“Эн Ар Си Си” үндэсний судалгаа, зөвлөгөөний төвөөс эдийн засгийн салбарын анхаарал татсан, ач холбогдол бүхий сэдвүүдийн хүрээнд семинар зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр /2022.05.25/ “Финтек хэрэглэгчдийн зан төлөв ба сэтгэл зүй” сэдвийн хүрээнд ээлжит семинараа зохион байгуулах гэж буй аж.
Судлаач Г.Мандухай бусад судлаачдын хамтаар гар утасны zeely аппликейшн ашиглан зээл авсан хүмүүсийн их тоон өгөгдөлд тулгуурлан финтек хэрэглэгчдийн зан төлөв болон сэтгэл зүйг судалж, сонирхолтой үр дүнг танилцуулжээ.
Судалгааны дүнгээс эшлэн хүргэхэд: Зээлийн төлөлтөө хугацаанд нь төлдөг болон төлдөггүй зээлдэгчид зан төлөв, сэтгэл зүйн хувьд хэр их ялгаатай байдаг вэ? Зээлээ хугацаанд нь төлдөг хэрэглэгч нь төлдөггүй хэрэглэгчдээс бусдын өмнө болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвар, мөнгөнд хандах хандлага, азад бус өөрт найдах, ур чадвартаа анхаарах байдал болон хариуцлага алдах айдас зэрэг хувь хүний сэтгэл зүйн онцлог байдлаараа ялгаатай байдаг байна.
Судалгаанд цахим зээлийн аппликейшн ашиглан зээл авсан 10.615 хэрэглэгч хамрагдсан бөгөөд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй хэрэглэгчид байжээ. Хэрэглэгчдийн дундаж нас 30.9 ба үүнээс 17 хувийг 18-23 насныхан, 34 хувийг 24-29 насныхан, 23 хувийг 30-34 насныхан, 11 хувийг 35-39 насныхан, 7 хувийг 40-44 насныхан, 7 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна.
Мөн түүнчлэн, нийт хэрэглэгчдийн 48 хувь нь дээд, 36 хувь нь бүрэн дунд, 16 хувь нь бүрэн бус дунд болон мэргэжлийн тусгай дунд боловсролтой байжээ.
Судалгааны үр дүнд зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлдэг хэрэглэгчид бусдын болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвар сул, хариуцлагаа бусдад тохох хандлагатай байгаа нь ажиглагджээ.
Хариуцлагаа бусдад тохох хандлагыг “хэрвээ ямар нэг сайн дохио гарч ирвэл аз ирэх гэж байна гэж боддог” буюу өөрт тохиолдох зүйлст гаднын нөлөө их гэж боддогоор хэмжжээ.
Мөн түүнчлэн, зээлээ хугацаанд нь төлдөг хариуцлагатай хэрэглэгчид өөрийгөө дайчлах чадвар сайтай буюу ажил эхлүүлэхэд хэн нэгний шахалт хэрэггүй буюу өөрийн амьдралд өөрөө л хариуцлага үүрнэ гэсэн үзэлтэй байдаг байна.
Судалгааны өөр нэг сонирхолтой үр дүн бол зээлдэгчдийн мөнгөнд хандах хандлага зээлээ хугацаандаа төлдөг болон төлдөггүй хэрэглэгчдээр ялгаатай байжээ. Тухайлбал, их мөнгө аз жаргалтай болгодог гэж үздэг хэрэглэгчдийн 60 хувь нь зээлээ хугацаандаа төлдөггүй бол мөнгийг үрэхээс илүү хадгалдаг хэрэглэгчдийн 50 хувь нь зээлийн хугацаагаа хэтрүүлдэг байна.
Хариуцлагатай зээлдэгчид бусадтай харилцахдаа мөнгөтэй эсэхэд анхаардаггүй, ялгаваргүй ханддаг, бусдыг үнэлэхдээ эд хөрөнгөтэй эсэхийг чухалчилдаггүй ажээ.
Мөн мөнгө багатай ч амьдралаа зохицуулах боломжтой гэх хандлага хариуцлагатай зээлдэгчдийн дунд хугацаа хэтрүүлдэг зээлдэгчдээс 40 хувиар илүү илэрсэн байна. Мөнгөний талаарх сөрөг хандлага буюу мөнгийг тахин шүтэх, мөнгө ашиглан санасандаа хүрч болно гэх итгэл үнэмшил хариуцлагагүй буюу хугацаа хэтрүүлдэг харилцагчдад түлхүү илэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )