Золгүй тавиланг сөрсөн ЗОРИГТ АННА

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэлзүйн романы ноён оргилуудын нэг Л.Н.Толстойн “Анна Каренина” 38 дахь удаагаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдлоо.

“Анна Каренина” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би сэтгэхүйн драм гэж харж байгаа. Энэ бол зүгээр үзэх зохиол биш. Үзэгч, жүжигчин хоёрын дунд долгион үүсэж, хоёулангийнх нь тархи ажиллаж үзэх жүжиг болно” гэж УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ярьсан билээ. Тэр үнэхээр л үзэгчдэд Л.Н.Толстойг тархиараа “зажлах” эрхийг олгожээ.

Жүжиг эхлэх гэж байгааг сануулсан театрын хонх хэдэндээ дуугарав. Үзэгчид суудлаа эзэлжээ. Хөшиг нээгдлээ...

...Москвагийн галт тэрэгний буудалд хүмүүс холхино. Тэдэн дунд ганган хээнцэр, харц булаам, залуухан Алексей Вронский Петербургээс ирж буй ээжийгээ тосохоор зогсоно. Олон дундаас тэр гэнэт нэг хүнийг олж харан дуу алдав. Гол дүр Анна Каренинагийн ах, олон хүүхэдтэй, овжин сэргэлэн, хүүхэмсэг Степан Облонский буюу Стиватай Вронский дуу шуу болон мэндэлнэ. Нэг нь ээжийгээ, нөгөө нь дүүгээ тосохоор хүлээж байгаа тэднийг хэдэн үг солилцож амжихад галт тэрэг ч ирж, Вронский “Ээж ээ” гэсээр тосон алхаж, үзэсгэлэнт Анна галт тэрэгнээс цухуйн “Стива!, Стива!” хэмээн ахыгаа дуудлаа. Энэ мөчөөс Алексей Вронский, Анна Каренина нарын хайрын түүх эхэлдэг. Тас хар үстэй, үзэсгэлэн гоо Анна Л.Н.Толстойн романы хавтаснаас УДЭТ-ын тайзнаа амилаад гараад ирэх шиг л харагдлаа. Толстойн романдаа дүрсэлсэн золгүй хувь заяатай боловч зоригт Анна дүрээрээ бууж ирэх нь тэр.

Жүжигчин, СТА Н.Баярмаагийн бүтээсэн Анна Каренинагийн дүр Монголдоо бол анхны Анна. Уян налархай хөдөлгөөн, гоолиг бие, өндөр нуруу, бүсгүй хүний эрхэмсэг төрхийг, ялангуяа 19 дүгээр зууны Петербургийн хатагтай нарын ихэмсэг төрхийг бүрдүүлсэн тэрбээр 1967 онд бүтээсэн Оросын “Анна Каренина” уран сайхны киноны Аннагийн дүрийг бүтээсэн жүжигчин Татьяна Самойловаг санагдуулам...

Галт тэрэгний буудалд цугларсан олон гэнэт үймэн шуугилдаж, эмэгтэйчүүд айн хашгиралдав. Нэгэн төмөр замчин галт тэргэнд дайруулжээ. Бие нь хэдэн хэсэг болон хуваагдсан түүний талаар Стива аймшигтайгаар ярина. Нэг хөл нь тэнд, нөгөө хөл нь тэртээ, гар нь энд, их бие нь тэнд таслагдсан байна. Хөөрхий түүний их биений дэргэд эхнэр нь орилон, цурхиран зогсоно гэхчлэн ярих Стивагийн яриаг Анна гэнэт тасалж “Хөөрхий тэр эхнэрт нь тусалж болохгүй юм гэж үү, бэлэвсэрч үлдсэн түүнд тусалчих хүн алга уу” гэж дуу алдахад цэргийн шаламгай гүн Вронский “Бололгүй яахав хатагтай” гээд гүйж одон хэдэн рубль дамжуулаад эргэж ирэв. Айж мэгдсэн Аннаг ах Стива нь Вронский гүнтэй танилцуулаад явахаар завдлаа. Аннатай хамт нэг бүхээгт ирсэн Вронский гүнгийн ээж Аннаг үнсэн, замын турш тэд хоёулаа хүүгийнхээ л талаар ярьж ирснийг тодотгоод хүүгээ сугадан салан явах ч энэ богинохон уулзалт Анна, Вронский хоёрын сэтгэлд тод үлджээ. Аннагийн үзэсгэлэнт төрх, хар нүдэнд нь гялалзах оч Вронскийн сэтгэлийг догдлуулжээ. Анна ч өөрөө Алексейг шохоорхон харсан байлаа.

