Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэтэй зам тээврийн осол, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Замын хөдөлгөөний осол, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Улсын хэмжээнд 2022 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийт зам тээврийн осол, гэмт хэргийн шинжтэй 8258 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 7206, орон нутагт 1652 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Одоогоор зөвхөн зам тээврийн ослын улмаас 112 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байгаа. Үүнээс хүүхэд өртөж нас барсан гэмт хэрэг 18 бүртгэгдсэн.
Дээрх зам тээврийн ослыг газар нутгаар нь авч үзвэл нийслэлд 24, орон нутагт 88 хүн байна. Харин нийслэлд 2 хүүхэд, орон нутагт 16 хүүхэд амь насаа алдсан. Явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо 24 хүн амь насаа алдсан бол зорчигч хэлбэрээр 43, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан 45 тохиолдол бүртгэгдсэн байна.
-Зам тээврийн ослын түгээмэл шалтгаан юу байна вэ?
-Ослын дийлэнх шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ерөнхий болон аюулгүй байдлын дүрмүүдийг мэддэг. Хэдий тийм ч анхаарал болгоомжгүй байдал, үл тоох хандлага нь осол үүсэх гол шалтгаан болдог.
Улсын хэмжээнд бүртгэгдэж буй зам тээврийн ослуудын нийтлэг гарч байгаа зөрчлүүд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй хөдөлгөөнд оролцсон үедээ осолд өртсөн тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна.
Харин Улаанбаатар хотод гэрэл, дохио зөрчих, замын барилга байгууламж мөргөх, хурд хэтрүүлснээс зам тээврийн осол гарч байна.
-Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн талаар цагдаагийн байгууллагаас сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад үе шаттайгаар сургалт орж байгаа. Энэ нь үр дүнгээ хэрхэн өгч байгаа вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг сар бүр зохион байгуулж байгаа. Энэ оны 1, 2 дугаар сард “Гэрлээр анхааруулъя”, 3 дугаар сард “Гар утас”, 4 дүгээр сард “Хамгаалалтын малгай”, 5 дугаар сард “Сургууль орчмын бүс” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тодорхой үр дүнд хүрч зам тээврийн осол, хэрэг буурч байгаа.
Цаашид ч гэсэн бид цаг үеийн нөхцөл байдалд тохирсон нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байна.
-Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарахгүй, гэрэл дохио зөрчих, тээврийн хэрэгсэлд зориулалтын суудалд суулгахгүй авч явах гэх мэт зөрчил их гаргадаг. Тэгвэл эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд бага насны хүүхдийг авч явахдаа хэрхэн аюулгүй байдлыг нь хангах ёстой вэ?
-Цагдаагийн байгууллагаас соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийн ажлыг үе шаттай хүргэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцох үедээ тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй, гэрэл дохио зөрчихгүй, гарцгүй газраар гүйх, зохицуулагчийн дохио зөрчихгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна.
-Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд унадаг дугуй, мотоцикл, цахилгаан скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол хэр бүртгэгдэж байна вэ. Хэдээс дээш насны иргэд эдгээр тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой вэ?
-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд мопедийг 16-аас дээш насанд хүрсэн хүн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно. Харин унадаг дугуйг 14-өөс дээш насны хүн явган хүний болон унадаг дугуйн замаар зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр зорчино. Бага насны хүүхдүүд зөвхөн тоглоомын талбай, зориулалтын талбай дээр зорчино гэж заасан байдаг.
Орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглах болсон. Мөн жолооны сургалтад хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй хүн мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцдог, хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Иймд эцэг, эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикл, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоорой.
-Орон сууц болон гэр хорооллын дундах замаар иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж зорчих талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй гэж заасан боловч энэ нь тухайн нөхцөлд жолооч, зорчигч бие биеэ харж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй байна.
Үл хөдлөх саад, орон байр, тээврийн хэрэгслийн цаанаас гэнэт гүйх, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харалгүй зорчих хэсэг рүү гарч зам тээврийн осолд өртвөл явган зорчигчийн давуу эрх хязгаарлагддаг.
Өнөөдрийн нөхцөлд орон сууцны гадна автомашины зогсоол хүрэлцээгүйгээс явган хүний зам дээр машинаа байрлуулдаг. Үүний улмаас тухайн тээврийн хэрэгслийн цаанаас хүүхэд харагдахгүй гарч ирснээр зам тээврийн осолд өртөж улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарч байна.
Мөн иргэд малгайтай цамц, куртка өмсөх нь үзэгдэх орчныг хязгаарлаг, гар утас, чихэвчний хөгжим хэрэглэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор тухайн орчныхоо эрсдэлийг тооцоолж чадахгүйгээс шалтгаалж осолд өртөх нөхцөл байдал үүсдэг.
Зөвхөн хорооллын дундах замд гэлтгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, шатах, тослох материал, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )