"Ковид-19" ба Уламжлалт анагаах ухаан сэдвийн хүрээнд Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэг /УАУТХЭ/-ийн Тэргүүлэх зэргийн эмч Г.Жаргалсайхан дараах зөвлөмж, зөвлөгөөг өглөө.
УАУТХЭ нь шинэ коронавируст халдварын үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг 2021 оны долоодугаар сарын 05-аас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 1370 хүнд үзүүлжээ. Энэ хугацаанд удирдамжийн дагуу УАУ-ны эмийн багц эмчилгээг хийсэн. Мөн хүндэрсэн тохиолдолд бусад эм, тариатай хослуулан хэрэглэж байсан. Мөн энэ хугацаанд "Ковид-19" халдварын дараах байдал буюу "Long Covid"-ийн үеийн эмчилгээг авч хэрэгжүүлж байжээ.
УАУ-нд эмчилгээний дөрвөн ерөндөг байдаг гэж үздэг.
Ковидоор өвдчихсөн үед эм болон заслын эмчилгээг анхаарсаар байгаа. Тэгвэл идээ, ундаа, явдал мөрийн эмчилгээ гэдэг нь нэгдүгээрт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх, эрүүл өтлөх боломж. Хоёрдугаарт өвчний үед хоол унд, дадал үйлээ зөв байлгаснаар өвчнийг хурдан дарах, өвчлөлийн дараа хоол унд, явдал мөрийг зөв байлгаснаар өвчний сүүлийг таслах, хурдтай эдгэрэх арга хэмжээ авах ач холбогдолтой.
УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Ханиадны эхэн үед буюу шинэ коронавируст халдвар альфа, дельта, омикрон хувилбарууд бүгд ханиадны шинж тэмдгийн эхлэлээр эхэлж байгаа. Яг энэ эхэн үед нь УАУ-аас Мана-4, Норов-7, Лидер-7 гэсэн тангуудыг зөвлөж байгаа. Энэ тангууд нь дархлааг эсийн түвшинд нь дэмждэг. Түүнээс биш яг вирусыг устгана гэсэн үг биш. Дархлааг эсийн түвшинд нь дэмжиж, хүний биеийн тамир хүчийг хамгаалж, халдварын эхний үед нь хурдтай дарж авах эмнүүд юм.
Гэхдээ өндөр халуурах, амьсгаадах, цээж давчдах зэргээр ханиадны шинжүүд хүндэрч байгаа тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй.
Дээрх тангууд нь бүгд судлагдаад, дархлааг эсийн түвшинд сэргээдэг болох нь нотлогдсон.
Хоёрдугаарт эмийн эмчилгээн дээрээс хоолойнд зориулсан Ванжин-15 гэсэн танг зөвлөлөж байна.
Үүнийг омикрооны үед хамар, залгиур хөндүүрлэх, хоолой өвдөх шинж тэмдэг удаан хугацаагаар явагдаж байгаа учраас хоолойгоо зөв зайлж байгаа тохиолдолд маш хурдтайгаар эхний үед шатанд нь дарж авах боломжтой. Тийм учраас Ванжин-15 гэдэг танг эмчийн жоргүйгээр зөвлөж байгаа.
Бид "Ковид-19" халдварын альфа, дельта хувилбарын үед эмнэлэгт ор дэлгээд эмчилгээ хийж байхад ер нь хоолойны өвдөлтийг уламжлалт анагаах ухаанд хурдтай дарж байгааг эмчилгээний үр дүн, шинж тэмдэг, эмийнхээ дүгнэлтийг хийж байхад харагдаж байсан.
ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ БОЛОН ЦЭЭРЛЭХ ИДЭЭ, УНДАА
Ямар ч ханиад эхлэхдээ хоолой хөндүүрлэж өвдөх, хамрын угаар шархирах шингэн нус гоожих, толгой өвдөх зэрэг ханиад томуугийн эхний шинж тэмдгүүд илэрч байдаг. Энэ үед нь хонь болон үхрийн махны шөлөнд цагаан гаа, сармис зэргийг хийн битүү шөл хийж идэх зэргээр хал хоол ундаар эс боловсорсон халууныг дарах эмчилгэний арга байдаг.
Тэгвэл ханиад дөнгөж эхэлж байх үед бантан, гурилтай шөл, ясны шөл зэрэг тэгш чанартай, шингэц сайтай, биеийн тамирыг тэтгэх хоол унд хэрэглэнэ. Биеийн шимжүүлж тамирыг тэтгэх нь цаагуураа дархлааг идэвхжүүлэх үр дүнтэй учраас эдгээр хоол ундыг хэрэглэдэг.
Уух ундны хувьд ширгээсэн ус, зөгийн балтай ус, буцалсан ус, аарц, үзэм, чацарганы шүүс уух, сүүтэй цайг халуун бүлээнээр хэрэглэнэ. Энэ нь мөн л хоол боловсруулах эрхтэн системийн шүүрэл, перментийг сайн ялгаруулж, дархлааг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Энэ үед юуг цээрлэх вэ: Хоол, цайг хүйтнээр хэрэглэх, хүйтэн ус уух, шар болон цагаан будааны зутан шөл, хоолыг цээрлэнэ. Шар, цагаан будаа нь хүйтэн чанартай, хийг ихэсгэдэг хоол ундны төрөлд ордог. Энэ ханиадны эхэн үед шар, цагаан будааны зутан шөл шимжүүлж чаддаггүй учраас хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
"КОВИД-19" ХАЛДВАРЫН УУШГИНЫ ХАТГААНЫ ҮЕД ХЭРЭГЛЭХ ХООЛ, ХҮНС
"Ковид-19" халдварын үед уушги барьдаг, хүндрэх нь хурдтай байгаа. Уушгины хатгаа болсон үед дараах хоол хүнсийг хэрэглэнэ.
Үхрийн махны шөл, гурилтай шөл, хонины шинэ махны шөл зэргийг бууцай, юуцай, яншуй зэргээр амтлан чанаж, халуун бүлээнээр хэрэглэнэ.
Мөн гоньд, цагаан гаа, задь, лишь, үсү зэрэг нь УАУ-ны эмийн түүхий эдүүд юм. Хоолонд хольж хэрэглэхэд биеийн тамирыг сайжруулах, дархлааг идэвхжүүлэх, хоолойны өвдөлтийг дарах зэрэг тангийн найрлагад ордог түүхий эдүүд юм. Эдгээрээр амталсан бууз, банш, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Дээрх зөвлөсөн хоолнууд нь уураглаг, эрдэс витаминаар баялаг, шимжүүлэх, тамиржуулах чанар ихтэй учраас хатгаа болж эмчилгээ хийлгэн тамирдаж ядарсан өвчний үед шим тэжээл болж дархлааг дэмжих хоол ундны зөв эмчилгээ болно.
Уух зүйл: Үнээний сүүтэй халуун цай. Ер нь үнээний сүү уухыг зөвлөдөг. Монголчууд үнээний сүүнд сармис, цагаан гаа хийж уудаг. Энэ тамиржуулдаг. Тамиржуулна гэдэг нь цаанаа дархлаа идэвхжүүлэх тухай ярьж байна гэсэн үг. Дээрээс нь буцалсан бүлээн ус, үзэм, чацаргана, нэрсний бүлээн шүүс зэрэг витамин С өндөртэй шүүснүүдийг халуун бүлээнээр нь хэрэглэхийг зөвлөдөг.
Цээлэх идээ, ундаа: Ямаа болон загасны мах, будаа, халуун орны үрийн зүйлс, зутан шөлийг энэ үедээ бага хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэхээр эдгээр нь сэрүүн чанартай. Шингэц сайтай, хурдан шингэдэг боловч хүнийг шимжүүлэх, дархлаа сэргээх тухайн өвчний үед хэрэглэх зөв зүйл биш гэж үздэг.
"КОВИД-19" ХАЛДВАРЫН ДАРААХ ХООЛ, ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ
Шинэ коронавируст халдвар нь пост ковид буюу ковидын дараах шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж байгаа. Удаан хугацаанд бөөлжих, нойргүйдэх, ядрах, зүрх дэлсэх, ханиалгах шинж тэмдгүүд илэрч байгаа. Тиймээс коронавируст халдварын дараа бид хий түрж арвидах өөрчлөлт явагдаж байгаа учраас хий дарах идээ ундааг голчлон зөвлөж байна.
Ковидын дараа ядрах, сульдах, ханиалгах, цээж давчдах, толгой өвдөх, үе, булчин өвдөх, сэтгэл гутрал, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд гарч байна. Эндээс харахад хий арвидах шинж маш их илэрч байгаа. Энэ өвчнөөр өвдсний дараа хоол унд, дадал үйлийн эмчилгээ явдал мөрийг зөв байлгахгүй бол хий арвидсан өвчнүүд удаан хугацаагаар үлдэж байна гэсэн үг.
УАУ-нд улирлын хоол ундны зөвлөгөө гэж байдаг. Энэ зөвлөгөөг улиралд нь тохируулж хэрэгжүүлбэл бид дархлаатай байж, өвдөхгүй байх боломжтой. Энэ удаад хавар хэрэглэвэл зохих хоол хүнсийг коронавирусны дараах хий арвидсан шинжүүдтэй цуг зөвлөе.
Хаврын цагт бид шар идээ хэрэглэхийг зөвлөдөг. Үүнд шар тос, ээзгий, зөөхий, өрөм, хайлмаг гэх мэт идээнүүд орно. Мөн үхрийн жил өнжсөн мах буюу борцтой шөл, борцтой, сүүтэй хийцтэй цай гэх мэтийг хэрэглэж хийгээ сайн дарж байх хэрэгтэй.
ЖИЧ:
Уламжлалт анагаах ухаанд эмчийн жоргүйгээр хэрэглэх эм гэж байдаг бол заавал зөвхөн эмчийн заавраах хэрэглэх эм гэж байна.
Тухайлбал, Чуна-5, хүдрийн заарны найрлагатай коронавируст өвчний үед гол хэрэглэж байгаа эмнүүдийг заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Яагаад гэхээр хөгшид, хүүхдэд хэрэглэх эм, тун нь өөр байдаг.
Сэтгэгдэл ( 1 )