“ЦООЖЛОГДСОН” хүүхдийн эрх

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 01

Өнөөдөр “Хүүхдийн эрхийг хамгаалах” олон улсын өдөр. Энэхүү өдөртэй холбоотойгоор манай редакц хүүхдийн эрхийн асуудлаар цуврал нийтлэлийг хүргэж эхэллээ. Энэ удаад хүүхдийн хөгжих эрхийг түгжсэн тоглоомын талбайн асуудлыг хөндсөн бол тун удахгүй “цоожлогдож” одсон олон олон амины тухай өгүүлэх болно.


Хүүхдийн ТОГЛОХ ЭРХИЙГ ЦООЖЛОХОО БОЛЬЦГОО

Энэ бол нийслэлийн ... дүүргийн дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбай. Яг үүн шиг цоожлогдсон тоглоом нийслэлийн нэлээд олон хүүхдийн тоглоомын талбайд харагдана. Гэтэл тэрхүү газруудын оноогдсон нэр нь “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ”.  Нэршлээсээ таг зөрсөн энэ газруудыг түгжиж, том толгой гаргадаг нөхдүүд нь тухайн орон сууцны СӨХ-д. Шалтгаан нь маш энгийн “Хүүхдүүд өдөр, шөнөгүй тоглодог. Оршин суугчдаас гомдол ирсний дагуу...” аль эсвэл “Эвдрэл үүсэж, ээлжийн засвараа хийж чадаагүй байгаа” гэх тайлбартай...

Үндсэн хуулиндаа “Хүүхдийн эрх” гэх томоохон бүлэгтэй, түүнийхээ IV зүйлд “Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй, ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдэд зориулсан барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах” гээд тодоос тод тусгаад, хуульчлаад өгсөн атлаа түүнийгээ үргэлж зөрчиж байдаг улс манайхаас өөр ер нь байхгүй л болов уу.

ДАХИН НЭГ ЖИШЭЭ ӨГҮҮЛЬЕ. Энэ бол мөн л нийслэлийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сагсан бөмбөгийн талбайн дүр зураг. Оршин суугчдаас “Хүүхдүүд тоглоод байгаа учраас щитний цагирагыг авч өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа тавьсны үндсэн дээр хийж буй ажлын дүрс бичлэг. Түүнийг бичиж буй хүүхдүүд нь “Цагирагыг нь авч байгаа бол щитийг нь бас нураачхаарай” гэх гомдлын үгс чулуудна. Энэ бол ганцхан бүлэг хөвгүүдийн үгс бус бүх Монгол хөвгүүний үг юм.

Дэлхийн суу алдартай эрхмүүд, спортын өндөрлөгт гарсан мундгууд ихэвчлэн гудамжнаас, ядуу гэр бүлээс, зовлон бэрхшээл дундаас амжилтын түлхүүрийг атгасан байдаг. Яг тэдэн шиг, тэднээс үлгэр дууриал авсан олон хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг бид хувиа хичээсэн нэг л үйлдлээсээ болж унтрааж, мохоож байгаа гэдгээ хэзээ ойлгох юм бэ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд “Цар тахал”-ын давлагаанд өртсөн. Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хорьж, хүүхдүүдийн хөгжих эрх, сурах эрхийг “цахим”-тай холбож орхисон билээ. Үүний улмаас Улсын хэмжээнд нийт 829,472 хүүхэд сургууль, цэцэрлэгээсээ завсардсан байна. Бүр дэлгэрүүлбэл Ерөнхий боловсролын 572,752, сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн насны 256,720 хүүхэд цар тахалд “хоригдсон” гэх  судалгааг гаргажээ. Тийнхүү тэд сая нэг хоригоо тавиулж, хүүхдийн тоглоомын талбайдаа хөөр баяртай гарч иртэл тэр нь түгжээтэй. Хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байгаа бол...