Бүсгүй ахаасаа “Та энэ Вронский гүнтэй эртнээс танил юмуу” хэмээн асуух ч “Вронский гүн манай эхнэрийн дүү Кити Щербацкаятай суух байх” гэсэн үгийг нь сонсоод ярианыхаа сэдвийг өөрчилнө.

Кити...

“Эмэгтэй хүн дурласан бол бүх зүйлээ өгдөг, дурлаагүй бол бүх зүйлийг авдаг” гэх үг бий. Залуухан, хөөрхөн Кити Вронскийд дурлажээ. Бүсгүй түүнд бүх зүйлээ өгөхөд бэлэн байв. Кити эгчийнхээ гэрт Аннатай тааралдаад удахгүй гэрт нь болох үдэшлэгийн тухай ярьж, үзэсгэлэн гоо Аннаг үдэшлэгтээ ирэхийг ятгана. Аннатай сайхан найзалж нөхөрлөсөн Кити залуу хүний хиргүй тунгалаг сэтгэлээр Аннаг түүний үдэшлэг дээр байгаасай гэж хүсэхдээ дурлалт хархүүгээ түүнд алдчихна гэдгээ яахин мэдэх билээ...

Хөнгөмсөг Вронский Китигийнд болсон үдэшлэг дээр түүнтэй хамт хийх ёстой байсан хамгийн чухал бүжгэндээ Аннаг урьж бүжиглэн, болохгүйг нь мэдэж байсан ч тэд хоёул сэтгэл догдлон бие биесээ харна. Төрийн чухал түшмэл Алексей Каренины эхнэр, Серёжа хүүгийн ээж Анна сэтгэлийн жолоогоо нэгэнт алджээ.

Анна, Вронский нарын бие биедээ татагдаж байгааг мэдсэн, үдэшлэг дээрээ гутамшигтай байдалд орсон Кити бие, сэтгэлийн хувьд бүхий л эрч хүчээ алдана. Багаасаа хамт тоглодог байсан, ахынхаа найз Константин Левинд дасаж, түүнээс сэтгэлийн үгийг нь битүүхэндээ хүлээж явсан Кити Вронскийд дурласныхаа дараа өөр болсон байлаа.

Левин...

Китид гэрлэх санал тавихаар алс хол тосгоноосоо ирсэн Левин татгалзсан хариу авна. Тэр тэмцэхийн оронд өөрөөс нь сайхан төрсөн, бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг Вронскийг хараад Китигийн түүнд татгалзсан явдалтай эвлэрээд буцав. Гэхдээ тэр бүсгүйг гэх сэтгэлээ гээгээгүй хэвээр. Гээх ч үгүй...

МУГЖ С.Болд-Эрдэнэ Левиний дүрийг бүтээжээ. Лев Николаевич Толстой Левиний дүрээр өөрийгөө илэрхийлсэн гэж судлаачид үздэг. МУГЖ С.Болд-Эрдэнэ тайзан дээр жинхэнэ Левин, бас Толстой байлаа. Түүнээс хүн чанар, үнэнч хайр сэтгэл үнэртэж байв. Чамин тансаг амьдралд татагддаггүй, улс орондоо хэрэгтэй байдлаар, гэр бүлийнхээ аж ахуйг эрхлэн тосгондоо амьдардаг, боловсролтой, үнэнч хайр сэтгэлийг илүүд үздэг Левин сэтгэл нь шархалсан ч Китигийн араас сураг тависаар байв. Вронскийтой үүсгэсэн харилцаа нь хөнгөн хуумгай явдал байсныг ухаарсан Кити ээжтэйгээ хамт хилийн чинад руу явж ирээд бие, сэтгэлийн хувьд эдгэж илааширчээ. Угаас түүний өвчин шархалсан сэтгэлээс нь үүдсэн юм...

Вронский...

Дээдсийн хүрээлэнд алдартай, хөнгөн Вронский энэ удаад чин сэтгэлээсээ дурлажээ. Нөхөр, хүүхэдтэй эмэгтэйтэй учир ургуулсан Алексей Вронский ар гэрийн шахалт, олон нийтийн хэл амыг үл тоон Аннад өгсөн хайр сэтгэлээ хамгаалдаг. Нийгэмд гадуурхагдаж, нөхөртөө “Бузрын амьтан” хэмээн хэлүүлэх болсон Аннаг ч тэр чадлынхаа хэрээр хамгаална. Тэр хайртай эмэгтэйнхээ нэр төрийг хамгаалж, охиндоо сайн эцэг байхыг, хожим нь төрөх хүүхдүүдээ өөрийнхөө овгоор овоглохыг хүснэ. Түүний зөвхөн өөрийгөө бодсон энэ хүсэл нь Аннагийн шаналсан сэтгэлийг дэвтээхгүй.

