АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-аар дамжуулан Монгол Улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг эхлүүлснийг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн уг төсөл нь орчин үеийн цэвэр эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Дүрэм журмын хүрээнд төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шинэ дэд бүтцийн төлөвлөлтийг чиглүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зэргийг дэмжихийн тулд ОУХА Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран ажиллана гэсэн мэдээллийг өгч байна.
Монгол Улсыг хариуцсан захирал Уашбөрн “ОУХА нь 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын цахилгаан станцуудын нэгд яаралтай засвар хийснээс эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт системээс зах зээлд суурилсан системд шилжих бүхий л үед Монголын эрчим хүчний салбарыг дэмжсээр ирсэн урт түүхтэй. Бие даах чадвараа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх, эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжихэд тус дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү үр бүтээлтэй түншлэлээ Монгол Улстай үргэлжлүүлж байгаагаараа бид бахархаж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 20 орчим хувь нь хөрш орнуудын импортоос хамааралтай байдаг. Өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний илүү найдвартай хангамжийг бий болгох юм. Төсөл нь илүү тогтвортой, бие даасан эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм болж, Засгийн газарт ирэх төсвийн дарамтыг багасгах болно гэж ЭСЯ-ны мэдээлэлд дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
сайхан байна харин орос ах нар шатахуунаа багасгаад өгвөл сайн байна даа укриан ч бас хандив авч байна даа