаагүй л гэж хэлнэ. Тухайн үед багш бол зөндөө хэлж байсан. Одоо зүгээр болсон юм чинь Дэлхийн аваргад оролцож болно гэж. Би болохоор өвдсөндөө эмзэглээд байдаг. Сүүлд нэг 1999 онд болсон Улсын аваргад оролцсон. Ерөнхийдөө би маш эрт зодог тайлсан хүн шүү дээ. 26-хан насандаа зодог тайлсан. Зодог тайлна гэдгээ Т.Самбуу багшдаа хэлэхэд эхлээд их загнасан. Манай багш их хатуу хүн л дээ. Сүүлд нь багш маань миний шийдвэрийг хүндэтгэн, хүлээж авсан. Ингээд зодог тайлснаас хойш жилийн хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Нэг өдөр зааланд ороод ирсэн чинь багш надад нэлээн олон дэвтэр өгч байна. Үүнийг үншаарай гээд... 20 гаруй дэвтэр байсан.  

Манай Т.Самбуу багш хүндийг өргөлтийн спорттой 52 жил холбогдсон хүн шүү дээ. Надад өгсөн тэр олон дэвтэр дээр өөрийн гараар бичсэн бүх төлөвлөгөө нь байсан. Миний өмнөх мундаг тамирчдыг бэлтгэж байсан төлөвлөгөөнүүд байсан юм. Тухайн үед би нөгөө дэвтрүүдийг нь нэг удаа уншаад л өнгөрсөн. Гэтэл багш намайг дасгалжуулагч болгохоор, тэр дэвтэр дээрх бүхнээ надад зааж сургахыг хүсэж, бодож байсан юм билээ. Намайг төлөвлөгөө бичиж ир гэдэг. Би бичээд очдог. Багш голдог. Ингэж хэд хэдэн эргэж буцсаар сүүлийнх дээр нь багш “Арай дөмөг болж” гэж хүлээн зөвшөөрч байлаа.

-Та анхны шавь нараа яаж бэлтгэж эхэлсэн бэ?

-62 дугаар сургууль, Толгойд зэрэг хэд хэдэн газраас хүүхдүүд ирдэг байсан юм. Тэд миний хамгийн анхны шавь нар байсан. Хүүхдүүд маань одоо их сайн яваа. Дараагийн үеийнхэн гэвэл манай М.Анхцэцэг, Х.Баянмөнх, Б.Цэнд-Аюуш гээд сайхан тамирчид байна. Ингэж би дасгалжуулагч болох гараагаа тавьж байсан юм байна.

Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн. Манай Т.Самбуу багш Москвад таван жил сурсан. Тэр таван жилийн туршлагаа жил хагасын дотор базаж, надад зааж, сургасан. Тухайн үед С.Хөхөө багш маань эмэгтэй тамирчдыг бэлддэг байсан. Н.Баярмаа маань дөнгөж бэлтгэл хийж эхэлж байсан үе. Багш эмэгтэй тамирчдын бэлтгэлийн талаар юм хэлж байгаагүй. Харин эрэгтэй тамирчид ингэдэг шүү гэх мэт дасгалжуулалтын арга техникээсээ нэг бүрчлэн хуваалцаж байсан. Багш маань өөрийнхөө мэддэг бүх зүйлийг надад харамгүй зааж үлдээсэн.

-Шигшээ багт та хэдэн онд ирсэн билээ. М.Анхцэцэг тантай хэдэн оноос бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-2011 онд “Самбуу сан" клуб байгуулагдаж, намайг дасгалжуулагчаар томилсон. Мөн Холбоо шийдвэр гаргаж, өсвөрийн шигшээ багтай ажиллах санал тавьсан. Энэ үеэс л М.Анхцэцэг шавьтайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Энхтамир, Дэнсмаа гээд цөөхөн охинтой байсан. Манай хүүхдүүд 2014 онд Тайландад болсон өсвөрийн Азийн аваргаас мөнгөн медаль, залуучуудын Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж эхэлсэн.

Эмэгтэй багийн хамгийн анхны амжилт М.Анхцэцэгийн маань амжилт байсан. Манай улс Дэлхийн аваргын ганцхан медальтай байсан юм. 1978 онд н.Энхбаатар ахын маань хүртсэн залуучуудын Дэлхийн аваргын медаль байдаг.  Өнөөдрийн өнцгөөс эргээд харахад, том амжилт яригдах нь байна шүү дээ. Одоо бидэнд насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хоёр хүрэл медаль байна. Залуучуудын дэлхийн аваргын нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль байна. Оюутны дэлхийн аваргын гурван алт, нэг мөнгөн медаль байна. Дэлхийн цомын 70 орчим медаль байдаг. Тивийн аваргын медалийг тоолохоо ч больсон байна даа.

-Эмэгтэй хүн хүнд төмөр өргөөд, хүйтэн шалан дээр өдрийн турш бэлтгэл хийнэ гэдэг маш хэцүү. Танд энэ төрлийн эмэгтэй тамирчидтай ажиллахад ямар бодол, сэтгэгдэл төрдөг вэ. Шавь нараа эмэгтэй хүн гэдэг талаас нь өрөвдөж хайрлах тийм мэдрэмж ямар хэмжээнд байдаг бол?

