Санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаа, оролцоог дэмжсэн “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”, "Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-уудыг өнөөдөр шинэчлэн баталжээ.
Эдгээр журмыг баталснаар хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага илүү хялбар болохоос гадна хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, нэгж эрхийн танилцуулгыг олон нийтэд танилцуулах, сангийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны зохион байгуулалт, сангийн үйл ажиллагаа, активт тавих шаардлага, мэдээллийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт сайжирна.
Тухайлбал, “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”-аар хамтын нээлттэй болон хаалттай хөрөнгө оруулалтын сангийн онцлогоос хамааруулж үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг шинэчлэн тодорхойллоо. Мөн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, стратегийн хүрээнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, сангийн активт тавих шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, сангийн цэвэр активын үнэлгээг тооцох, хамтын нээлттэй сангийн хувьд нэгж эрхээ санд буцаан худалдах, сан нэгж эрх гаргах ажиллагааг тогтмол зохион байгуулах ажиллагааг Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас гаргасан зөвлөмж, судалгаа болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулсан юм.
Түүнчлэн олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглагддаг хамтын сангийн төрөл болох биржээр арилжаалагддаг сан /ETF/-ийн зохицуулалтыг бий болгож, сангийн нэгж эрхийг анхдагч, хоёрдогч зах зээлд санхүүгийн хэрэгслээр солилцох ажиллагааг зохион байгуулах, уг үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн үнэт цаасны компани /authorised participants/-д тавих нөхцөл, шаардлагыг тусгалаа.
Харин “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, нөхцөл, ёс зүйн зарчим, мэдээллийн ил тод байдал, үүрэг, хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ дотооддоо сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлсэн тогтолцоо, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх болон дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжтэй байх зэрэг зохицуулалтыг бүрдүүллээ
Журмуудын зохицуулалт хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжихээс гадна шинэ бүтээгдэхүүний тоо өсч улмаар үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээ нэмэгдэх юм. Цаашилбал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, зах зээлд итгэх итгэл өссөнөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )