"Монголбанк активын шалгалт хийгээгүй тул банкуудын  IPO хойшлох нөхцөл үүссэн"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар банкууд ирэх сарын 30-нд багтаж IPO гаргах ёстой. Гэхдээ улс төрийн түвшинд IPO гаргах хугацааг нэг жилээр хойшлуулах асуудал хэлэлцэгдэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 10-нд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн юм.

Сануулахад,  энэ сарын 3-ны өдөр  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжсэн.

Гэхдээ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичгийг Монголбанкнаас  өнгөрсөн гуравдугаар  сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд ирүүлснийг сануулъя.

Банкуудын тухайд  IPO хийх бэлтгэлээ хангах ажлын хэсэг байгуулж, жил орчим хугацаанд нэлээд зардал мөнгө гаргаж бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч буй. Системийн нөлөө бүхий зарим банк IPO хийх зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагуудаас хүлээж байгаа юм.

Тэгвэл Б.Жавхлан сайд IPO-г хойшлуулах үндэслэлийн талаар хэлэхдээ "Банкны салбарын шинэчлэлийг чанартай хийхийг чухалчилж байна. Олон улсын санхүүгийн байгууллагын зүгээс арилжааны банкуудад шалгалт хийгээд балансынх нь бодит байдал, эрсдэлийг нь үнэлж гаргаад хөрөнгө оруулагч нарт санал болгох шаардлагыг тавьсан. Хэрэв Монголбанкнаас арилжааны банкуудад активын шалгалтыг нь зургаадугаар сарын 30-наас өмнө хийсэн байсан бол өнөөдөр хугацаа сунгах шаардлага байхгүй. Бид шинэчлэл хийх гэж байна гээд зах зээл, хөрөнгө оруулагчдыг хуурч болохгүй" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top