Б.Баасандорж: Баримт нотолгоотой шүгэл үлээхийг хүсэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

“Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран зохион байгууллаа. 

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, ОУСК-ийн Төслийн менежер Д.Жигжидмаа, МХЕГ-ын холбогдох газар, хэлтсийн дарга нар, хүнсний үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцов.
 



Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй, дарамт багатай зохион байгуулах, төрийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах асуудал, шийдлийн талаар оролцогч талууд харилцан санал солилцож, мэдээлэл авах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр онцоллоо. 



Мөн уулзалтын эхэнд МХЕГ-ын дарга Б.Баасандорж Мэргэжлийн хяналт шалгалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шинэтгэлийн талаар, ОУСК-ийн Төслийн менежер Д.Жигжидмаа Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудалын талаар танилцуулсан юм. 

Оролцогчдын зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, давхардал, хил гааль дээр үүсдэг асуудлын талаар саналаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөн ярилаа. 

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байцаагч нарын ур чадварыг нэмэгдүүлж, мэргэшүүлэх, сэлгэн ажиллуулах, аж ахуйн нэгжүүд байгууллагын дотоод хяналтаа сайжруулах, экспортод шаардлагатай гэрчилгээг МХЕГ-аас авах үйл явцыг цахимжуулж, хугацааг богиносгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дүрэм журам стандартуудыг олон улсын стандартуудтай уялдуулан шинэчлэх, төрийн байгууллага хоорондын нэгдсэн уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд хандсан чанар, аюулгүй байдалтай холбоотой мэдээллээр олон нийтийг хангах зэрэг нийтлэг асуудлуудыг хувийн хэвшлийнхний зүгээс тавьж байлаа. Түүнчлэн стандарт, дүрэм журмуудыг өөрчилж, шинэчлэхэд мэргэжлийн холбоодын зүгээс хамтран ажиллаж боломжтойгоо илэрхийлэв. 

МХЕГ-ын дарга Б.Баасандорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Монгол Улсад 220 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, төрийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтаас гадна төрийн 16 байгууллага хууль тогтоомжийн хүрээнд явуулж байна. Энэ хоёр тал эцсийн дүндээ хүний төлөө л ажиллаж байгаа. Цаашид ч төрийн хяналт шалгалт байх ёстой. Гэхдээ төрийн хяналт шалгалт гээд дарамт учруулж, шахалт үзүүлж болохгүй, хүнд суртал гаргаж болохгүй. Түргэн шуурхай, зөв шалгалтыг явуулж, аж ахуйн нэгжүүдэд тусалдаг, зөвлөдөг, дэмждэг чиглэл рүү явна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрлийн хяналт шалгалтыг хувийн хэвшилтэйгээ хамтарч явуулдаг тогтолцоо руу хууль эрх зүйн орчны хүрээнд шилжинэ. Тухайлбал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах бүрэн боломжтой гэж харж байна. Манай салбарт болохгүй байгаа зүйлийн талаар баримт нотолгоотойгоор шүгэл үлээхийг хүсч байна. Цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  сургалт, урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлаар МҮХАҮТ-тай хамтарч ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top