Д.Хүчитбаатар: Хүмүүс надаар бахархах нь баярламаар бас ичмээр байсан

2022 оны 02 сарын 22

Гачууртын чиглэлийн автобус  шатаж, олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учрахад зорчигч нарт тусалж, галыг унтраалцсан Д.Хүчитбаатар хүүгийн тухай мэдээлэл сошиал орчинд түгээд буй. Тэгвэл тухайн өдөр юу болсон талаар  түүнээс тодрууллаа.


-Эр зориг гаргаж, болзошгүй эрсдэлээс олон хүнийг авран хамгаалсан чамд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?

-Би “Тэмүүжин Өрлөг” сургуулийн есийн “А” ангийн сурагч. Манай сургууль цэргийнх болохоор өглөөд долоон цаг 40 минут гэхэд бэлэн байх ёстой. Гэр маань сургуулиас зайтай учраас би зургаан цаг өнгөрөөгөөд автобусанд суудаг юм. Гэтэл тухайн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн  мягмар гарагт суусан автобус маань нэг л сонин дуутай яваад байсан. Удсан ч үгүй  бүх гэрэл нь унтарчихсан. Жолооч нь урд талынхаа хаалгыг онгойлгоод автобусаа үзэхээр гарлаа.

Зорчигчид “Жолооч засаад цаашаа явна” гэж бодоод байж байтал “Гал гарч байна, буугаарай” гээд орилсон. Автобус доторх хүмүүс ч сандралдаад арын цонхоор утаа саагьж байгаа нь харагдаад эхэлсэн. Яг ажил, хичээл, цэцэрлэгийн цаг байсныг ч хэлэх үү, автобусанд олон ч хүн зорчиж явсан. Сандарсан хүмүүс нэг, нэгэн дээрээ гишгэчих гээд. Ядаж байхад ганцхан урд талын жижиг хаалга онгорхой байсан болохоор жаахан хүүхдүүд, хөгшин хүмүүст бусдын дэм маш их хэрэгтэй харагдсан. Тиймээс хөгшид, хүүхдүүдэд л  өөрийнхөө чадах чинээгээр тусалсан даа.

-Автобусны жолооч нь эмэгтэй хүн байсан гэсэн үү?

-Тиймээ.

-Тухайн үед галаас айж байсан биз дээ?

-Би өөрөө галаас их айдгийг ч хэлэх үү, маш их сандарсан. Гэхдээ айж байсан ч тэр хүмүүст туслахгүй бол хэцүү харагдсан. Тэгээд л цүнхээ тайлж гадаа шидчихээд эргэж автобус руу очоод зорчигчдыг гаргах болон автобусны галыг унтраахад жолооч эгчид тусалж эхэлсэн. “Хүмүүс галд өртчих вий”,  “Энэ автобус шатчихвал жолооч нь өрөнд орчих вий”, “Галыг унтраах боломжтой юм байна” гэх зэрэг янз бүрийн л юм бодогдоод хурдан л унтраахыг хичээсэн.

Гэхдээ сошиалаар галыг ганцхан намайг унтраасан мэтээр яваад байна лээ. Аз болоход Гачууртын тэнд байдаг гал унтраах ангийн ойролцоо автобус маань унтарсан. Эхлээд галыг дарах гээд юмаар нүдээд багасгасан ч гэсэн бүрэн унтрахгүй шинжтэй байсан. Тийм болохоор би “Гал команд руу хэлчихээд ирье” гэж хэлээд гал унтраах анги руу гүйсэн. Очоод жижүүр ахад нь “Автобус шатаж байна. Бидэнд туслаач” гэж хэлсэн. Удалгүй гал унтраах ангийнхан ирж, галыг бүрэн унтраасан.

-Гал унтарсны дараа л санаа нь амарсан уу?

-Хүмүүс гэмтээгүй, амь насанд нь аюул учраагүй болохоор дотроо маш их баярласан. Энэ бүх үйл явдал дууссаны дараа шууд хичээл рүүгээ явсан. Ийм үйл явдал болсноо ангийнхаа найзуудад л хэлсэн. Гэртээ ирээд ээждээ бас ярьсан. Тэгсэн хоёр, гурван хоногийн дараа сошиалд миний талаарх мэдээлэл гарсан байсан. Миний хувцсаар л намайг “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч гэдгийг мэдсэн юм шиг байна лээ. Би өөрөө нэлээн өндөр том биетэй болохоор автобусанд явж байсан хүмүүс намайг цэргийн залуу л гэж бодсон байх.

-Олон нийтийн дунд өөрөөр чинь бахархсан мэдээлэл түгээд эхлэхээр чамд ямар сэтгэгдэл төрж байна?

-Ийм олон хүн миний тухай мэдээлэл түгээнэ гэж огт бодоогүй. Гэтэл сүүлийн өдрүүдэд сошиалд надаар бахархсан, надад баяр хүргэсэн маш олон хүн байгааг харахаар баярламаар бас  ичмээр санагддаг юм байна. Надад тохиолдсон энэ үйл явдлаас хүмүүс “Бусдад туслах боломж бололцоо байдаг юм байна. Хар амиа бодохгүйгээр нэгэндээ туслах хэчнээн сайхан юм бэ” гэдгийг л ойлгосон болов уу.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.252) 2022 оны 02 сарын 22

Дүү минь монголд ховордсон хүн бол чи шүү

0  |  0
Top