Гэтэл томчууд өөрсдөө хөл хорионоос залхаж, онцгой дэглэм буурахтай зэрэгцэн уяанаасаа алдуурсан мэт найр наадам, шоу цэнгээн хөөцөлдөж баярлаж цэнгэв. Төрийн удирдлагууд нь нийтээрээ эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй байхыг уриалж “Эрүүл Монгол” хүн гэх мэт сүржин нэртэй хөдөлгөөнийг хүртэл бүх улс орон даяараа зарлан хэрэгжүүлж байсан атлаа хүүхдүүдийнхээ хөдлөх, хөгжих эрхийг хумсалсаар байгаа нь харамсалтай.

“Эрүүл Монгол” хүн аяны хүрээнд нийслэл дүүрэг, орон нутгийн спорт заалууд хаалгаа нээж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Гэхдээ энэ бол хангалтгүй тоо. Хүн амын өсөлт, спорт заалнуудын хүрэлцээг бодоод үзэхэд хүүхэд бүр спорт зааланд тоглоод байх боломжгүй. Тиймдээ ч ханатлаа тоглоод, тавхан алхмын цаана байх гэртээ харих нь тэдэнд илүү давуу талтай. Энэ бол хүүхдүүд хүүхдийн тоглоомын талбайдаа тоглох ёстой гэх эхний шаардлага юм.

Ер нь Монголд ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ гэх нэршилдээ бүрэн зохицсон, “жинхэнэ” талбай хэд байгаа вэ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас үе үе энэ асуудалд хяналт хийдэг аж. Мэдээж бүгдийг нэг бүрчлэн хамруулахад цаг хугацаа шаардлагатай гэдгийг уншигч та эс хэлүүлэх биз. Тус газраас 2021 онд  хийсэн судалгаанд нийт 1637 тоглоомын талбайг хамруулан, шалгалт зохион байгуулжээ. Эдгээрээс нийт 930 гаруй нь шаардлага хангахгүй гэх дүн гарсан байна. Шаардлага гэдэг нь стандартын баримт бичигт тусгасан шалгуурыг хэлж буй билээ.

Үүнээс үзэхэд шалгалт хийсэн нийт талбайн 50 гаруй хувь нь эвдрэлтэй гэмтэлтэй байна гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн нөхцөл байдалтай уялдуулан нарийн хяналт шалгалт хийгдээгүй боловч үр дүн нь бараг ойлгомжтой болов уу.

Бодит байдал ийм байсаар байтал хүүхдийн тоглоомын талбайг хүүхдүүдээс булаадгаа зогсоох хэрэгтэй. Ер нь хүүхэд тоглуулах гэж байгуулаагүй юм бол хориглож, байнга ад үзээд байгаа тэр оршин суугчдаар тэрхүү талбайн эдэлбэр газарт мод тариулбал ямар вэ. Нэгэнт л ажиллахгүй байгаа тоглоомын талбай гэж зай бөглөсөн газар байснаас нураагаад мод тарьчихъя.

Өнөөгийн хүүхдүүдийн задгай сэтгэлгээ, хөгжлийн хурдыг бид 10-20 жилийн өмнөх өөрсдийн хүүхэд настайгаа жиших ямар ч боломжгүй юм. Үеийнхэнтэйгээ уулзаж, хөгжилдөж байж хөгждөг өсвөр үеийнхнийхээ тоглох, хөгжилдөх эрхийг хугаслаад байх юм бол цахим эринд дарлагдсан, баригдсан, хоригдсон өвчтэй хүүхдүүдтэй л болно.

Тиймээс “хохирлоо” гэж хашхичиж, ирээдүйгээ заналхийлж буй эцэг эхчүүдэд, эвдрэл гэмтлээ засаж залруулдаггүй, эд хогшлыг эвлүүлэн янзалдаггүй, сэтгэлгүй сууц өмчлөгчдийн холбоодод хариуцлага тооцъё. Атаман зантай аав ээж, ах эгч нарын хувиа хичээсэн зангаас алаг үрс айх учиргүй.

ХОЙЧ ҮЕЭ ХУЛГАЙЧ МЭТЭЭР ТӨСӨӨЛӨН, ДӨНГӨЛСӨН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГАА ЧӨЛӨӨЛЦГӨӨЕ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top