Тэргэнцэр дээрээс өндийн боссон СУЙ ВЭНЖИН ба ХАН КОН

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

БНХАУ-ын уран гулгагч Вэнжин Суй, Кон Хан нар Бээжингийн олимпын спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрөлд аваргалсан билээ.

Тэд олимпын түүхэнд анх удаагаа шидэлттэй дөрөв эргэлттэй үзүүлбэр үзүүлж, хувийн дээд амжилтаа эвдэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон.

Энэ хосын түүх маш сэтгэл уярам бөгөөд тамирчин хүний тэсвэр хатуужлын үлгэр жишээ болдог.


Вэнжин Суй

Вэнжин Суй 1995 оны долоодугаар сарын 18-нд Харбин хотод төрсөн. Тэсвэр хатуужлын дээдийг харуулсан энэ бүсгүй уран гулгалтад бүхий л зүйлээ зориулсан зоримог тамирчин.

Суй Вэнжин 2015 онд Хятадын цомын аварга шалгаруулах тэмцээнээс долоо хоногийн өмнө бэлтгэлийн үеэр унаж, мөсөнд толгойгоо хүчтэй цохисны улмаас нэг нүд нь хараагүй болж байв. Тэмцээн хаяанд тулсан энэ үед Вэнжин өрөөсөн нүд нь юм харахгүй байгаа ч тэмцээндээ оролцоно гэж шийджээ. Бүсгүй гайхамшгийг үзүүлж, хамтрагчийн хамт алдарт дөрөв эргэлттэй үзүүлбэрээ амжилттай үзүүлж, цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа.

Дараа нь Хятадын эмч нар азаар Суй Вэнжиний харааг сэргээж чадсан юм. Гэсэн ч мөс гөлгөр учир Суй Вэнжин Пёнчаны олимпын өмнө дахин хүнд гэмтэлтэй нүүр тулсан билээ. Бүсгүй хөлөндөө хүнд гэмтэл авч, хоёр удаа хагалгаанд оржээ.
 

Эмч нар түүнийг дахин тэшүүр дээр гарч чадахгүй гэж байх үед Хятадын Тэшүүрчдийн холбоо Кон Ханд өөр хамтрагч хайж эхэлжээ. Гэвч Кон Хан Суй Вэнжинээс өөр хүнтэй гулгахгүй хэмээн эрс татгалзаж, бүсгүйг хөл дээрээ бостол нь өдөр бүр эмнэлэг дээр очдог байв.

Хамтрагчаа солихгүй хэмээн эцсээ хүртэл Вэнжинд үнэнч байсан Кон Хан мөсөн талбайн шоун дээр Вэнжинийг тэргэнцэртэй нь түрэн гарч ирж, хүмүүсийг уйлуулж байсан билээ.

Олимпын алт, мөнгөн медальт. Хоёр удаагийн дэлхийн аварга. Дөрвөн тивийн зургаан удаагийн аварга.

Кон Хан

Кон Хан 1992 оны наймдугаар сарын 6-нд Харбин хотод төрсөн.

Суй Вэнжин, Кон Хан нар 2007 онд хосын гулгалтын ямар ч туршлагагүй байхдаа нийлж байв. Тэд 2010 оны олимпын аварга хос Шэнь Сюэ, Хунбо Жао нараас үлгэр дуурайлал авчээ. 2002 онд Солт Лейкийн олимпын наадамд тэдний оролцож байхыг хараад Вэнжин, Кон нар гулгаж эхэлсэн гэдэг.

Вэнжин Суй, Кон Хан нар 2010 оны Өсвөрийн Гран-при тэмцээнд түрүүлснээр олон улсын тавцанд анх гарч иржээ. Мөн ондоо тэд Хятадын аварга болж, 2010 оны дэлхийн аваргад оролцох эрхээ авав. Тэд дэлхийн аваргад түрүүлж, хоёр удаа Өсвөрийн дэлхийн аварга болж байсан Жан Дан, Жан Хао нарын дараа дэлхийн аварга болсон хоёр дахь хятад хос болжээ.
 

