СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклын ослоор 21 хүний амь хохирч, 24 хүн гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1200 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 882 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 17 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд бүгд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол насны хувьд 11-13 насныхан байна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд мотоцикл, унадаг дугуй болон дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр хөдөлгөөнд оролцох зэргээс гарч байгаа осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зорилгоор “ХАМГААЛАХ МАЛГАЙ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Хамгаалах малгай арга хэмжээний гол зорилго нь мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцогч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Энэ оны эхний гурван сарын байдлаар мотоциклын ослоор 21 хүний амь хохирч, 24 хүн гэмтэж бэртсэн байна.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Энэ долоо хоногт мотоциклтой хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь хохиржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.88) 2022 оны 04 сарын 22

Мотоцикль бол аминаасаа уйдсан залуусын үхлийн өмнөх зугаа юм даа.

0  |  1
Top