“Суу билгийн судар-Суут нууц”-ыг задаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22


Сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Суу билгийн судар-Суут нууц” номын нээлт өнөөдөр /2022.02.22/ боллоо. 

Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх “Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой.

Түүнээс гадна “эчнээ ярилцлага” буюу энэ хорвоод оршин байсан ч өнөө цаг үед байхгүй агуу суут хүмүүстэй харилцан ярилцаж буй хэлбэрээр бичиж, нийтлэсэн гэдгээрээ мөн онцлог бүтээл болжээ.
 



“Суут нууц” номын “Цаг хугацаагаар аялагч ЦАГААН ХАНГАРЬД” тэргүүн дэвтэрт Аригбөх хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, VIII Богд Жавзундамба, Солийн Данзан, Ринчиний Чойном, Юмжаагийн Цэдэнбал, Бямбын Ренчин нарыг онцолсон байна.

Харин “Нууцын авдарт архирах УЛААН АРСАН” дэд дэвтэрт Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин Ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлэх юм.

“Хөлгөн их түүхийн оньс тайлагч ХӨХ ЧОНО” гутгаар дэвтэрт Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нарын тухайх онц сонирхолтой, нууцыг тайлжээ.

"Суут нууц" номын агуулга болоод хэлбэр нь түүх, сэтгүүл зүй, утга зохиолын элементээр бүтсэн. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр Сэтгүүл зүйн ухааны доктор До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан, номын редактораар Ц.Оюунчимэг нар ажилласан юм. 

Номын тухай Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Би Д.Дамдинжавын шинэ номыг уншаад залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн бодот байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь өөрийн эрхгүй бахдан бахархлаа.



“Түүх бол он цагийн дараалал биш, урлаг биш, яруу найраг ч биш, түүх бол зөн билиг хийгээд үзэгдэл үйл явцын түүхэн их айгаас таамаглан дүгнэгдсэний үр дүнд босож ирдэг бодот байдал” хэмээн Италийн сэтгэгч, гүн ухаантан, түүхч Бенедетто Кроче нэгэнтээ хэлснийг Дамдинжав энэ цагийн монголчуудын ширээн дээр энэхүү бүтээлээрээ авчирч тавьжээ. Бахархалтай" хэмээн дүгнэсэн байдаг.

Номын зохиолч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, МСНЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн гишүүн, МСНЭ-ийн “Оны шилдэг бүтээл”, МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналт уран бүтээлч юм. “Суу билгийн судар-Суут нууц” ном түүний 9 дэх уран бүтээл бөгөөд хөрөг, памфлет хэлбэрээр бичигдсэн “Гол тоглогч I, II. III” нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан билээ.

Тэрбээр өнгөрөгч 2021 онд “Зуун настай залуу” түүхэн эмхэтгэлээ бичиж, олны хүртээл болгосон юм.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top