“Тамгагүй төр”-ийг тамлаж уу, тамгалж уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22


Суут найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан театрын ертөнцөд “Тамгагүй төр” хэмээх жүжгийг яруу найргийн хэлбэрээр дархалж үлдээсэн нь цаг хугацаа явах тусам үнэд орж байгааг “Херо” энтертайментын найруулагч Б.Баатарын шийдлээс харж мэдэрлээ.

Учир нь өнгөрөгч даваа гарагт “Тамгагүй төр” жүжгийг Б.Баатар найруулагч Драмын театрын тайзнаас үзэгч олны зүрх сэтгэлд шинээр тамгалж өгөв.

Дэлгэцийн бүтээл, ялангуяа энтертаймент чиглэлд бүтээл туурвидаг энэ найруулагч анх удаа драмын театрын тайзнаа өөрийгөө зориглон сорьж байгаа нь уран бүтээлч хүний хувьд ихээхэн олзуурхав. Жүжгийн нээлтэд ирсэн УГЗ найруулагч Ч.Найдандорж, Н.Ганхуяг нар “Тамгагүй төр” жүжиг бол найруулагчдын болон жүжигчдийн шандас, авьяас билгийг сорьж шалгадаг жүжиг” хэмээн онцолж байснаас үзэхэд “Херо”-гийн найруулагч зориглон, өөрийгөө сорьсон хэрэг.

Ингэхдээ утга, уран зохиол, урлаг соёлын ай сав дундах олон төрөл зүйлээс өөрийнхөө дэглэлтийг физикл драма хэмээн онцолсон байна лээ. Физикл драма нь эх зохиолыг үгээр бус үйлдлээр харуулахыг хэлдэг. Товчхондоо уг жүжгийн санааг, жүжигчдийн дотоод сэтгэлийг бүжгээр илэрхийлэхийг л хэлдэг байна. Тиймдээ ч Б.Баатар найруулагч энэ төрлийг дүүрэн байлгахыг хичээсэн нь юу юунаас харагдана.

Үндэсний урлагийн их театр болон Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид жүжигчдийн ачааг хөнгөлж, жүжгийн утга санааг уран биеийн уян хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь санаанд хүрсэн. Аргагүй л мэргэжлийн урлагийн байгууллагын авьяаслаг бүжигчид уран биеийн уян хөдөлгөөн бүү хэл энэ л үйл хөдлөлөөрөө үзэгчдийн дотоод сэтгэлийг шагайж чадсанд оршино. Үе үе модерн ханхалж, цухалзаж байгаа нь ч жүжгийг чимэж байв.

Энэ бол Б.Баатарын сэтгэлгээ. Тэгээд ч “Тамгагүй төр”-ийн найруулга, шийдэл, жижиг хэрэглэл, гэрэл техник, дүрүүдийн сонголт гээд бүгд шинэлэг байгаа ч цаанаас нь “Энэ бол Б.Баатар шүү” хэмээн өөрийн эрхгүй хэлж, харагдаж байна лээ. “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг дээ. Уран бүтээлч хүн өөрийнхөөрөө байна гэдэг бас нэг том үзүүлэлт байдаг учраас “Айхтар чоно” юм даа гэж бодож суулаа. Ерөөсөө сайн муу хэмээн шууд дүгнэж харахаасаа илүүтэй тэнд Б.Баатар байв уу, Ч.Найдандорж байв уу, Н.Пүрэвдорж байв уу гэдгийг л би харах гэж очсон. Харах гэснээ харсан, тэнд Б.Баатар л байсан. Аливаа уран бүтээлийн хамгийн эхний асуудпал бол энэ. Би хэрвээ “Херо” Б.Баатарыг харах гэж очтол тэр шууд л Ч.Найдандоржийг харуулаад эхэлвэл би цухалдана биз дээ. Лавтай энэ удаад цухал төрсөнгүй. “Тамгагүй төр”-өөс Ч.Найдандоржийг бус “Херо” Б.Баатарыг олж харсандаа баяртай байна.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ


Төрөл зүйлд хамаатуулахгүйгээр харсан ч “Тамгагүй төр”-ийг драм, музыкл, хийсвэрлэл гэсэн гурван чулуун дээр тулан үзэгчдийн тархи зүрхэнд хамтатгаж байгаагаараа онцлог бөгөөд шинэлэг байсан. Тус жүжгийг урьд өмнө буюу 2001 онд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын найруулагч УГЗ Н.Пүрэвдоржийн дэглэснээр үзэж байв. Саяхан Ч.Найдандоржийн найруулгыг цэнхэр дэлгэцээр харсан гэхээр энэ жүжгийн гурван найруулагчийн шийдлийг үзсэн хүн болж таарна.

