Энэ онд зохиогдох УРЛАГ, СОЁЛЫН арга хэмжээнүүдийг танилцууллаа

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлагаас энэ 2022 онд зохиогдох, олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийнхээ мэдээллийг өглөө.

Тодруулбал, тавдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Унгарын өдрүүд” соёлын арга хэмжээг зохион байгуулах бол тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос зохион байгуулагддаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Трэйвэл экспо 2022” үзэсгэлэн болох ажээ. Энэхүү үзэсгэлэнгийн тухайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

Мөн Монгол-Хятадын дипломат харилцааны хүрээнд хоёр талын хамтын харилцааг гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэх мэт олон талт үйл ажиллагааг дэмжих зорилготой “Хятадын соёлын өдрүүд”-ийг зургаадугаар сард “Сүхбаатарын талбайд” зохион байгуулна.

Мото сонирхогчдын дунд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Талын салхи-2022” олон улсын наадам зургаадугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно.

Их хотын залууст, хөгжмийн соёлыг түгээдэг “PLAYTIME 2022” амьд хөгжмийн наадам долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд дөрвөн хоногийн хугацаанд зохиогдоно. Тус наадмыг уламжлалт ёсоор “Монгол шилтгээн” цогцолборт зохиох ажээ.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам долоодугаар сарын 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно.  Тус арга хэмжээ нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон наадам болоод байгаа билээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохиогдоно.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС Монгол үндэсний хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт хоол, зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилгоор “UB FOOD FESTIVAL”-ыг наймдугаар сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг наймдугаар сарын 20-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохионо.

Мөн Монгол-Солонгосын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой  “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ есдүгээр сарын 2, 3 ,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.  

Эрүүл мэнд, урт удаан амьдрал нь идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв хэвшилээс үүдэлтэй билээ. Монгол орныг сурталчилан таниулж, эрүүл амьдралд уриалсан “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн есдүгээр сарын 11-нд Хүй долоон худагт зохион байгуулна.

Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны наадам есдүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Япон улсын соёлыг таниулах зорилготой, соёлын өдрүүд есдүгээр сард Сүхбаатарын талбайд болно.

Нийслэлийн Иргэдийн спортын наадмын, Спорт явган аялалын тэмцээн. Улаанбаатар явган аялал наадмыг есдүгээр сарын 17-нд “Горхи Тэрэлж” байгалийн цогцолборт газарт зохион байгуулахаар болжээ.  

Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт спорт-тоглоом шагайн харвааг гадаад, дотоодод, залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад харваачдаас харвааны ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Уухай” шагайн харвааны наадмыг аравдугаар сарын 15-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Б.Нарангоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top