-Эмэгтэй хүн өөрөө их нандин ертөнцтэй шүү дээ. Эрэгтэй хүнд ч гэсэн өөрсдийн ертөнц бий. Гэхдээ эмэгтэй хүн бол ер бусын ертөнц. Би өөрөө ер нь хатуу, ширүүн талдаа хүн. Заримдаа энэ хэдийгээ арай л хэтрүүлчихэв үү гэж бодогдох үе байна. Одоо энэ хэд маань ярьдаг юм. Та тийм хатуу, чанга байгаагүй бол бид нар өдий зэрэгт хүрэхгүй байсан байх гэж. Тухайн үед та толгой илээд, зөөлөн хандаад байсан бол дундаас нь шантраад, орхиод явчих байсан байх ч гэж ярьдаг. Яг энэ мөчид Гавьяат тамирчин Н.Баярмаагаа дурсахгүй байж болохгүй. Энэ зааланд ганцхан Н.Баярмаа л бэлтгэл хийдэг байсан юм шүү. Хажууд нь хоёр, гуравхан залуу бэлтгэл хийдэг. Хүндийг өргөлтийнхөө энэ буйдхан заалыг өөр багийн заал болгохгүй үлдээхийн төлөө тэр жаахан эмэгтэй ганцаараа шахуу зүтгэсэн. Хөдөлмөрлөсөн. Хүндийг өргөлтийн спортынхоо нэр хүнд, амжилтыг олон жил үүрч дүүрч явсан. Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Баярмаа гэдэг охин зовлогоо зовоож, тэмцэж байж өнөөдрийн энэ заалыг авч үлдсэн нь үнэн юм шүү. Н.Баярмаа маань булган сүүлтэй. Н.Баярмаадаа бол үеийн үед баярлаж явахаас өөр арга байхгүй. Одоогийн энэ хүндийн өргөлтийн эмэгтэй баг маань Н.Баярмаагийн гаргасан замаар алхаж яваа гэдгийг би охиддоо хэлж ойлгуулах дуртай. Өвдөг хүрсэн хунгар дотор эхлээд алхах хэцүү шүү дээ. Харин хүний алхсан мөрөөр алхвал арай хялбар. Дахиад түүнийх нь араас алхвал бүр хөнгөрнө. Үүнтэй адил юм. Тэнгэрт байгаа хэдэн буурал, хүндийн өргөлтийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон хүмүүсийн ач буянаар би өнөөдөр их спортын өндөр алдар гавьяа хүртээд, өнөөдрийн энэ ертөнцөд амьдарч байгаа гэж сүслэж боддог.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 

 

-Хятадад хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг тамирчин гэхэд хэдэн саяараа байна гэдэг. Тэр мөн ч том өрсөлдөөн, том хүч. Ингээд өөрсдийнхөө тамирчдыг бодохоор тэдний амжилтыг голж шилж, харьцуулах боломжгүй юм шиг заримдаа санагддаг?

-Хятадад хүндийг өргөлтийн 3 сая гаруй тамирчин байна гэсэн статистик байдаг. Гурван сая хүнээс дэлхийн шилдэг найман тамирчин сонгоно гэдэг бол үнэхээр шилдгийн шилдгийг сонгож байгаа хэрэг. Монголын хувьд хүндийг өргөлтийн спортоор тууштай хичээллэж байгаа 200 орчим тамирчин байна. Эдний маань 70 орчим хувь нь эмэгтэйчүүд. Үүн дотроос мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа 30 орчим тамирчин байна. 30 орчим тамирчинтай өрсөлдөөд, дэлхийд гарч, дэлхийн том тамирчидтай хүч үзэн, медаль авч чадаж байна гэж бодохоор монгол эмэгтэй хүний ген үнэхээр хүчирхэг байгаа юм.  Ер нь би манай монгол охидын чадамж, тэсвэр тэвчээр үнэхээр өндөр байна уу гэж хардаг. Өөрийнхөө хувиар. Аль ч спортын төрөлд ялгаагүй. Та нар сүүлийн үед спортынхны гаргасан амжилтыг эргээд бодоорой. Тив, дэлхийн тэмцээнээс авч байгаа медалийн хэдэн хувийг эмэгтэй тамирчид авч байна вэ гээд харвал дийлэнх нь байгаа байх шүү. Монголын эмэгтэй тамирчдын ген гайхамшигтай. Тэр гайхамшгийг орчин үеийн спортын онол, арга зүйтэй хослуулах хэрэгтэй. Энэ л дутаад байна. Өнөөдөр та бүхэн харж байна. Бид зааландаа тогоо, шанагатай ноцолдоод, хоол хийгээд сууж байна шүү дээ. Өлсөхгүй, ядрахгүй байхын тулд тамирчид маань бэлтгэлээс бэлтгэлийн хооронд ээлжилж хоолоо хийгээд сууж байна.  Ийм харьцангуй ялгаан дунд бид байна. Монголын хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчдын амжилтыг багш нь гайхамшиг гэж боддог. М.Уранцэцэг, Д.Сумъяа, М.Анхцэцэг, чөлөөт бөхийн охидууд, боксын охидууд гээд тэд маань мундаг юм аа.  

-М.Анхцэцэгийн талаар тантай ярилцахгүй байхын аргагүйг ойлгоорой. Анхаа амаржиж, ээж болсныхоо дараа бэлтгэлдээ эргэж ирэхдээ ямар байв. Дасгалжуулагчийн хувьд нялх биетэй ээжийг бэлтгэл хийлгэх танд хэцүү санагдаж байсан уу?

-“Токио-2020” олимпын өмнө Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос гурван цикл зарласан. Эхний цикл дотор нь заавал тэмцээнд орох ёстой. Гурван циклд 1-2 тэмцээнд заавал оролцох ёстой гэсэн хатуу шалгуур тавьж байсан. Тийм болохоор М.Анхцэцэг төрөөд яг гурван сарын дараа бэлтгэлд орохоос өөр аргагүй байдалд орсон.