Ч.Найдандорж найруулагч анх 1998 онд үзэгч олны хүртээл болгоход Ардын жүжигчин Л.Жамсранжав гол дүр бүтээж байсан энэ жүжиг 22 жилийн дараа ийнхүү өөр өнцөг, өөр шийдлээр үзэгч олны зүрх сэтгэлд морилж байгаа юм. “Саран хөхөө” театрын найруулагч УГЗ Н.Пүрэвдорж бол үнэхээр сайн найруулсан. Гол дүрд нь “Саран хөхөө” театрын жүжигчин Б.Төмөрбаатар ах маань ч маш сайн тоглосон нь өчигдөрхөн мэт санагдана. Энэ үеэр их найрагч Б.Лхагвасүрэн ах тайзан дээрээс “Маш сайн боллоо, найруулагчид жүжигчид мундаг байлаа” хэмээгээд “Хоосон зүүд” жүжгээрээ тус театрынханд бэлэг барьж байсныг тод санаж байна. Найрагч өөрөө дахин жүжиг бэлэглэж байсан дурсамж нь өөрөө миний “сайн болсон” гэдгийн баталгаа мөн биз.

Харин би энэ орой жүжигчдээс, тэр тусмаа тэнд Арчуг хааны дүрээс Ардын жүжигчин Л.Жамсранжавыг биш, жүжигчин Б.Төмөрбаатарыг биш, магадгүй Г.Эрдэнэбилэгийг харах гэж очсон. Эгэрэг түшмэлийн дүрээс Хөдөлмөрийн баатар П. Цэрэндавгыг бус С.Болд-Эрдэнийг олох гэж очсон. Санасандаа хүрсэн. Арчуг хааны дүрээс Л.Жамсранжавыг бус Г.Эрдэнэбилэгийг олж харсандаа баяртай байна. Мөн Цэцэр хатны дүрээс Б.Нармандахыг бус У.Уранчимэгийг харах гэсэн түүнийгээ л харлаа. Өөр яах билээ. Энэ үдэш би чамгүй олзтой гэхэд болно.


Үүнээс улбаалан бодож суухад жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нар бол аргагүй драмын томчууд болсныг үзэв, бахдав. Энэ хоёр нөхрийн нуруун дээр томоохон ачаа ирж, их хариуцлагын өмнө зогсож байна даа гэж бодож суув. Хоёр нөхрийн тоглолтыг 11 жилийн өмнө үзэж байснаас хойш тайзан дээрээс хараагүй. Хааяа дэлгэцээс л харж байлаа. Аргагүй өсөж дэвжиж, энэ цагийн нэрийн хуудас болсон том жүжигчид болжээ гэдгийг харлаа. Алтан үеийн жүжигчдийг хойч үедээ түүчээлсэн Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, Г.Доржсамбуу, П.Цэрэндагва, дунд үеэс Б.Жаргалсайхан гээд драмын урлагийн хүндхэн ачааг үүрч явсан эрхмүүд өдгөө зарим нь бурхны оронд заларч, зарим нь насны эрхээ дагажээ. Тэгэхээр тайз дэлгэц чимэж явсан энэ эрхмүүдийн ачааг ид насны энэ жүжигчид үүрэхээс өөр аргагүй цаг хугацааны өмнө зогсоно. Тэдэнд ачааны хүндийг үүрүүлэхэд даахгүйн зовлон алга гэдгийг “Тамгагүй төр”-ийн дүрүүдээс олж харсан нь бас нэг олз.  

Жүжигчин У.Уранчимэг драмын тайзнаас гараагаа эхэлсэн байх, аргагүй л туршлага, зангараг зааж байна лээ. Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва “Яс сайт яван чангарна” гэдэг шиг залуустай авьяас билэг, хөл нийлүүлэн тоглож байгааг бахдахгүй байхын аргагүй. Жүжигчин Ш.Доржсүрэн хувиа хүнд өгчих, хүнээр дэмжүүлчих жүжигчин биш учраас тэнэг хүүгийн дүрийг шууд л үзэгчдийн сэтгэлд тайз, дэлгэцтэй холиод шидчихэв. Таалагдаж ч байгаа бололтой. Хаанаас ч авч болохгүй, бас хэнд ч байхгүй хувь жүжигчний өөрийнх нь л унаган араншинг яах ч аргагүй. Ш.Доржсүрэн өөрийнхөөрөө л байв. Жүжигчин Б.Шинэбаяр ч хувиа хүнд өгөхгүй, өөрт оногдсон дүрээ тов хийтэл гаргана лээ.

Жүжигчин О.Дөлгөөн өсөж дэвжиж яваа залуу хүн гэхэд Гүргэл хатан гэх том дүрийг драмын тайзан дээрээс үзэгчдийн мэлмийд хамгаалах гэж оролдсон нь талаар болоогүй. Түүнд ирээдүй бий. Гүргэл хатны дүрийг урьд өмнө “Хаадын хаан” жүжгийн Сорхон шарын охин Хадааны дүрийг бүтээж байсан жүжигчин М.Тогтохжаргал лав бүтээж байж. Монголын драмын урлагийг өдий зэрэгт түүчээлэн ирсэн алтан үе, ахмад үеийнхэн болон дунд үеийнхэн, өдгөө залгамжлан яваа залуусын авьяас билэгт бахдахгүй байхын аргагүй гэдгийг би Драмын театр орох болгондоо боддог хүний нэг юм. Мэдээжийн хэрэг, жүжгийн нэгэн гол зүйл болох зураач, тайз гэрлийн ажилтан, арын албаныхан гэдэг бол яах аргагүй үнэ цэнэтэй хүмүүс гэдгийг ч тайзны ар өврөөр сурвалжилж явахдаа мэдэрч хүндэтгэх болсон юм.

Их найрагч Б.Лхагвасүрэн бол өөрөө адармаатай, авьяас билэгтэй хүн. Жүжгийн агуулга ч адармаатай. Хүннү гүрний Арчуг хааны их, бага хоёр хатнаас нэгэн цаг үед нуган үрс төрдөг. Хурмастын хишиг, хувь заяаны тохуурхал хоёрын аль нь болохыг гайхаж ядах хаан Арчуг хаан ширээгээ залгамжлах хөвүүнийг тодруулах хүнд шалгууртай тулна. Ихэд удаан тунгаасны эцэст Арчуг хаан өөрийн бага хатнаас төрсөн хөвүүн Ачирыг хаан ширээнд залгамжилдаг. Учир нь их хатан Цэцэрийн хүү өөрийнх нь мах цусны тасархай биш хэмээн санадаг. Тэр хөвүүн ч Эгэрэг түшмэдийн хүү. Хаан таалаагүй олон жил болсон байхад хатнаас үр төрнө гэдэг ухаан санаанд багтамгүй зүйл мөн.

Гэвч их хатнаас хүү төрсөн нь жүжгийг  ээдрээтэй болгоно. Өрнөл хэсэгт Эгэрэг түшмэд их хатнаас төрсөн өөрийнхөө хүүг бага хатан Цэцэрээс төрсөн хүүтэй солино. Ингээд Арчуг хаан Эгэрэг түшмэдийн буюу их хатнаас төрсөн хүүг өөрийн хүү шиг эвийлж өсгөсөн ч татаж унадаг, ухаан дутмаг эр болж өснө. Тиймээс Хүннү гүрний хаан Арчуг хүүгээ хөнөөхөөр шийдэж, “Хүүгээсээ би маргааш хагацна, Хүннү төр тэнэгээсээ хагацна” хэмээн эрс шийднэ. Улмаар хүүгээ хороолгуулсан Эгэрэг түшмэд ч бага хатнаас төрсөн хүүг хөнөөснөөр уг жүжгийн төгсгөл хэсэг үргэлжилнэ.

Ийм зөрчлийг бий болгож, чаддагаараа Б.Лхагвасүрэн бусдаас тэс өөр байсан. За тэр, жүжгийн үг хэллэг бол ярих юм байхгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй биз ээ.


Жүжгийн өрнөл хэсгээс төгсгөл хэсэгт шилжих мөчид амин сүнс нь буй. Арчуг хаан хүү Ачирыг хороосны дараа хаан бага хатан Гүргэлээ тэвэрч "Хатан минь би чамд хайртай билээ, Энэ явдлын дараа эх хүн жаргаж чадахгүйг би мэдэж байна, биеэ дүүртэл мэдэж байна. Өдөр мандсан нарны хэлтэрхийг шөнө нь тэвэрч хонодог байсан. Тэр минь чи байсан. Өндрийн живаа оддоос ганц од дэргэдээ буулгасан, тэр минь чи байсан. Нуган үрийнхээ араас нулимсаа юүлж суухыг харж тэвчихгүй нь. Амьд зовохоор үхэж жаргах эрхийг амраг чамдаа соёрхъё" хэмээдэг.

Их гүрэн удирдаж байгаа хааны энэ үйлдлийг тэвчих аргагүй үзэгч байхад тэвчиж чадах үзэгч ч бий. “Уулын мод урттай богинотой” гэдэг дээ. Ийн тунгааж суухад өнөөдрийн ихэс дээдэс “Тамгагүй төр”-ийг үзээсэй гэх тэнэмэл бодол ч ажил мэргэжлийн дагуу толгойд орж ирэх нь шал дэмий зүйл аж. Энэ мэт тэнэмэл бодлыг шалавхан таягдаж хаячихаад жүжгийн эхлэл хэсэг рүү явахад олон бөөгийн тамлага, хэц хэнгэргийн чимээ зэрэг нь хэний ч сэтгэлд айдас хүйдэс, сүсгийг зэрэг зэрэг төрүүлсэн байх. “Херо” Б.Баатарын хувьд үүнийг улам бүр ч сүржин болгосон нь үзэгчдийг шуудхан хөтөлж, үзэх хүслийг асаасан нь илт. Ялангуяа энэ хэсэгт Б.Баатарын унаган найруулга ихэд бадрангуй цухалзана билээ. Иймдээ ч үзэгч олныг хөтлөн дагуулдаг байх.

Тэр тусмаа яруу найргийн нэгэн амин сүнс үүнд бий бөгөөд түүнийг үйл хөдлөл, хөгжмөөр хүлээж авсан мэдрэмж бол минийх байх гэж өөрийгөө тусгаарлаж ч үзэв. Тэгэхээр жүжгийг өргөж тэтгэн эхлүүлж байгаа хэсгийг яруу найрагч өөрөө тунгаан бичиж, найруулагч олж харснаар улам бүр товойлгож өгчээ. Гагцхүү “Тамгагүй төр”-ийг үзэх хүсэл шууд л төрөх эхлэл болж чадаж байна. Ямар ч сайн зохиолыг тааруу эхлүүлвэл тааруу л байдаг шүү дээ. Уран бүтээлээр, тэр тусмаа тайзны бүтээлээр шууд үзэгчдийн зүрх сэтгэлийг хөтлөн эхлүүлэх амаргүй байх. 

“Херо” Б.Баатар “Тамгагүй төр”-ийг “Би найруулна” гээд шууд драмын театрын тайзнаа гаргачихсангүй. Б.Лхагвасүрэн найрагч, Б.Баатар нар хамтран “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг эвлүүлж байхдаа “Тамгагүй төр”-ийг физикл драмын хэлбэрээр үзэгч олны хүртээл болгохоор ярилцаж байж. Харин найрагч маань энэ яриа биеллээ олохыг эс хүлээн тэнгэрийн орныг зорьсон ч найруулагч нь драмын тайзнаас үзэгч олны зүрхэнд Б.Лхагвасүрэн найрагчийн суу билиг, гэгээн дүрийг дахин нэг асааж өгсөн нь бас л дурдахгүй байхын аргагүй. Өдгөө 90 гаруй насны сүүдэр зооглоод буй Драмын эрдмийн театр нь өнгөрөгч хугацаанд 400 гаруй жүжгийг өөрийн бүтээл болгон олны хүртээл болгосны эхний тавд багтах жүжиг нь “Тамгагүй төр” гэдгийг нэртэй найруулагчид хэлнэ лээ.

Ямартай ч театр урлагийн нэгэн сод бүтээл “Тамгагүй төр”-ийг өөр өнцгөөс өөр шийдлээр харуулахыг зорьсон найруулагчийн зориг, жүжигчдийн авьяас билиг, бүжигчдийн ур чадвар, зураач, тайз гэрэл, инженер техникийн ажилчдын туршлага шийдэл гээд маш олон зүйл түшиж тулж байж сая жүжиг босдог учраас бүгдэд нь талархах учиртай. Эцэст нь Б.Баатарын бүтээл гэж үлддэг хатуу зарчимтай урлагийн тайзан дээр уг нь 500 орчим уран бүтээлч, инженер техникийн ажилчдын авьяас билиг, хөлс хүч оролцсон юм шүү гэдгийг дуулгах хэрэгтэй. Урлагийн Янжинлхам бурхан үргэлжид ивээж яваг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top