Орхон аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн (2022.03.14) 14 хоногийн хугацаанд зогсоож байгааг мэдэгдлээ.
Тодруулбал, Тус аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн томуу, томуу төст өвчин тархаж, эмнэлгийн орны ачаалал тав дахин нэмэгдээд байгаа тул гуравдугаар сарын 28-ныг хүртэл бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна.
Орхон аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар, аймгийн хэмжээнд гарч байгаа нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөл эзэлж, өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ачаалал 5 дахин нэмэгдсэн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 92,8 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа бол үүн дотроос 0-1 насны хүүхэд 46,2 хувийг, 2-4 насны хүүхэд 53,8 хувийг эзэлж байна.
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482-р тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Одоогийн байдлаар, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэгт нэмэлтээр ор дэлгэж, ажиллах хүчийг нэмэгдүүлж байна. Тус эмнэлэгт энгийн үед 29 эмч, сувилагч ажилладаг байсан бол томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа энэ үед 64 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, уушгины хатгалгаа болж хүндрэх тохиолдол их байгаа учраас бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас хүүхдээ тусгаарлахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )