Дубайн захирагч шейх Мохаммед ибн Рашид аль-Мактумагийн эхнэр асан Хаяа гүнж нөхрөөсөө 730 сая гаруй ам.доллар авахаар болжээ. Энэ нь Их Британийн шүүхийн түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болж байна.
Лондонгийн өндөр шүүхийн шүүгчийн мэдэгдсэнээр, дээрх мөнгөний ихэнх хэсгийг хуучин хосуудын хоёр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэр тусмаа Дубайн эмирээс ирэх заналхийллээс хамгаалах зорилгоор зарцуулах гэнэ.
2019 онд Дубайн захирагчийн зургаа дахь эхнэр Хаяа гүнж хүүхдүүдийн хамтаар АНЭУ-аас зугтан гарсан билээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Дубайн захирагч, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Ерөнхий сайд шейх Мохаммед 330 сая гаруй ам.долларыг гурван сарын дотор нэг удаагийн шилжүүлгээр хуучин эхнэртээ төлөх ёстой. Энэ мөнгө Хаяа гүнжийн Их Британи дахь эдлэнгүүд, зээлээр авсан үнэт эдлэл, морьдын төлбөрт зарцуулагдах юм. Мөн хүүхдүүдийнх асрагч нарын цалин, хуягласан автомашины үйлчилгээ, гэрийн тэжээмэл амьтдын зардалд мөн зарцуулах гэнэ.
Түүнчлэн шейх Мохаммед 11 настай охин Жалила, есөн настай хүү Зайедын сургуулийн төлбөрт дөрвөн сая ам.доллар, 12.5 сая ам.долларын зээлийн төлбөрийг төлж барагдуулах гэнэ. Хүүхдүүд нь насанд хүрсний дараа Дубайн захирагч жил бүр 13 сая ам.долларын тэтгэмж төлөх ёстой.
Хаяа гүнж нөхрөөсөө салахдаа 1.8 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн байна. Шүүхийн зардалд тэрбээр 90 сая ам.доллар зарцуулжээ.
Дубайд байхдаа Хаяа гүнж нөхрөөсөө эдлэнгийнхээ зардалд 115 сая ам.доллар, хувийн зардалд 12 сая ам.доллар авдаг байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрх чөлөөг эрхэмлэгч Хаяа гүнж