Энэ оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 529 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулжээ.
Нийт ББСБ-уудын 5.3 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтаар, 94.7 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай байна. ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 883.7 тэрбум төгрөгөөр буюу 42.3 хувиар, 2018 оны 1 дүгээр улирлаас 284 хувиар өсжээ.
Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 25, 50 болон 75 хувийг бүрдүүлж буй ББСБ-уудын зээлийн үлдэгдэл салбарын нийт зээлийн үлдэгдлийн 28.3, 53.7, болон 78.2 хувийг тус тус эзэлж байна. Нийт хөрөнгө болон нийт зээлийн үлдэгдлийн эзлэх хувь ойролцоо хэдий ч нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь харгалзан 3.3, 3.8 болон 5.5 хувьтай байна.
Өөрөөр хэлбэл салбарт эзлэх хэмжээ их ББСБ-уудын зээлийн чанар салбарын дундажтай харьцуулахад сайн байгаа аж.
Салбарын нийт хөрөнгийн 50 хувийг бүрдүүлж буй 23 ББСБ-уудын зарим нь үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг ашиглан, хүртээмжтэй байдлаар үйлчилгээг үзүүлдэг. Нийт үйлчлүүлэгчдийн 82.1 хувь нь зөвхөн эдгээр ББСБ-уудын харилцагчид аж.
Нийт гадаад хөрөнгө оруулалт бүхий ББСБ-уудын 42.9 хувь буюу 12 нь Япон улсын, 25 хувь буюу 7 нь БНСУ-ын, 3 нь АНУ-ын, 2 нь Их Британи улсын, үлдсэн нь Малайз, Хонг Конг зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 13.9 хувийг эзэмшдэг бөгөөд нийт харилцагчдын 2.5 хувьд үйлчилгээ үзүүлдэг аж. Тодруулбал, Банк бус санхүүгийн салбар дахь гадаад, дотоод хөрөнгө оруулалтын харьцаа дараах байдалтай байна.
2022 оны нэгдүгээр улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ий 6.9 хувьтай тэнцэхүйц хэмжээнд байна.
Сэтгэгдэл ( 0 )