Жүжигчин Т.Сэргэлэн Алексей Вронскийн дүрийг тайзнаа амилуулсан. Сэтгэл татам гүн, цэргийн офицер Вронский Монголын тайзнаа олныг бишрүүлж, бас үзэн ядах сэтгэлийг төрүүлж байлаа. Бүсгүй хүнийг элэг бүтэн амьдрал, эрх чөлөө, амар тайван байдлаас нь салгаж, хайр сэтгэлийг нь бүрмөсөн өөртөө авсан Вронский. Энэ бүхний дараа зөвхөн өөрийгөө бодох тэр хээнцэр залуу...

Анна...

Хүйтэн харилцаатай, албархуу, ихэмсэг нөхрийн дэргэд хайр сэтгэл гэгчийг мэдрээгүй Анна Вронскийгоос түүнийг мэдэрч, өөрөө ч түүнд хайр сэтгэлээ өгсөнд хэн буруутай юм бэ? Үгүйсгэж чадахааргүй их хайраар бялхсан бүсгүйн сэтгэл шаналлаар дүүрч, нөхрөө хуурсан гэж нийгэмд ад үзэгдэн, өөрийг нь гэх нэг ч хүнгүй болсон байв. Аннаг Вронский түшиж тулж чадахгүй. Бүсгүй сүүлдээ нийгмийн энэ их гадуурхал, хатуурхал, амьдралын нугачаанд бүдрэн ухаан санаа нь самуурна. Амьдын энэ тамаас гарах гарц нь хорвоогоос явах шийдвэр юм гэдгийг ухаарсан Анна Вронскийтой анх учирсан тэр газраа эргэн санана. Галт тэрэгний буудалд эхэлсэн тэдний хайр сэтгэл галт тэрэгний буудалдаа л дуусах учиртай байж...

Гэхдээ Анна эцсийн мөчид бодлоо өөрчилж, болохгүй шүү дээ гэдгийг ухаарч, хүч орон өндийдөг. Гэвч галт тэрэгний хүнд төмөр түүний толгойг дэлсэн унагаснаар бүсгүй хожимдсон ухааралтайгаа хамт хорвоог орхино.

Аннаг амиа хорлох бодол тээж байсныг гадарлаагүй, өөрийг нь хайж галт тэрэгний буудалд ирснийг мэдээгүй, зөвхөн өөрийгөө л бодсон Вронский. Тэр Аннагийн үзэсгэлэнт царай цусанд будагдаж, бие цогцос нь хөрч байхад галт тэрэгний буудалд ирдэг. Тэр хожимдсон байлаа. Хайртай бүсгүйгээ үүрд алдсан байлаа...

Уй гашууд автаж, үхэхийг хүсэж, олон хоног нойр, хоолгүй байсны эцэст залуу төрхөө алдаж, гундаж, сөхөрсөн Вронский Ташкентад очиж байлдахаар явна. Бие, сэтгэлээ эх орныхоо төлөө зориулахаар шийдсэн түүнээс одоо урьдын сэтгэл татам офицерийн төрх үзэгдэхээ больжээ. Шүд нь өвдөн тарчилж, шүлсээ гоожуулан, толгойгоо унжуулан явах Вронский гүнтэй Стива галт тэрэгний буудал дээр сүүлчийн удаа тааралдахад залуу сүр, сүлдээ гээсэн байлаа.

Анна, Вронский хоёрын дундаас төрсөн охиныг Каренин өөр дээрээ авч, Серёжа хүүд ганцхан аав нь л үлджээ. Төрсөн охиноо харь элгийн хүнд өгсөндөө харамсаж гутарсан Вронскийн сэтгэлд Анна үүрд амьд хэвээр...

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.216.35) 2022 оны 01 сарын 19

Яагаад ч юм бүү мэд, энэ жүжиг тоглогдохоор л өнөөх ковид нь дэлгэрээд, хөл хориод юун Анна карина биш аа яа яа корона болчих гээд байдаг шүү. Дээдсүүд мэдэж байгаа буй заа.

0  |  3
Top