Миний хувьд анх удаа л тамирчин маань ээж болоод гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэж ирсэн ийм явдалтай нүүр тулсан. Бид хоёр хоёулаа ямар ч туршлагагүй байсан. Маш олон найз, эмэгтэйчүүдийн эмч нартай зөвлөсөн. Би яах ёстой вэ. Төрсний дараа эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт ордог юм бол, яах ёстой юм бол гээд асуулт дэндүү олон байсан. Монголынхоо том том багш нартай уулзсан. Бүгд мэдэхгүй, туршлага багатай байлаа. “Надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Яах ёстойг мэдэхгүй байна” гэдэг. Эмч нар бол анагаах ухаан талаасаа тайлбарласан. Төрсний дараа хүний биед бүхэлдээ өөрчлөлт ордог юм шүү гэдгийг захисан. Тийм учраас бага ачаалал өгөх хэрэгтэй гэсэн.

Ингээд Анхаа маань төрснөөсөө хойш гурван сартайдаа бэлтгэлд орж, дөрвөн сар гаруйн дараа Хятад руу Азийн аваргад орохоор явсан. Очихдоо бол медаль авах гэж зорих биш зүгээр л оролцоход хангалттай гэж бодсон. Азийн аваргад орохын тулд найман кг жин хассан. Нэг кг гаруйг хасах үлдсэн үед жин нь зуурч эхэлсэн. Хөлс юу ч гарахаа болиод, саунд орлоо. Хүйсийн ялгаа гардаг тул багш нь хамт орж болохгүй. Нилээд хүлээлээ. Чимээ байдаггүй. Сүүлдээ заавал орж, уулзах хэрэгтэй байна гэж биеийн байдал, учрыг нь тайлбарлаж хэлсээр байгаад зөвшөөрүүллээ. Яваад ортол охины маань хөхний сүү нь гоожоод, цамц нь нэвт норчихсон сууж байсан (Нулимс нь цийлэгнэв). Сэтгэл өмрөөд л явчихсан. “Амь биш, заяа биш хэрэггүй. Тэмцээнд орохоо больё” гэлээ. Гэтэл манай Анхаа “Би энд өөр зорилготой ирсэн. Миний энэ зорилгыг битгий ухраагаарай” гэж хэлээд, намайг гаргасан.  Анхаа маань ийм байдалтай жин хассаар тэмцээндээ орсон. Тэмцээн эхлэх үед ч би дахиад л болиулах гэж оролдсон. Дасгалжуулагч хүний нүдээр харахад үнэхээр хүнд байдал харагдаад байсан. Тэр тэмцээн хамгийн хэцүү тэмцээн байсан. М.Анхцэцэг бид хоёр арав гаруй жилийг багш, шавийн барилдагаар туулж байна. Их хэцүү, өрөвдмөөр тэмцээн тэр байсан. Манай Анхаа шартай. Зүтгэсээр байгаад л мөнгөн медаль аваад дэвжээнээс бууж байсан хүн дээ. Миний хувьд хамгийн амттай медаль нь энэ мөнгөн медаль санагддаг юм.

Анхаа сүү ихтэй. Сүүгээ саах бүрт 200 гр орчим сүү гарна. Өвөг дээдэс маань хөхний сүү битгий асгаарай гэдэг байсан болохоор тэмцээнд явахдаа ариун сүүгээ багшдаа өгнө. Хөхний сүү их уухаар бялуурдаг юм билээ. Сүүгээ саагаад л өгнө. Би түр байж байгаад ууя гэнэ. Долоо, найм удаа уусан байх. Өрөвдмөөр, сонин гэмээр ийм түүхүүд энэ тэсвэр тэвчээртэй охинд маань бий. Одоо намайг зорьж ирээд эмэгтэй хүн төрсний дараа ямар бэлтгэл хийх талаар асуувал нэлээд үнэтэй зөвлөгөө өгөх хэмжээнд оччихсон байх шүү. Төрсний дараа бэлтгэлд орж байгаа хүнтэй эвээр харьцахгүй бол болдоггүй. Хөнгөн дасгал хийж, жижиг булчингуудыг ажиллуулж байгаад дараа нь том булчинг ажиллуулах хэрэгтэй гэх мэтчилэн нарийн зүйлс олон байна.  

Анхаа бид хоёрт алдсан зүйл цөөнгүй байсан. Шууд штанг өргөж, хэт их ачаалал авч явсан байсан. Үүнээс шалтгаалсан ядралт, ясны ядаргаа гэдэг зүйлтэй нүүр тулсан. Хоёр жил орчим болж байж наашилж байна. Одоо л охин маань хэвийн байдалдаа бүрэн орж байна. Эмэгтэй хүн, ялангуяа эмэгтэй тамирчид ийм нэг хүндээс хүнд замыг туулдаг.



-Сэтгэл зүйн тал дээр нь та ямар зөвлөгөө өгдөг вэ, тамирчдадаа. Анхаа жишээ нь сэтгэл зүйн хувьд ямар онцлогтой тамирчин бэ?

-Хүндийг өргөлтийн спорт бол өөрийгөө л ялдаг. Бөх бол хүнтэй өрсөлдөнө. Хоёр хүн хоорондоо өрсөлдөж байгаа бол нэг юм бодно шүү дээ. Цохиход нь зөрүүлээд цохино, хөл алдахад нь ийм мэх хийнэ гэж. Штанг бол тийм биш. Зүгээр л өмнө чинь төмөр байх болно. Чи өөрийнхөө сэтгэл зүйг ялж, өөрийгөө ялж байж л тэр төмрийг өргөж чадна. Энэ бол хүндийг өргөлтийн спортын онцлог. Тамирчнаас өөрөөс нь маш өндөр хэмжээний сэтгэхүй, сэтгэл зүй шаарддаг хүнд төрөл. Хамгийн эхэнд нь айдсаа ялах ёстой сэтгэлзүйн спорт. 190 кг жинтэй төмөр өргөх хэцүү шүү дээ. Эргэлзэнэ. Эргэлзээ гаргахгүйн тулд өөрийнхөө сэтгэхүйг ялах хэрэгтэй. Энэ л хамгийн чухал.

Хор шартай гэхээс илүү зорилготой байх хэрэгтэй. Өөрийнхөө зорилгыг тодорхойлчихсон хүн шал өөр байдаг. Их өөр ертөнц харагддаг.

Байгаль чамд маш том бүтээгдэхүүн бэлдээд өгчихсөн, бие бялдар, хүчний талаар маш том зүйл өгчихсөн мөртлөө тархинд чинь юм өгөөгүй бол яаж ч чадахгүйн жишээ маш олон байна. Тамирчид дээр харагддаг. Ер нь ямар ч спортод өмнө нь нэг манлайлагч байхад том зүг чиг болдог. Тэр манлайлагчаа хараад энэ хүн ийм мундаг байхад би яагаад болохгүй гэж гэхчлэн урам зориг авдаг. Энэ нь эмэгтэй хүн дээр бүр давамгай илүү харагддаг. Тийм ч учраас эмэгтэй багийн амжилт нэгийгээ дагаж өсдөг.

-Тамирчдынхаа сэтгэл зүй, биеийн байдал, характер, дотоод хүчийг тэмцээний өмнө та яаж бэлддэг вэ?

-Хүн болгон өөр, хүлэг болгон жороогүй гэдэг шиг тамирчин бүр өөр. Үүнийг нь багш зүрхээрээ мэдрэх ёстой. Багшийн торгон мэдрэмж маш их хэрэгтэй. Медалийн төлөө тэмцээнд орох гээд зогсож байхад нь үнсэх үү, загнах уу, цохих уу, эсвэл ярилцах уу гэдгийг дасгалжуулагч шийднэ. Энэ бол миний бодол. Би тамирчидтайгаа тэгж харьцдаг.  М.Анхцэцэгт бол их юм хэлдэггүй. Нүдийг нь харахад л ойлгомжтой байдаг. Харин Анукаг бол загнаж болдоггүй. Жаахан магтах хэрэгтэй. “Чи чадна шүү” гээд урам зориг өгдөг. Билгээд бол хатуухан үг хэлчихдэг. Энэ мэтээр хүн бүрт тааруулж өөр өөр харилцах шаардлага гардаг. 

-Тэгвэл дасгалжуулагчдын сэтгэл зүй, ухаан бодол тэмцээний өмнөх өдрүүдэд хэрхэн өөрчлөгддөг бол. Та өөрийгөө тэмцээний өмнө яаж бэлддэг вэ?

-Тамирчин байхдаа нэг талаар их жаргалтай байж дээ. Өнөөдөр эсвэл маргааш нэг сайхан үзчихвэл боллоо доо гэсэндүү маягтай. Өөрөө дасгалжуулагч болчихоод харахаар хоёр багшийгаа өрөвддөг юм. Ямар их зовдог байсан юм бэ дээ гэж... Тэр сайхан бөгөөд хэцүү зовлонг одоо эдэлж явна даа. Амьдралын жам юм байлгүй дээ. Тэмцээний өмнө маш хэцүү. Маш их зүйл бодож, тунгаадаг. Тэмцээний өмнөх шөнө нойр муутайхан хонодог. Яах билээ гээд маш олон хувилбараар боддог. 12-13 хоног бусад тамирчдын захиалга бодогдоно. Зургаан оролт байна гэж тооцохоор 60-70 удаагийн захиалгыг өөр өөр хувилбараар бодож тооцоолно. Өөрийнхөө тамирчны захиалгыг бодно. Бие халаалтыг бодно гээд л хамгийн энгийн жишээ нь энэ.

Тамирчдыг ялагдахаар “Манай тамирчид зугаалж байгаад ирж байгаа юм уу” гэх мэтээр тамирчид руу чиглэсэн сөрөг сэтгэгдлүүд их ирдэг. Тэрийг уншуулахгүйн тулд тамирчдаа сошиалаас хол байлгадаг. Ярилцмаар байвал надтай ярилц гэдэг.

Сая Токиогийн олимпод бид хоёр өргөлтүүд алдлаа. Дараа нь яагаад алдчихав аа гэж их удаан бодсон. Сэтгэл зүй дээр нь алдчихсан юм болов уу... Яав, юу болов гэсэн бодол ухаан санаанаас гарахгүй л яваад байсан. Бид хоёр маш нээлтэй, дотно ярилцдаг. Тийм болохоороо сэтгэл зүй ямар байсан талаар  нь асуутал "Маш өндөр байсан, эргэлзээгүй" гэж хэлсэн. Ингээд ярилцаад, бодож үзсээр байтал би маш жижигхэн зүйл дээр алдсан байсан. Огцом өргөлтийн барилт дээр. Нэг хурууг таллаад, 5-6 орчим мм л холдуулчихсан бол бүх өргөлт амжилттай болох байсан гэж дүгнэлт хийсэн. Түүнийг л би хараагүй байсан (Юм бодож хэсэг суулаа). Токиогийн олимпоос ирээд зааландаа бэлтгэл хийж байгааг нь илүү анхааралтай харж, ажиглалт хийсэн. Гэтэл мөр нь жаахан урагшаа бөгтийгөөд болдоггүй. Хоёр гарных нь зайг жаахан холдуулаад үзтэл зүгээр болчихсон. Тийм л жижигхэн алдааг хараагүй өнгөрсөн байна лээ. Энэ нь би маш их бухимдсаны шинж байх. 

Тамирчин маань биш би өөрөө бухимдаад байсан байна. Бухимдсан хүн чинь төлөвлөгөөндөө бүх анхаарлаа хандуулаад, хоёр талаас нь харчихаад хойноос нь нарийвчилж хараагүй өнгөрсөн байна. Одоо бодоход би өөрөө маш их бухимджээ л гэж өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Үс маань цав цагаан болсон. Тавдугаар сард хар үстэй л байсан юм. Токиогийн үеэр цав цагаан толгойтой болсон. Тэгтлээ үс цагаан болно гэдэг маш их стресстэй байсных. Ингээд бодохоор дасгалжуулагч байна гэдэг тийм ч амар ажил биш юм байна. 

-Гэхдээ та хоёрын үзүүлсэн дүнг монголчууд амжилт хэмээн хүлээн зөвшөөрсөн. Маш сайхнаар хүлээж авсан шүү дээ?

-Токиогийн олимпыг монголчууд шууд дамжуулсан нь их сайхан байсан. Манай Монголын телевизүүдийн холбоо бол үнэхээр том ажил хийсэн.

Олимпоос ирсний дараа "Яаж ганцаараа дасгалжуулагч хийгээд байв аа" гэж маш олон хүн асуусан. Бусад орны багийг харахад гурван дасгалжуулагчтай гарч ирж байгаа биз. Уг нь тийм байх ёстой юм. Нэг нь самбар хянаж байдаг. Өөр нэг дасгалжуулагч нь нөгөө баг тамирчдыг ажиглаж, зөвлөгөө өгнө. Захиалгаа өргөж чадах хэмжээнд байгаа эсэхийг нь харна. Үндсэн дасгалжуулагч нь дэвжээн дээр тамирчнаа халааж байдаг.

Бидэнд тийм боломж байхгүй учраас ганцаараа гүйхээс аргагүй. Ингэж бүгдийг нь зэрэг хараад дассан байна. Болоод л байдаг юм. Гурван хүний ажлыг ганцаараа хийх амаргүй ч болгоод л байдаг юм. Гэхдээ алдаа гарах магадлал байх нь харамсалтай юм. 

-М.Анхцэцэг маань дасгалжуулагчгүйгээр тэмцээнд явж байсан үе бий. Энэ тухай яривал. Тамирчнаа дасгалжуулагчгүй явуулах танд маш хүнд байсан уу?

-Оюутны дэлхийн аварга Мексикийн Меринда хотод болсон юм. Түүнээс долоо хоногийн өмнө залуучуудын Азийн аварга Японд болсон байлаа. Тухайн үед нэг хүний зардал 17-18 сая төгрөг болж таарсан. Бид гүйж байгаад нэг хүний зардал олоод М.Анхцэцэгийгээ явуулж байлаа. Тамирчиндаа бол явахгүй гэдгээ хэлээгүй, "Хамт явна аа" гээд худлаа хэлчихсэн. Тэгээд бүр явтал нь сэтгэлийг нь тайван байлгахын тулд онгоцны буудал дээр чемоданаа аваад очиж байгаа юм. Бүртгэл хийлгэх боллоо. Тэгэхээр нь Анхааг "Чи орж бай, багш нь араас чинь орьё" гэж хэлээд онгоцонд нь суулгасан. Орсон хойно нь 10 минутын дараа “Багшийгаа уучлаарай. Сайн яваарай миний хүү” гэсэн чинь гомдоод  "Би энэ тэмцээнд явахгүй, онгоцноос буулаа" гээд зүтгээд байсан. Гэсэн ч тайвшруулаад явуулсан.

Анхаа ингэж яваад Токиод залуучуудын Азийн хошой аварга болсон. Аварга болох нь ч тодорхой байсан. Цаашаа үргэлжлүүлээд Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцаараа явсан. Бид хоёр цаг, минут тутамд ярьж байлаа. Тэмцээндээ ч орсон. Хамгийн харамсалтай нь, Анхаа тэр тэмцээн дээр бэртэл авсан. Гурав дахь оролтод орох хэрэггүй байсан юм гэж би одоо ч их харамсдаг. Гурав дахь оролтод орж байгаад тохойгоо гэмтээчихсэн. Би мөнгөтэй байгаад, дагаж яваад хажууд нь байсан бол тэр оролтыг хаах байсан юм. "Чи түрүүлчихлээ, одоо болно оо" гээд зогсоох байсан. Тийм гунигтай үе бас бидэнд тохиолдсон.

-М.Анхцэцэгт маань гадны орнуудаас иргэншлийн санал олон ирсэн гэж ярьдаг. Яг дэргэд нь байдаг хүний хувьд та энэ тухай ярьж өгөөч. Өөрөө үнэхээр явахыг хүсээгүй юу. Эсвэл эргэлзээ байсан уу?

-БНСУ-аас хамгийн том саналыг тавьж байлаа. 2016 онд гэрээ хийсний төлбөрт нь гэхэд 500 сая вон амласан. Тэгээд 10-12 мянган ам.долларын цалинтай. Нөхцөл нь 2024 оны олимп дуустал Өмнөд Солонгосын иргэн байх. За тэгээд, Узбек, Канад, АНУ-аас санал ирж байлаа. 

-Гадны улсуудын санал холбоо руу ирэх үүАНУ-аас бас ирж байсан санагдаж байна?

-Ийм саналууд Холбоо руу ч ирнэ, дасгалжуулагчийн хувиар над руу ч ирнэ. Америкийн санал бол боломжийн байсан. АНУ-ын иргэн болохгүйгээр их сургуульд нь үнэгүй суралцаад, тэр хугацаандаа харин тухайн сургуулийнхаа нэрийн өмнөөс тэмцээнд орох нөхцөлтэй байсан. Анхаа хамгийн сонин нь бусад улс орноос санал ирлээ гэсэн ийм зүйлийг ерөөсөө авч хэлэлцдэггүй. Нэг нүдээрээ ч хараагүй. Ийм тийм санал ирлээ, багш нь танилцуулах уу, ярих уу, яамаар байна гэхээр харахгүй, сонсохгүйгээр л шууд "Үгүй ээ" гэдэг байсан.

Би бол охиныхоо амьдралыг бодоод "Энэ бол амьдралын чинь баталгаа шүү, явах хэрэгтэй" гэж нэг бус удаа хэлж үзсэн. Ярилцаж үзэх гээд ер нь бараагүй. 

Анхаа сүүлд нэг л үг хэлсэн. “Би яагаад Монгол Улсын туг далбаагаа бариад олимпын медалийн тавцан дээр зогсож болдоггүй юм бэ...” гэж. Хоолой нь зангираад тэгж хэлсэн. Үнэхээр сэтгэлд юм бодогдтол хэлсэн. Одоо ч бодоход хоолой зангирч байна. Анхаагаас өөр хүн байсан бол явах байсан байж магадгүй ээ (Хоолой нь зангирав). Сүүлд нэг ярилцлага өгсөн байсан даа.

М.Анхцэцэгийн маань дүү нь түлэгдээд, биеийн байдал нь хүндэрсэн шүү дээ. 60 сая төгрөгөөр Өмнөд Солонгост эмчлүүлэх хэрэгтэй болсон. Монголын ард түмний сайхан сэтгэл, хандив тусламжаар тэр мөнгө 10 хоногийн дотор цугласан юм шүү дээ. Анхаа энэ явдлын дараа ярихдаа "Би дүүгээ өвдөөд, мөнгө хэрэг болсон тэр үед өөрийгөө буруутгаж байсан. Тэр олон санал ирж байхад гадагшаа явах минь яав даа. Тэгсэн бол би бусдаас мөнгө гуйхгүйгээр дүүгээ эмчлүүлж чадах байсан гэж эхэндээ бодож байсан. Гэтэл арваадхан хоногийн дараа ард түмний сайхан сэтгэлээр дүүгийн минь эмчилгээний зардал бүгд бүтсэн. Тэгээд би гадагшаа яваагүйдээ өөртөө баярласан. Гаргасан шийдвэртээ улам итгэлтэй болсон" гэж ярьсан байдаг. Энэ яриа, энэ сэтгэлзүйн дунд маш их зай бий шүү. Одоо бол би охиндоо Монголоосоо яваагүйд нь баярлаж явдаг. 

Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг 2016 оны олимпын циклд нэг тамирчин, нэг дасгалжуулагчтай олимпод оролцож байсан бол өнөөдөр бид 12-уулаа болсон байна. Төр засаг биднийг амжилт гаргаж чадна гэдгийг М.Анхцэцэгээр төсөөлүүлэн харж, итгэж, дэмжлэг үзүүлж байна. Охины маань хийсэн буян олон хүнд ирсэн дээ. Охиндоо их баярлаж, хайрлаж, бахархаж явдгаа багшийн хувьд энэ ярилцлагадаа хэлэхийг чин сэтгэлээс хүсэж байна. 
 


-Токиогийн олимпод хэдийгээр М.Анхцэцэг маань дөрөвдүгээр байрт орсон ч гэсэн Монголын ард түмэн та бүхнийхээ амжилтаар бахархаж, халуун дулаанаар хүлээж авсан. Медальд тийм ойрхон ирээд буцахад таны сэтгэл дотор яг ямар бодлууд урсаж байв. Анхаа тэмцээн дуусгаад бууж ирэхэд бодит байдал дээр сэтгэл зүй нь ямар байсан бэ. Та хоёр тэр үед яриагаа юунаас эхэлсэн бэ?

-Тоон үзүүлэлттэй учраас манай спорт харьцуулахад их амархан. Медальд орох нь тодорхой гэж харагдаж байлаа. Гэтэл бид хүрэл медалийн боломжоо алдаж, охин маань дэвжээнээс уйлаад бууж ирсэн. Мэдээж би хамгийн түрүүнд тайвшруулах үг хэлэх ёстой. “Битгий уйл. Нас чинь залуу байна охин минь. Чи Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд маш том амжилт гаргасан, сайн охин” гээд л аргадлаа. Хөөрхий, охин минь юу ч ярихгүй, хэсэг уйлж байгаад арай тайвширсан. Гэтэл тамирчнаа тайвшруулах ёстой би өөрөө багтарч, уйлчих гээд болдоггүй. Хажууд нь уйлж болохгүй шүү гэж өөртөө хэлээд, нулимсаа залгилаа. Өөрийгөө бариад, инээж ч үзлээ. Дотор огшоод, үнэхээр хэцүү... Тэмцээний заалнаас олимпын тосгон орох хүртэл бид хоёр нэгэнтэйгээ юу ч дуугараагүй. Би дотроо юу ч болоогүй юм шиг царай гаргах гэж их хичээсэн. Анхаа Олимпын тосгонд очоод цүнх, хувцсаа тавьчихаад "Хоолонд орлоо" гэдгээ хэлээд гарлаа. Өрөөнөөс гараад, хаалга хаагдангууд л шууд нулимс асгарсан. Тэгж байж арай онгойсон. Тайвширч аваад гартал Анхаа Олимпын таван цагаригтай хөшөөний дор нэлээд уйлж байгаад тайвширсан бололтой сууж байсан. 

Би тоглоом болгоод “Өнөөдөр орой чи бид хоёрын сошиалд нүдүүлэх цаг шүү. Сэтгэлээ бэлдээрэй” гэлээ. Гэтэл эсрэгээрээ дүүрэн баяр хүргэж, эерэг сайхан үгсээр урам зориг өгсөн байсан. 

Монголын ард түмэн маань М.Анхцэцэгт найдаж, медаль авна гэж итгэж, хүлээж байсан нь үнэн. Тэгж их итгэж, хайрлаж явдаг юм байна. Харамсалтай нь, бид хоёр тэр амжилтад энэ удаа арай л хүрч очсонгүй. Гэлээ гэхдээ М.Анхцэцэгийн маань хичээл зүтгэлийг ойлгон, хайрласан ард түмэндээ би маш их баярласан. Итгэл алдах хэцүү байсан. Миний хувьд дасгалжуулагч болсноос хойш гурав дахь олимпдоо энэ жил оролцлоо. Тамирчин байхдаа нэг удаа олимпод очоод оролцож чадаагүй. Хоёрт нь шавиа олимпод оролцууллаа. 

Олимпын үеэр бие халаалт хийж байхдаа Анхаа надад их айхтар үг хэлсэн. Огцом өргөлт дуусаад түлхэлттэй өргөлт эхлэхэд би бага жингээр эхлүүлэх гэж байсан юм. Гэтэл Анхаа “Надад олимпын байр хэрэггүй. Би медаль авах гэж л ирсэн шүү, багш аа” гэж шуудхан хэлсэн. Тэр бол гайхамшигтай, бас их аймшигтай үг байсан. Энэ үгнээс нь би М.Анхцэцэгийгээ үнэхээр бөмбөрцгийн тамирчин болчихсон юм байна гэдгийг олж харсан. Сэтгэлзүй нь дэлхийн том тамирчидтай адилхан болсон байна гэж дотроо шавийгаа өндрөөр үнэлж суусан даа. Өөртөө их итгэлтэй, зоригтой, тэмүүлэлтэй дээ, Анхаа маань.

Энэ сэтгэл, зоригийг нь ард түмэн маань олимпын дараа асаасан шиг асааж өгсөн юм шүү. 

Олимпоос ирсний дараа бид хоёрыг санаанд багтамгүй сайхан мэдээ угтсаныг би ярихыг хүсэж байна.  

“Эрхэт Монгол” группийн хамт олон М.Анхцэцэгийн маань нийгмийн асуудлыг шийдэж, түрээсийн байранд амьдарч байсан охинд минь байр бэлэглэлээ. Мөн бэлтгэл хийх хэмжээний заал шийдэх зорилготой байгаа. 

Үндэсний бөхөд аймгийн арслан цол хүртэхэд хоёр, гурван өрөө байр өгдөг. Гэтэл манай их спортын тамирчид тив, дэлхийд өрсөлдөж, гэр бүл, хувийн амьдралаа орхин явсаар нэг л мэдэхэд залуу нас дуусдаг. Тэд маань амьдралын баталгаагүй хэвээр үлддэг. Энэ хандлагыг “Эрхэт Монгол” группийн хамт олон өөрчилсөн. Түүнээс хойш хувийн хэвшлийнхэн маань олон тамирчдын нийгмийн асуудалд анхаарал тавьж, амжилтыг угтуулан, урамшуулж байна. "Эрхэт Монгол"-ынхон маань М.Анхцэцэгт байр өгөөд зогсохгүй нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийжээ гэж би харж байгаа. Тамирчны нийгмийн асуудлыг шийднэ гэдэг сэтгэл зүйн дарамтын 50 хувийг нь алга болгож байна гэсэн үг юм. Энэ удаа ч бас М.Анхцэцэг бид хоёрын ДАШТ-д оролцох бүх зардлыг Х.Мандахбаяр захиралтай "Эрхэт Монгол" группийн хамт олон маань ивээн тэтгэн, Дэлхийн дэвжээнд үдэж мордууллаа. Их баярлаж яваа даа, энэ хамт олонд. 

-Олимпод тэмцээнээ дуусгасны дараа Анхааг шилбэндээ гэмтэлтэй байсныг бид мэдсэн. Монголд авсан зургаар бол хугарал, гэмтэл илрээгүй гэсэн. Өөрт нь гэхдээ зовиур хэр байсан бэ?

-Яг тэмцээний дараа Олимпын тамирчдад зориулсан эмнэлэгт нарийвчилсан зураг авахуултал шилбэний хугарал харагдсан. Үүнийг Монголын ард түмэн мэдээгүй байх. Бид ч мэдээгүй. Манай эмч нар ч мэдээгүй байсан. Шилбэ нь сарын өмнөөс бага зэргийн зовиурлах шинжтэй байсан. Үзүүлж, зураг авахуулж, эмнэлэгт хандсан ч хугарал, гэмтэл, өөр бусад зүйл мэдэгдээгүй. Тухайн үедээ эмч нартайгаа зөвлөөд, өвчин намдаагч хийж, бэлтгэл хийхдээ шилбэндээ маш сайн боолт хийдэг байсан. Тамирчдын тосгоны эмнэлэг маш сайн техник, хэрэгсэлтэй, дээд зэргийн үйлчилгээтэй, тэр бүхэн нь үнэгүй байдаг болохоор бид Анхаагаа тосгонд байх хугацаандаа нарийн үзүүлээд авъя гэснээр шилбэний хугаралтай олимпод очсоныг нь мэдсэн. Эмч нар "Ийм хөлтэй тамирчныг тэмцээнд орууллаа" гэж зэмлэсэн. Бэртэлтэйгээр тэмцээндээ ороод, олимпод IV байр эзэлнэ гэдэг асар их тэвчээр. 

Монгол Улс хүндийг өргөлтийн төрлөөр өмнө нь олимпод VIII байрт орсон амжилттай байсан. Сая дөрөвдүгээр байрт бичигдлээ. 

