Ахлах ангийн сурагчид БАГШАА СОНГОЖ, виртуалаар суралцдаг болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.01.07) хуралдаан 14:39 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “КОВИД-19” үед иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар" Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл  хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, Дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүр тулж, “КОВИД-19” цар тахал дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг авчирлаа. Цар тахалтай тэмцэх, хүн ам, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, эрсдэл  багатай  даван  туулахын тулд улс орон бүр хүчин чармайлт гаргаж байгааг дурдаад Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сараас өнөөг хүртэл дэлхийн улс орнуудын нэгэн адил коронавируст халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай тэмцэж, хүн амаа вакцинжуулах, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөтэйгээр цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулахыг хичээн ажиллаж байна. “КОВИД-19” цар тахал улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарт хүчтэй нөлөө үзүүлсний дотор боловсролын салбарт хамгийн ихээр нөлөөлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд, залуучуудын боловсрол эзэмшихэд үүссэн хор уршгийг тооцож баршгүй бөгөөд түүнийг нөхөх, арилгах амаргүй нөхцөл байдал бидний өмнө тулгараад байгааг онцлон тэмдэглэлээ.

Цар тахлын улмаас сургууль хаагдсанаар дэлхийн 190 орны ойролцоогоор 1.6 тэрбум хүүхэд буюу сургуулийн насны нийт хүүхдийн 90.0 хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО энэ оны 5 дугаар сард мэдээлсэн (ЮНЕСКО, 2021). 11 сарын байдлаар дэлхийн 9 орны 38.2 сая суралцагч буюу нийт суралцагчдын 2.4 хувь [1] нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй байсаар л байна (ЮНЕСКО, 2021). Үүнээс үүдэн 24 сая хүүхэд сургууль завсардах, 370 сая хүүхэд үдийн хоолгүй, 17 их наяд доллар ирээдүйн орлогоос алдагдаж, 9 сая хүүхэд 2022 онд хүүхдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл байдалд хүрээд байна. Хэрэв цар тахлын хоригийг боловсролын салбарт үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэг үе ирээдүйд амьдралын чанар, бүтээмж, орлогоор бусад үеэс хоцрох эрсдэлтэй байгааг Дэлхийн банк 12 сарын тайландаа дурджээ. Цар тахлын үед улс орнуудад тулгарсан нийтлэг нэг асуудал нь бүх шатны сургалтын байгууллагыг хаасан нөхцөлд хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй, тэгш хүртээмжтэйгээр хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах вэ? гэсэн асуултад хариулт өгөх шаардлага нийгмийн өмнө тавигдсан. Энэ асуултын хариулт, шийдэл бол орон зай, байршлаас үл хамаарч технологийн дэвшлийг ашиглан хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах нь оновчтой хувилбар гэж улс орнууд үзсэн байна. Гэхдээ дэлхийн улс орнууд танхимын сургалтаас зайн, цахим сургалтад шилжихэд бэлэн байгаагүй гэдгийг ЮНЕСКО, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хийсэн олон судалгааны үр дүн харуулсан. Танхимын сургалт урт хугацаагаар хаагдаж, зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг ЮНЕСКО дан ганц хичээл, сурлагын хоцрогдол бус, айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн Боловсролын сайд нарын өндөр хэмжээний уулзалтын үеэр 2021 оны 3 дугаар сард тодорхойлсон [2] гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.
 


Мөн тэрбээр, Дэлхий нийтийг хамарсан цар тахал (КОВИД-19)-ын халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай улс бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг 2020 оны 1 дүгээр сараас зогсоож, хичээл, сургалтыг 2 жил зайн, цахим хэлбэрээр зохион байгуулсныг тодотгоод ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт өдрийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62.5-68.0 хувийг тус тус зайн, цахим хэлбэрээр гэр бүлийн орчинд суралцсан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд уламжлалт танхимын сургалтад ашиглаж ирсэн сургалтын арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн, зураг дүрсээр баяжуулсан, хүүхдийн оролцоог хангасан дасгал ажлуудыг нэгтгэсэн “сурагч” төвтэй сургалтын жишиг контент, теле хичээл боловсруулахад Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлснийг тодотгов. Танхимын сургалт зайн, цахим хэлбэрт шилжсэн хугацаанд боловсрол, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим баримтлан 5,756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2,775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээлийг тус тус бэлтгэн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор дохионы хэл, тува, казах хэлний орчуулгатайгаар телевиз, радиогоор дамжуулан хүргэх ажлыг телевизүүдийн холбоо, хувийн хэвшил болон олон улсын байгууллага (Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан)-тай хамтран зохион байгууллаа. Мөн теле хичээлүүдийг онлайн хэлбэрээр www.econtent.edu.mn сайтад байршуулснаар сурагчдыг хүссэн үедээ хичээлээ нөхөж болон давтан үзэх боломжоор хангасан.

Теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас үүрэн холбооны оператор компаниудтай хамтран www.econtent.edu.mn. вэб сайтад байршуулсан теле хичээл болон төгсөх ангийн сурагчдад зориулан www.help.eec.mnwww.eyesh.eec.mn  сайт руу үнэ төлбөргүй /дата/ нэвтрэх боломжийг бүрдүүлсэн.

Цар тахлын үед төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтын талбарыг үүсгэн цахим хичээлийг улсын хэмжээнд X-XII ангид хичээл зааж байгаа шилдэг 602 багш удирдаж, хот, хөдөөгийн сургуулийн ахлах ангийн 30.1 мянган сурагч онлайн хичээлд хамрагдсан. Энэхүү арга хэмжээ нь хөдөөгийн сургуульд сурч байгаа хүүхдэд өөрийн сургуулийн багшийн хичээлээс гадна бусад аймаг, нийслэлийн сургуулийн шилдэг багшийн хичээлд хамрагдах, бусдаас суралцах, хамтран хөгжих боломж олгоход чиглэсэн. Хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг тэгш хүртээмжтэй хангах үүднээс тэдний онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн сурах үйл явц, сургалтын материалд тохируулга хийх, видео,  аудио  болон  подкаст  хэлбэрээр  цахим  хичээлийн агуулгыг хүргэх, ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сургалтын хэрэгсэл, төхөөрөмж нийлүүлэхэд Засгийн газар олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтран ажиллалаа.
 


Түүнчлэн Засгийн газраас Мобиком компани, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран үзүүлэнгээр ашиглаж байсан гар утаснуудад теле хичээл суулгаж, тэдгээрийг алслагдсан сумдын интернэтгүй эсвэл интернэтэд холбогдох төхөөрөмжгүй сургуулийн хүүхдүүдэд хүргүүлэх арга хэмжээ авсан. Теле хичээлээс гадна сургуулиуд Google Drive, Google Form, Zoom, Moodle зэрэг программуудыг ашиглан цахим анги үүсгэн хичээл, сургалтаа зохион байгуулж, теле хичээлтэй холбоотой тайлбар, давтлага өгөх, сурагчдаас шалгалт, сорил авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ шинэ туршлагууд хуримтлуулж чадсан гэж байлаа. 

Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178,5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн.  Энэ нь биднийг цахим, зайн сургалтаас гадна өөр хувилбаруудыг бий болгох хэрэгтэйг илтгэж байна. 

Цахим, зайн сургалтын чанар хангалтгүй байсныг эцэг эх, асран хамгаалагч шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш нарын цахимаар ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна. 

Түүнчлэн теле хичээл хүртээмж сайтай ч эргэх холбоо сул талтайг анхаарч багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжсэн эргэх холбоог сайжруулах зорилгоор салбарын яамнаас багш нарт зориулсан зөвлөмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад “Гэр бүлд суурилсан хөгжлийн дэмжлэг үзүүлэх зөвлөмж”-ийг тус тус боловсруулан хүргүүллээ.

Эцэг, эх, асран хамгаалагчдаас бага анги болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд зайн, цахим сургалт тохиромжгүй байна гэж шүүмжилж байгаа. Тэд бага ангийн хүүхдийн хувьд анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар хангалттай төлөвшөөгүй учраас хүүхдүүд гэрийн орчинд тогтож хичээлээ хийхэд хүндрэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн хөгжлийн түвшин ялгаатай, түүнийг теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй гэж үзсэн. Энэ санал, шүүмжлэлийг бид анхаарах ёстойг салбарын сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.

Хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан хэдий ч хүүхдэд хүрч ажиллах чиглэл баримтлан сургуулийн удирдах ажилтан, багш нар гэрээр нь зочилж, хичээлийн явц, гүйцэтгэлтэй танилцах, дасгал ажлын хэвлэмэл ном, гарын авлага тараах зэрэг нэмэлт зохион байгуулалтыг хийж ажилласан сайн туршлага хот, хөдөөгийн олон сургуульд байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим сургалтын платформ бий болгож, цахим агуулга хөгжүүлж, бэлтгэнэ;

Зурагт болон интернэтгүй өрх, хүн амыг цахим сургалтад хамрагдах боломжийг бий болгохын тулд тохирсон сургалтын хэлбэр, хувилбаруудыг судалж, бэлтгэнэ;

Цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тус тус тусгасны дагуу үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож түүгээр дамжуулан бүх нийтэд зориулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг 2021 оны 6 сараас эхлэн хөгжүүлж байна. Одоогийн байдлаар энэ платформд 1-12 дугаар ангийн 419 хичээл байршиж, 1.0 сая иргэн хандсан статистик  тооцоо гарсан байна.

Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ дурдав.

