Олон улсын музейн өдрөөр буюу өчигдөр (2022.05.18) Өмнөговь аймгийн Даланзадгад суманд "Говийн байгаль, түүхийн музей" үүд хаалгаа нээлээ.
Тус музей нь говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан хөдөлмөрөөр бий болсон соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий 4000 гаруй эд өлгийн цуглуулгатай аж. Өмнийн говь нь дэлхийд ховорхон байдаг палеонтологийн олдворууд тэр тусмаа үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаар баялаг юм.
Энэхүү музейд дэлхийд анх Монгол нутгаас олдсон үлэг гүрвэлийн өндөгний үүр, эвэрт үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ яс, түүний бөөнөөр хадгалагдсан 15 зулзага, шалмаг түргэн хөдөлгөөнтэй жижиг махан идэшт үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ ясыг байгалиас олдсон хэлбэрээр нь дэлгэн үзүүлжээ. Мөн Гурвантэс сумын нутгаас олдсон аварга махан идэшт үлэг хүрвэл тарбозаврын бүтэн хэлхээ ясны олдвор нь Монгол нутгаас олдож байсан тарбозаврын хамгийн том олдворын нэг юм.
Түүнчлэн геологи, ашигт малтмалын үзмэрийн тасагт Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олдсон төрөл бүрийн хүдэр, ашигт малтмал, Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын олдворын дээжис, эрдэс давс, хагас эрдэнийн чулуулгуудыг дэлгэн тавьжээ. Хүний үүсэл хөгжил, түүх, угсаатан зүй, урлаг уран сайхан гээд өмнийн говийг бүхэлд нь багтаасан энэхүү музейн барилга нь ч элсэн манханаа дүрсэлсэн байна.
Аймгийн музейн хуучин барилга нь 1954 онд зочид буудлын зориулалтаар баригдсан чулуун барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөл зай талбай, орчин нөхцөлөөс болоод говь нутгийн түүхийн болон үлэг гүрвэл, палеонтологийн асар их үзмэрийнхээ 50 орчим хувийг үзэгчдийн хүртээл болгож байлаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон тухайн үеийн аймгийн удирдлагуудын санаачилгаар музейг шинэчлэн барих ажлыг эхлүүлж, Өмнөговь аймгийн МАН-ын “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад анх удаа Орчин үеийн стандартын шаардлага хангасан, өвөрмөц загвар, шийдлийг хослуулан барьсан байгалийн түүхийн музей ашиглалтад орж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )