Хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 524 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 1 хүний амь нас хохиржээ. Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдсэн байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 208, орон нутагт 43 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top