“Бар жил хатуу” гэдэг олны үг оргүй биш бололтой. Цар тахалтай тэмцэх аргаа хайж, царцаагдсан салбаруудаа хөдөлгөөнд оруулахын тулд өнгөрөгч онд бид олон зүйлтэй дасан зохицох гэж хичээж ирсэн.
Оны босгон дээр олон нийтээрэй цуглаж, ойрын хоёр жил олигтой ууж идээгүйгээрээ наргисан. Түүний уршигаар шинэ оны эхэнд шив шинэхэн танилтай болсон нь “ОМИКРОН”.
"Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх" гэгчээр дэлхий нийтэд аюулын харанга дэлдэгч омикрон гайхал хормын төдийд хар сүүдрээ хаа сайгүй тусгаж, улсад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдол гэрлийн хурдаар нэмэгдэж байна.
Өнгөрөгч хоёрхон хоногийн хугацаанд л гэхэд Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, энэ тоо хоёрдугаар сарын эхээр 50-60 мянгад хүрнэ хэмээн ХӨСҮТ-өөс анхааруулаад буй.
Тэгэхээр энэ тоо нэмэгдэх нь нэгэнт ойлгомжтой боллоо.
Арав гаруйхан хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр болно. Хоёр жил хөл хорионд байсан монголчууд энэ удаад “Тэснэ гэхэд яаж тэсэх вэ” гэх аятай аль хэдийн хэвийн боов, хувцас хэрэглэлийнхээ эрэл хайгуулыг хийгээд эхэлж. Түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна.
Нөгөө л хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхдөг заншлаараа цалин, тэтгэвэрийн зээл авч, сар шинийн үзэсгэлэн худалдаа “хоослогчид”-ын цуваа татрахгүй нь.
Хил гааль хаагдсанаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдол ч бий боллоо. Бараг дүүрэг болгонд гарч буй “Цагаан сар 2022” үзэсгэлэн арга хэмжээний тухайд л гэхэд хүнс үйлдвэрлэгч компаниудын хэвийн боовны үнэ урьд жилүүдээс хоёр дахин, дээл хувцасны үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн лангуунд шинэ содон, загварлаг гэхээсээ илүүтэйгээр “Олдсон материалдаа тааруулж хийсэн. Даавуу, торго олдохгүй байна” гэх гомдлын үгс сонсогдоно. Гарын бэлэг сэлтний тухайд “Өмнө жилээс үлдсэн бараагаараа өнөө жил аргацааж байна” гэнэ.
(Үнэ ханштай холбоотой сурвалжилгыг ЭНД-ээс уншаарай)
Түүгээр ч зогсохгүй орон нутгийн удирдлагууд хот хүрээнээс ирэх зочдод сайнгүй хандах нь ойлгомжтой болсон. Өнгөрөгч өдөр Улсын Онцгой комиссоос 21 аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмж, чиглэлийн хүрээнд орон нутгийн шуурхай штабууд яаралтай хуралдаан зохион байгуулж, захирамж гаргаж байна. Нийслэлээс өгсөн зөвлөмжийн хүрээнд орон нутгуудад орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй ч нутгийн иргэддээ зочин хүлээн авахгүй байхыг сануулсан Засаг дарга нарын хатуухан үгс хөвөрсөөр... Хамгийн гол нь тэдний хатуу сануулга нь “Монгол Улс дотооддоо омикрон хувилбарыг алдсан. Хэн ч халдвар тээгч, ойрын хавьтал болсон байх магадлалтай учраас хөнгөн хуймгаа хандаж, өөрсдийнхөө эрүүл мэнд цаашлаад орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд бүү заналхийлээрэй” гэх утгатай.
ИНГЭЭД БОДОХООР ИЙМ НӨХЦӨЛД ХЭДҮҮЛЭЭ БАЯР ЦЭНГЭЛ ХИЙЖ, БЯЛХАЖ НАЙРЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ, ЕР НЬ.
Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэгтэй агаар нэгэн буйгаар энэ мэт олон шалтгааныг харгалзан үзэж өнөө жил гэр бүлийнхээ хүрээнд сар шинээ тэмдэглэцгээе л дээ.
Бид коронатай нүүр тулсан хоёр жилийн хугацааг ингэж л үдсэн.
Нэг үеэ бодвол найман настай балчираас, наян настай буурал хүртэл цахим хэрэглээний өндөр мэдэгдэхүйнтэй болсон учир өнөө жил ч цахимаар золголт хийе. Хамар хашааны ах дүүс, дээд доод давхарын ижий аавдаа очиж золгохыг тань хориогүй ээ. Харин халдвар тээгээд хөдөө бүү очооч ээ, хамаг олноороо цуглаж эрсдэл бүү үүсгээч ээ гэж уриалж байна.
Бидний шинэ танил “омикрон”-ы шинж тэмдэг энгийн нэг хамрын ханиад шиг илэрч буй учир хүн бүр шинжилгээ өгч баталгаажуулахгүй байна. Хүүхдүүдэд ямар ч шинж тэмдэг илрэхгүйгээр оношилогдож, зөөвөрлөж байгаа. Тиймээс иргэн бүр өөрийгөө “ЭРСДЭЛ" гэж үзэх хэрэгтэй.
Эрсдлийг тараахгүй байх нь иргэн бүрийн үүрэг гэж ойлгох хэрэгтэй байна.
“Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ” гэж монголчууд ярьдаг. Энэ хүнд үеүдийг давахад ирэх олон олон жилийн сар шинийг үзнэ. Манай өнө удаан жилийн уламжлалт ёсон хоёр гуравхан жилд устана гэж байхгүй. Эрсдэл дагуулан, өвчин тарааж явахгүй нь өөрийн болоод бусдад үзүүлж буй хамгийн том тус ч байж мэдэх юм. Өнгөрсөн жилүүдийн онлайн золголтуудаас харахад “Ирсэнгүй” гэж үзэн ядсан хүн байсангүй. “Элэг бүтэн, эрүүл энх яваарай” гэх ерөөл л сонсогдож байлаа. Сар шинэ бол гэр бүлийн баяр. Тиймээс хуулиар оноогдсон 2-3 хоногийн амралтаа эдэлж, жинхэнэ гэр бүлийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлцгээе. Ураг садан, ахан дүүсийнхээ амар мэндийг алсын зайнаас айлтган мэндчилье.
САР ШИНЭ ГЭЖ САЙМШРАХАА БОЛЬЦГООЁ ОО !!!
Сэтгэгдэл ( 3 )
Шинэ жилээ ингэж бичсэн бол ч, Цагаан сар үндэсний баяр юм шүү.
Санаа зөв. 1 дахин нэмэгдэх гэдэг ойлголт байдаггүй юм шүү.
Ухамсар муутай хүн л хөдөө явж өөрсдийгээ зугаацуулах гэнэ дээ. Өвгөд хөгшдөа хүн гэж үзэх хэрэгтэй нь цахимаар золгоцгооно доо.хувиа бодож болохгүй дээ.хэлээд байхад л очно гээд хөдөөний биднийг зовоох юм.бид чинь бас хүн шүү .....хөгшдийг хүндлэх биш хүндрүүлээд байна гэдгээ ойлгох хэрэгтэй шүү.зам л хаачих хэрэгтэй байна. 3 хан хоног хаахад яадаг юм бэ.бас олон хоногийн өмнө гарч тэнэгтэх байх даа