"Бизнесийн зарчимд хүүхдийн эрхийг тусгаснаар гэр бүлд ээлтэй орчин бий болно"

2022 оны 04 сарын 15

НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо /IWFCI Mongolia/ хүүхдийн сайн сайхан байдлыг бэхжүүлэхийн төлөө хамтарсан санаачилга өрнүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Үүний хүрээнд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”, “Хүүхдэд ээлтэй гэр бүлийн бодлого”-ыг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, өргөн хүрээнд хамтарч ажиллахын тулд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлантай үйл ажиллагааны талаар болон Хүүхдийн сангаас энэ жил хийх ажлуудтай холбоотой ярилцлаа.


-НҮБ-ын Хүүхдийн Сан болон Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо  хамтран хамтын ажиллагааг бататган үргэлжлүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд цаашид ямар ажлуудыг хийх вэ?

-Санамж бичиг бол маш чухал ач холбогдолтой гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаа. НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн улс орон бүрд Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг бизнесийн холбоодоор дамжуулан түгээн сурталчилдаг билээ. IWFCI Монгол байгууллага нь үүний адилаар 2019 оноос хойш бидний үйл ажиллагааг дэмжин, өөрийн гишүүн компаниуддаа хүүхдийн эрхийг таниулан сурталчилж ирсэн юм. Тиймээс өнөөдрийн энэхүү үзэглэж буй санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг улам бататгаж, цаашдын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим гэх зарчмыг боловсруулан, түгээдэг. Эмэгтэйчүүдийн бизнест хүүхдийн эрх ба бизнесийн зарчмыг хэрхэн түгээх вэ гэх гол ажлын хүрээнд гарын үсэг зурсан гэсэн үг. Үүний хүрээнд нэгдүгээрт, хүүхдэд ээлтэй бизнесийн зарчмын талаар олон нийтэд таниулах ажлыг хийнэ. Хоёрдугаарт, хүүхдийн эрх, бизнесийн зарчмаа хэрхэн хэрэгжүүлж, байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгах ёстой вэ гэдэг зааварчилгаа сургалтыг зохион байгуулах юм. Гуравдугаарт, хэрхэн гэр бүлдээ ээлтэй хүүхдийн бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ажиллана.

Жишээлбэл, байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулах, гэрээс ажиллах боломжийг бүрдүүлэх гэх мэт. Тиймээс дээрх сургалтыг зохион байгуулах юм. Дөрөвдүгээрт, байгууллагууд зарчимд хэр амжилттай хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ажиллана. Тавдугаарт, мэдлэгийн менежмент буюу байгууллагуудад хэрэгжсэн сайн туршлага бүхий зарчмыг бусадтай хуваалцах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

-Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим хэмээн ярьж байна. Энэхүү хоёр агуулга нь хэрхэн холбогдох талаар тайлбарлаж өгөхгүй юү. Бизнесийн зарчимд хүүхдийн эрхийг тусгаж өгөх нь ямар давуу талуудтай байдаг вэ?

-Хүүхдийн эрх бизнестэй хэрхэн холбогдож байгаа талаар тайлбарлая. Хамгийн түрүүнд эмэгтэй ажилтантай холбогдож байгаа юм. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлая. Хөхүүл эмэгтэй ажлаа хийж байгаа гэж бодъё. Хүүхдээ хөхүүлэх гэтэл түүнд ямар нэгэн өрөө хэрэг болно. Ийм нөхцөл байдалд зориулсан хүүхэд хөхүүлэх тусгай өрөөг ажлын байрандаа гаргаж өгөх ажлыг байгууллага хийх юм. Энэ мэт зүйл дээр эмэгтэйчүүдэд ажиллах таатай орчныг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Улмаар гэр бүлд ээлтэй орчин бий болно. Таатай орчин бүрдсэнээр ажлын бүтээмж нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Ажлын бүтээмж нэмэгдэнэ гэдэг нь ажилтан, байгууллага хэн хэндээ ашигтай болж байгаа юм. Дараагийн жишээ бол компаниуд хүүхдийн хөдөлмөрийг мөлжихгүй байх хэрэгтэй. Хүүхэд гэдэгт 18-аас доош насны иргэнийг тооцож явна. Хүүхэд хүнд, хүчир хөдөлмөр эрхлэх бус өөрийгөө хөгжүүлэх, сурах гэх мэт үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Өөр нэгэн жишээ бол компаниуд хэтэрхий их чихрийн орц найрлагатай бүтээгдэхүүнийг хийх, борлуулахыг багасгах, хориглох хэрэгтэй. Мөн алкохол, архи спиртийн бүтээгдэхүүнийг хүүхдэд худалдаалахгүй байх, хэрэглүүлэхгүй байх шаардлагатай.