Вэнжин Суй, Кон Хан нар олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хоёр удаагийн аварга, тивийн зургаан удаагийн аварга, дэлхийн гурван удаагийн мөнгөн медальт, Хятадын гурван удаагийн аварга тамирчид юм.

Уналт ба Амжилт


Хятадын алдарт хос 2018 оны Пёнчаны олимпын алтан медалийн таамагт байсан ч Тивийн аваргын тэмцээний өмнө Вэнжин гэмтэж, тэмцээнээс хасагдаж байв. Олимпын өмнө хөлөө гэмтээсэн нь Вэнжинд хүнд цохилт болсон нь мэдээж. Гэсэн ч Вэнжин Суй, Кон Хан нар Пёнчаны олимпоос мөнгөн медаль хүртсэн юм. Гэмтлийн улмаас алтан медальд хүрч чадаагүй тэд мөнгөн медаль аваад уйлж байсан билээ.

2019 оноос тэдний амжилт эргэн сэргэжээ. Тэмцээнүүдэд түрүүлж чадахгүй байснаа тэд хүнд гэмтлийн дараа эргэн ирсэн Вэнжиний сэтгэлзүйн байдалтай холбон тайлбарлаж байлаа. Тэд 2019 онд Оросын алдарт Евгения Тарасова, Владимир Морозов нарыг ардаа орхиж, хувийн амжилтаа шинэчилж, дэлхийн дээд амжилт тогтоосон юм.

 

Бээжингийн олимп тэдний хувьд алтан медалийн тавцанд зогсох том боломж байв. Хүнд бэрхийг туулсан Вэнжин Суй алтан медалийн болзол хангаад нулимсаа барьж дийлээгүй. Бүсгүйтэй бүхий л хүнд хэцүү цаг үед нь хамт байж, түүнийг орхиогүй Кон Хан ч мөн уйлж байв.

Вэнжин Суй, Кон Хан нарыг эцсээ хүртэл нэгэндээ үнэнч уран гулгалтын хос гэдэг. Хүнд бэрхийг туулж байсан ч уран гулгалтаа болон бие биенээ орхиогүй тэдний түүх ном, кино болж үлдэхээр агуу гэдгийг хүмүүс хэлдэг.
 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.234) 2022 оны 02 сарын 24

Тамирчны ялалт хялбархан олддоггүй.

1  |  0
Зочин(103.57.94.56) 2022 оны 02 сарын 22

Монголын иргэд болооч

0  |  0
зочин(139.5.216.158) 2022 оны 03 сарын 26

Гайхалтай хүчирхэг хосуудад спортын урт замналыг ерөөе. Энд чинь хятадыг сурталчлаад байх юу байнаа. Бүх юманд улс төржөөд байлгүй эрүүлээр сэтгэж байцгаавал зүгээрсэн. Хэн хүнд тохиолдоод давж гарахааргүй гайхамшигтай түүхийг бүтээсэн спортын агуу хосд алтан медал үнэхээр очихоос өөр аргагүйгээр үзүүлбэрээ үзүүлсэн. Тэр хүрэх зам богино бас амар байаагүйг дэлхийн уран гулгагчид хүлээн зөвшөөрдөг.

9  |  0
би(66.181.165.91) 2022 оны 02 сарын 24

Үнэхээр гайхалтай, үнэхээр хүчирхэг хос юмаа. Энд хятадыг сурталчлаагүй, спортын гайхамшиг, хүн чанарын тухай сайхан бичсэн байна шүү дээ\n

7  |  0
hmmm(103.80.211.64) 2022 оны 03 сарын 26

yagaad neg hytadiig zahialgatai surtchilaad bga ym shig uur amisgal unerteed bnaa haha

0  |  13
zochin(87.214.24.143) 2022 оны 03 сарын 26

gaihaltai hun chanar bish gej uu

8  |  0
А(66.181.161.10) 2022 оны 03 сарын 26

Эхнэр нөхөр юмуу

1  |  3
Zochin(209.126.88.83) 2022 оны 03 сарын 26

Eregtei ni sn hun yumaa, hamtragchaa solicinnl bol emegtei uurd gupgahaa bolih bsn bhaa

24  |  0
зочин(103.229.121.189) 2022 оны 03 сарын 26

гайхалтай

10  |  0
Top