Цэцэрлэг бариад ч асуудлын гол шийдэгдэхгүй

2022 оны 04 сарын 20

Манай улс 200 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барихаар боллоо. Цоожтой хаалганы ард үлддэг байсан хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг тэгш, хүртээмжтэй хүртэх боломжийг бүрдүүлэхээр төр засгаас ингэж шийдэж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, дүүргүүдийн засаг дарга нартай уулзах үеэрээ улсын төсөвт 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсөвт 100 тэрбум төгрөг нэмж тодотгон ирэх есдүгээр сарын 01 гэхэд хүрэлцээ муутай, ачаалал ихтэй, огт цэцэрлэг байхгүй газруудад цэцэрлэгүүдийг барьж байгуулах үүрэг өгсөн юм. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37.196 хүүхэд байгаа бол улсын хэмжээнд энэ тоо 69.729 болон хоёр дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Нэг үгээр төдий хэмжээний хүүхдүүд “Азын сугалаа”-нд хожоогүй азгүйтсэн. Харин Улаанбаатар хотод төрийн өмчийн 258 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 57 цэцэрлэг нь хэт өндөр ачаалалтай ажилладаг гэсэн судалгааг салбарын сайд нь хэлж байна лээ.

Энэ хэрээрээ дээрх ачаалал багасч, цэцэрлэггүй хороод хүүхдүүдээ өөрийн гэсэн цэцэрлэгт хамруулж эхлэх байх. Тэрч талаас нь дарга, удирдлагууд маань бодолцсон гэдгээ хэлж байна. Мөн Сангийн сайдын хэлж байгаагаар нийслэлийн хэмжээнд 100 гаруй цэцэрлэг шаардлагатай гэсэн. Харин 200 хүүхдийн ортой нэг цэцэрлэгийг өнөөдрийн байдлаар дунджаар гурван тэрбум орчим төгрөгөөр барьдаг аж. Тэгвэл төсөвт нэмж тодотгох 200 тэрбум төгрөгөөр 60 гаруй цэцэрлэг барих боломж бүрдэх боломжтой.  

Гэвч, алга ташин хөөрцөглөхөөсөө өмнө түр азнан бодож үзэх асуудал бас байна. Өнөөх л манайхны судалгаагүй, харилцан уялдаагүй ажилладаг байдлын гай гарч, хотын захын хороодод хүүхэдгүй баахан цэцэрлэг бий болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Яагаад хотын төвийн цэцэрлэгүүдийн ачаалал их, хээл хахуульдаа тулж байж эцэг эхчүүд хүүхдүүдээ өгдөг вэ.

Улсын цэцэрлэгүүдэд яагаад “Хандивын” гэдэг нэртэй анги бүлэг нээдэг вэ. Цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эхчүүд яагаад элдэв юм өгөлцөж, авалцсан ч хэл ам гаргадаггүй вэ зэрэг олон асуултад ганцхан хариулт бий. Тэр нь аав ээжүүдийн ажлын байр хотын төвд, гэр нь захын гэр хороололд учраас юм. Хөдөлмөрийн насныхны ажлын байрны бараг 90 хувь нь хотын төвдөө төвлөрдөг. Хотын төвд ажилладаг аав, ээж 18.00 цагт цагаа бүртгүүлээд тарах ёстой. Тэгж байж цалингаа бүтэн авч, амьдрал ахуйдаа зарцуулна. Харин улсын цэцэрлэг 17.30 гэхэд бүрэн тардагт л асуудал байгаа юм.

Ийм шалтгаанаар хоцроод хүүхдээ авахаар багш нар нь амрах цагаас хумсаллаа, гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй хэмээн гомдоллодог. Зарим нь бүр хоцролтын мөнгө гэж авах нь ч бий. Арга ч үгүй биз, тэр багшийн ажлын цаг нь ийм юм чинь тэгэхээс ч өөр арга байхгүй. Тэднийг буруутгах ямар ч арга байхгүй. Тийм болохоор хүүхдээ ажлынхаа ойролцоо нэг цэцэрлэгт яаж ийгээд оруулчихвал ажлынхаа дундуур гарч гүйгээд авчихна. Тэгээд ажил дээрээ байлгаж байгаад ажлынхаа цагийг дуусахаар цуг тараад харина.

Ингэж л Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ачаалал нэмэгдэж, замын түгжрэлд хувь нэмрээ оруулж яваа эцэг эхчүүд маш их. “Хаягийн бус” гэсэн тодотгол хүсээгүй ч гэсэн хүүхэддээ зүүлгэж, ааштай багш нарын нүдэнд үзүүрлэгдэж явах хувь заяаг аргагүй эрхэнд сонгодог юм. Тэгэхээр зөвхөн цэцэрлэг бариад асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэл бага байна.

Харин ажлын байруудыг нийслэлийнхээ захын хороолол руу аль болох нэмэгдүүлж, төр захиргааны байгууллагуудыг ч гэсэн тэр чиглэлд явуулж байж л цэцэрлэгт хамрагдалт ачаалал багатай жигд болно. Үгүй бол цэцэрлэгүүдийн туслах багш нарын орон тоог нэмэгдүүлж, өдрийн хоёр ээлжээр ажиллуулж, цэцэрлэгүүдийн тарах хугацааг сунгах гарц байж мэднэ. Мэдээж одоогийн яригдаж байгаа байгууллага бүр хажуудаа цэцэрлэг ажиллуулах, түүнийг нь төр засгаас дэмжих гэдэг чухал. Ямартаа ч энэ асуудлыг бүрэн шийдэж, судалгаагаа уялдаа холбоотой явуулахгүй бол захын дүүргийн дугаар хороонд цэцэрлэгүүд нэмж бариад асуудлын гол бүрэн шийдэгдэх боломж одоохондоо харагдахгүй л байна шүү. 

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.24.171) 2022 оны 04 сарын 20

Үюэнийг хэлсэн байна, сэтгүүлч\n

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 04 сарын 20

ИНГЭЖ ХООСОН ЮМ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ БАЙЖ Л ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ ҮҮНТЭЙ МАРГААД ХЭРЭГГҮЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХҮҮХНТЙ САНАА БОЛ ХООСОН МӨРӨӨДӨЛ НӨГӨӨ ФИЛОСОФИЙН ОНОЛООР ОНОЛГҮЙ ПРАКТИК СОХОР ПРАКТИКГҮЙ ОНОЛ ХООСОН ГЭДГИЙН Л ҮЛГЭР БАЙНА ДАА

0  |  0
Top