-Токиогийн олимпын өмнө М.Анхцэцэг маань Монгол Улсын Гавьяат тамирчин болсон. Та олимпын дараа Гавьяат дасгалжуулагч цол хүртлээ. Багш, шавь хоёр олимпын жилд хөдөлмөрөө үнэлүүллээ. Алдар, амжилтаа цаг тухайд нь үнэлүүлж байгаа та бүхний баяр спортод элэгтэй, сэтгэлтэй ард түмний хувьд ч бахархаж, баярласан мөч болж ирдэг. Та хоёртоо дахин баяр хүргэх нь зүйтэй байх. Танд Гавьяат дасгалжуулагч гэж хүндлэгдэх болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Төрийн хайр, итгэл маш сайхан зүйл байдаг юм байна. Бахархалтай ч бас нэг тийм юм бодогдуулсан. Миний энэ хүртэл явж ирсэн замыг гаргасан агуу буурлууд өмнө минь сууж байдаг. Би тэдний өмнө гишгэж, төрдөө үнсүүлнэ гэдэг үнэндээ бол сэтгэлд жаахан тийм л санагдаж байсан. Сайхан буурлуудынхаа, багш нарынхаа өмнө ороод авдаг нь зөв үү, буруу юу гэж их бодсон. Надад өгсөн энэ шагналыг миний хийж, бүтээсний төлөө биш хийх зүйлийн төлөө өгсөн байх гэж бодож байгаа. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага ирлээ гэж тунгаан, бие сэтгэл, ажил хөдөлмөрийн тухайд өөрийгөө өмнөхөөс илүү дайчлах болно. Т.Самбуу, Б.Гансүх гэж сайхан буурал багш нарын минь буян заяа, итгэл намайг үргэлж түшиг явдаг. Ийм үе ирэхэд тэдэндээ л, багш нартаа л их сүслэж залбирахыг хүсдэг юм байна. 

Спортынхоо төлөө сэтгэл, зүтгэл гаргах олон жил байна. Тэр хугацаандаа хичээгээрэй, зүтгээрэй. Олон охид, хөвгүүдийг олимпын тавцанд гаргаарай гэж ташуур болж, надад энэ шагналыг өгсөн байх гэж ойлгож байгаа.

-Таны бэлтгэлийн үеэр хөтөлдөг дэвтэр, тэмдэглэгээ гэж нарийн зүйл байдаг бололтой. Сонирхол татлаа?

-Миний тамирчин байх үедээ хөтөлж байсан 26 дэвтэр байна. Дасгалжуулагч болсноос хойш 40 орчим дэвтэр хөтөлжээ. Тамирчин бүр дээр төлөвлөгөө гаргахыг зорьдог.

Дунд нь буюу массын төлөвлөгөөгөөр бэлтгэл хийх өрөөсгөл. Нэгэнд нь таараад, нөгөөд нь таарахгүй зүйл байна. Өсвөрийн тамирчид, дунд түвшний тамирчид, цол зэрэгт хүрч байгаа тамирчид гээд бүгд өөр өөр бэлтгэл хийнэ. 

-Дасгалжуулагч байхын хамгийн сайхан нь, бас хатуу нь юу болохыг та өөрийнхөөрөө яаж мэдэрсэн бэ?

-Дасгалжуулагч хүнд гомдох зүйл бага байдаг. Ер нь бол ялалт, амжилт, бахархаж, омогшсон тэр гайхамшигтай мэдрэмжийг хамгийн ойроос харж, мэдэрч, шатаж явна гэдэг сайхан байдаг. Ард түмнээс ирж байгаа нэг сайхан үг мянган ерөөлийн номтой тэнцдэг гэж боддог. Дасгалжуулагчийн ажлын хамгийн сайхан нь тамирчин маань ялалт байгуулах яг тэр агшин. Үнэхээр торгон агшин. Хоолой зангирмаар... Эсрэгээрээ дасгалжуулагчийн ажил хатуу. Үнэхээр хатуу. Тамирчныхаа ялагдлыг харж зогсох шиг гуниг амьдралд ховор. Хэлэх үг олддоггүй юм.

-Одоо та бүхэн ДАШТ-ийг зорих гэж байна. Өрсөлдөгчдийнхөө судалгаагааг хэр хийв. БНХАУ-ын шигшээ баг ковидоос болоод оролцохгүй гэж шийдсэн байна?

-Одоогийн байдлаар 150 гаруй орны 880 орчим тамирчин бүртгүүлээд байна. Хятадууд коронавирусийн шинэ хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор ДАШТ-д тамирчдаа явуулахгүй гэж шийдлээ. БНХАУ-д 2022 онд өвлийн олимп болох тул бүх зүйлд хянамгай хандаж, тамирчдаа гадагш гаргахгүй байхаар зохицуулж байх шиг байна. Зарим тамирчдын зардал шийдэгдээгүй, хоёр тамирчин маань бэртсэн зэрэг шалтгаанаар энэ удаагийн ДАШТ-д бид 55 кг-д Э.Энхтамир, 81 кг-д М.Анхцэцэг нарыгаа оролцуулж байна. 

Анхаагийн жинд 30 гаруй тамирчин байна. Түүний дотор өөрийнх нь өрсөлдөх А группт 12 хүн байна. Бид техникийн алдаа гаргахгүй л бол боломж байна гэж харж байгаа. ОХУ-аас цоо шинэ тамирчин орж ирэхээр мэдүүлэг өгсөн. Нэг ч тэмцээнд оролцоогүй хэрнээ захиалгаа маш өндөр түвшинд өгчихлөө. Хятадын олимпын аваргын хэмжээнд захиалга өгсөн. Бусад нь бол манай хүний өрсөлдөж байсан хүмүүс. Аль хэдийн судалгаа хийгээд, бэлтгэсэн байгаа.

Нэг зүйл тодруулж хэлэхэд, хүндийг өргөлтөд тухайн жинд хэдэн тамирчин байгаагаас шалтгаалаад тамирчдаа дөрвөн бүлэгт хуваадаг юм. D группт бага амжилттай тамирчид, харин А группт өндөр чансаатай тамирчид багтаж, өрсөлдөнө гэсэн үг.

-Баярлалаа, ДАШТ-дээ амжилттай оролцохыг танд болон таны шавь нарт ерөөе.
 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top