-Өнгөрсөн хуганцаанд хамгийн жишиг бизнес зарчимтай байгууллагаас дурдвал?

-Маш олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. ГоБлү /GoBlue/ гэх хөдөлгөөн байна. Манай байгууллагын брэнд цэнхэр өнгөтэй. Дэлхийн хүүхдийн өдрөөр бүхий л зүйлийг цэнхэр өнгөөр будах компанит ажил байсан юм. Үйл ажиллагаагаа таниулах зорилгоор хийсэн энэхүү ажил маань олон нийтэд ихээхэн нөлөөлсөн. Мөн хүүхдийн эрх, бизнесийн зарчмын тухай сургалтуудыг байгууллагуудад хийлээ. Тухайн сургалтад өөрсдийн хийсэн заавар, гарын авлагаа танилцуулсан.

-Хамтарч ажиллаж буй байгууллагуудаас тань өөр байгууллагууд ямар нэг байдлаар хүүхдийн эрхийг зөрчиж байгаа гэх мэдээлэл байвал, эсвэл та бүхэн олж илрүүлбэл ямар арга хэмжээ авах вэ. Ер нь та бүхэнд ямар нэгэн арга хэмжээ авах эрх бий юү?

-Манай байгууллагын зүгээс тэдгээр тохиолдлыг олж, арга хэмжээ авна гэхээс илүүтэй, урьдчилсан байдлаар таниулах, чадавхжуулах, танин мэдүүлэх ажлыг хийдэг. Олон төрлийн сургалтуудыг байгууллагуудад зохион байгуулдаг юм.

Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтраад ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа хүүхдийн эрх ба бизнесийн зарчмын сургалтаа оруулсан эсэхийг шалгадаг. ТОП аж ахуйн нэгж болоход уг сургалтыг харгалзан үзэх шаардлага тавьдаг юм. Үүнээс гадна манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах тал дээр заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа.

-Хүүхдийн сангийн зүгээс цар тахлын хоёр жил ямар ажлуудыг хийсэн бэ?

-Хүүхдийн сан сүүлийн хоёр жилийн хугацаанд ихээхэн хүчин чармайлттай ажиллаа. Хамгийн том ажлуудын нэг бол КОВИД-19 халдварын вакциныг оруулж ирэх ажлыг хариуцаж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласан. Хөргүүр тэргүүтэй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хот гэлтгүй сумын хэмжээнд оруулж ирэв. Товчхондоо сумдын түвшинд хүрч ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгсөн гэсэн үг. Олон нийтэд хэрхэн маск зүүх, хэрхэн сэргийлэх, хүн хоорондын зай барих гэх мэт мэдээллийн ажлыг ч хоёр жилийн хугацаанд хийсээр байна.

-Энэ жилийн хувьд ямар ажлыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байна. Эрүүл мэндийн яамтай хамтраад эм хангамжийг Монгол Улсад нийлүүлэх ажлыг хийхээр төлөслөсөн. Нэмээд хүүхдийн урьдчилсан үзлэгийн ажлыг зохион байгуулна. Учир нь олон хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсон байна. Мөн хэт таргалалттай болжээ. Энэ мэт асуудлуудыг урьдчилан мэдэж, сэргийлснээр хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаас сэргийлэх боломжтой.

Боловсролын салбарын хувьд цахим хичээл дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Хүүхэд хамгааллын ажлыг ч хийж байгаа. Учир нь хүүхдүүд цахимаар халдлагад өртөх нь элбэгшсэн учраас энэ төрлийн ажлыг хийж байна. Мөн ус ариун цэвэр хангамж, ундны усны чанарын шаардлагыг хангах ажлыг хийж байгаа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top