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа”-гаар сурагчдын 76,8 хувь нь сэтгэл зовнилтой байна, 6-13 насны хүүхдүүд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж судалгаанд дурдагсан байна.

Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн бусад үйлчилгээнүүд зогссоны улмаас хүүхдүүд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна.   2021 оны 11 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн байна. Иймд энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар 121 сургууль (төрийн өмчийн 99 сургууль) -д нийт 124 ( төрийн өмчийн сургуульд 102) мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна.

Мөн тэрбээр 2021-2022 оны хичээлийн жил дараах онцлогтойгоор эхэлснийг дурдлаа. Тухайлбал,
 

  • Хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын бус хосолсон хэлбэр (5/9 хувилбар)-ээр 2021 оны 9 дүгээр сараас зохион байгуулах;
  • Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх;
  • Сургуулийн сэтгэл зүйч ажиллуулах;
  • Үдийн хоол хөтөлбөрийг бага ангийн сурагчдад хэрэгжүүлэх;
  • Цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг шинэчилж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох;
  • Нийслэлийн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулсан онцлогтой хичээлийн шинэ жил эхлээд байна гэв.


Танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа урт хугацаагаар хаагдаж, зайн, цахим хэлбэрт шилжсэний улмаас 3 дугаар ангийн сурагчдын хувьд нэг жилийн хичээлтэй тэнцэхүйц хичээл, сурлагын хоцрогдол үүссэн бөгөөд дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой хэмээн тооцсныг салбарын сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ багштайгаа нүүр тулж харилцдаг танхимын сургалтыг зайн, цахим сургалт бүрэн орлож чадахгүйгээс сурагчдын тухайн ангид эзэмших ёстой мэдлэг, чадварт тодорхой алдагдал үүссэн болохыг олон улсад хийсэн судалгааны үр дүн харуулсан. Теле, цахим хичээлийн үргэлжлэх хугацаанд тавигдах шаардлагаас болж тухайн хичээлийн агуулгыг танхимд судлах хугацааны 20 орчим хувьд багтаан сурагчдад хүргэсэн нь сурлагын хоцрогдолд онцгой нөлөөлж байна гэж байлаа.

Сурагчдын дунд үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан.

Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3R буюу эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн 3 шатлалтайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 373.0 тэрбум төгрөг шаардагдана. НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна гэв.

Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгууллаа. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин  50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшсэн гэсэн судалгааны дүн харуулж байна . Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай дүгнэгдсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлж8 халдварын тархалтын түвшнээс хамаарч хичээл, сургалтыг зохион байгуулах хэлбэрийг ялгаатай байхаар зохицуулсан. Тухайлбал, ногоон, шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг 5 өдөр танхимаар, улбар шар, улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургууль 5 хоног танхимаар, 5 хоног зайнаас (5/9 хувилбар) хичээллэж байна.

Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын нийт сургуулийн 65.2 хувь (552) нь танхимаар, 34.0 хувь (288) нь 5/9 хувилбараар хичээллэж байгаа бол 0.8 хувь (7) нь зайн хэлбэрт шилжсэн байна. 

Танхимын сургалт, үйл ажиллагаа төдийгүй спорт, урлагаар хичээллэх, сонирхлын дагуу дугуйлан секцэд хамрагдах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих төлөвлөгөөт арга хэмжээ зэрэг сурагчдын нүүр тулсан харилцаа хязгаарлагдахын хэрээр тэдэнд бие биеэ хүндэтгэх, шинэ орчин, нээлттэй харилцаанд дасан зохицох, бусдаас суралцах, багаар хамтран ажиллах, асуудлыг хамтран шийдэх зэрэг ур чадвар эзэмшихэд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ бүхнээс харахад танхимын сургалтыг тасралтгүй явуулах нь хүүхдийн хөгжил, төлөвшилд нэн чухал байна.

Хэдийгээр нөхцөл байдалд нийцүүлэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч халдварын нөхцөл байдлаас хамааран танхимын сургалтад бүрэн шилжээгүй байгаа нь сурлагын хоцрогдол арилгах ажлын ахицад нөлөөлж байгаа бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээ орхигдсон хэвээр байна.

Цар тахлаас үүдэлтэй сурлагын хоцрогдол болон хүүхдийн сэтгэл зүйн дарамт  багш нарын ажлын ачаалал нэмэгдэхэд хүргэж байна. Тэднийг дахин сургах, нэмэлт дэмжлэг хэрэгтэй байна.  

Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй дараагийн асуудал бол аймаг, сум, дүүргийн сургуульд сурч байгаагаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлээ улсын шилдэг багш нараас сонгон сургалтын нэгдсэн платформоор судлах боломжийг бүрдүүлэх явдал. Энэ хүрээнд виртуал ахлах сургуулийг хөгжүүлэх, ахлах ангийн сонгон судлах хичээлийн чанарыг сайжруулахад ахиц гарахаас гадна байршлаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Цар тахлаас үүдсэн хугацааны болон агуулгын хоцрогдлыг нэн ялангуяа бага, дунд ангийн тухайд зөвхөн танхимаар хичээллэж, багш-сурагч хоёул өдөр бүр нүүр туулан харилцаж байж нөхөх, арилгах нь хамгийн зөв шийдэл болохыг өнөөгийн бодит байдал бидэнд харуулж байна. Иймээс цаашид танхимаар хичээллэх боломжийг улам бүр нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарах болно гэж байлаа.

2022-2023 оны энэ хичээлийн жилийн өмнөх жилүүдээс илүү онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт авчрах жил байна. Суралцагчдад хоцрогдлоо нөхөх, сургалтын тэгш боломжийг нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэхэд боловсролын цахим шилжилт, боловсрол, сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөр,  хөдөө, орон нутгийн сургуулийн орчныг сайжруулах ариун цэврийн орчин үеийн байгууламж нь 2022-2023 оны хичээлийн жилийн онцлогийг тодорхойлох арга хэмжээнүүд юм.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тааварлашгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байх шинэ хэрэгцээ гарч байгаа учраас боловсрол, сургалтын үйлчилгээг олон хувилбартай болгох, цахим, зайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг явуулах дэд бүтцийг бэхжүүлж боловсролын салбарт цахим шилжилт хийх, үнэлгээний тогтолцоог бий болгож, багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг тэдний бодит хэрэгцээнд үндэслэн зохион байгуулах замаар сурлагын хоцрогдлыг бууруулж, чанарыг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгааг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Б.Бейсен, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосонтой холбогдуулан хоолны чанар, хуулийн хэрэгжилтийн талаар тодруулахын зэрэгцээ сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад нэн яаралтай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийн зарцуулалтын талаар илүүтэй лавлаж байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  хариултдаа, 2021 оны хичээлийн жилийн онцлог нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосонтой холбогдуулан 1-5 дугаар ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж эхэлсэн. Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг Засгийн газраас 1500 төгрөг болгосон. Гэхдээ нэг хүндэл байгаа. Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байгаа. 1500 төгрөгт тооцоо судалгаа хийж үзэхээр 800-900  төгрөг нь түрээслэгчдийн халаасанд орж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд ерөнхий боловсролын сургууль түрээсийн гал тогоотой байхыг хориглосон. Нэгхэн жилийн дотор бүх сургуулийг гал тогоотой болгох боломжгүй тул энэ байдлыг үе шаттайгаар бууруулж, өөрийн гал тогоогүй сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудалд салбарын яам бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгааг онцолсон.

Мөн тэрбээр, хүүхэд нийт авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч “КОВИД-19”-ын нөхцөл байдлын улмаас танхимын сургалт 40 гаруй, цахим зайны сургалт нь нийт сургалтын 60 хувийг эзлэсэн тул үүнээс үүдэн сурлагын хоцрогдол үүсээд байгааг хариултдаа тодотгохын зэрэгцээ хичээлийн хоцрогдолд дэд бүтэц, интернэт, гар утас компьютер  дутмаг байдал нөлөөлж байгааг дурдлаа.

Олон улсад боловсролын салбарын гол үзүүлэлтийг нэг хүүхдэд хэдэн компьютер ногдож байгаагаар тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс нэлээд хойгуур байна. Манай улсад нэг компьюьерт 23 хүүхэд ногдож байгааг дурдаад энэ жилийн хувьд 3 тэрбум төгрөгийн төсөвтөө тааруулаад 670 сургуулийн шилэн кабелийг шинэчилж, интернэтийн хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн гэж байлаа.

Улсын хэмжээнд 180 мянга, нийслэлд 40 мянган хүүхэд эрчим хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн улмаас хичээлийн хоцрогдолд орсон тул  өнгөрсөн жилийн намар Эрчим хүчний яамнаас Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр нүүж ирсэн айлуудыг эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн энэ жилийн хувьд 10 тэрбум төгрөгийг сайдын багцад тусгасан. Энэ хүрээнд интернэтийн сүлжээний асуудлаа шийднэ гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгохын зэрэгцээ нэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр, багш нарыг компьютержүүлэхгүйээр цахим сургалтын асуудлыг ярих боломжгүй. Улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютержүүлэхэд 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авна. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн тул энэ хүрээнд  багш нарын өөрсдийн мөнгөөр хичээлд зарцуулсан хэрэгсэл, дата, интернэтийн зардлыг олгох, компьютерын танхимгүй байгаа сургуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар нэн яаралтай 100 орчим сумын сургуулийн интернэт компьютерийн асуудлыг хувьсах зардлын аргачлалаар шийдвэрлэнэ хэмээн Л.Энх-Амгалан сайд хариулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top