Бортээг гэх бөөн хар "ГАЙ"

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Ардын намынханд Бор тээгийн орд бөөн хар тээг болсоор удлаа. Улс төрийн зодоон эхлэх бүрд л “Бор тээг”-ийн ордыг бөөн хар пиартаа ашиглах юм. Хамгийн сүүлд Боловсролын яамны хэрүүлд “Бор тээг”-ийн орд торойгоод гараад ирлээ. Ашигласан этгэдэ нь  Боловсролын сайд Л.Энх-Амгалан. Насаараа “Эм Си Эс”-ийнх гэх шошго хадах энэ субъект боловсролын яам хувийн сургуулиудад хувьсах зардал өгсөн гэх хэрүүлээс эхэлсэн. Яг одоо энэ хэрүүл засгийг тогтоох уу, үгүй юу гэдэг зодооны нэг том шалтгаан боллоо. Шалтаг ч байж мэднэ. Хэрэв уншигч та санаж байгаа бол өнгөрсөн жил намын эрх мэдлийн төлөөх зодооны хамгийн том сэдэв нь “Бор тээг” байлаа шүү дээ. Эрх мэдлийн тухайд Д.Амарбаясгалан бөөн хар тээг байсан учраас “Бор тээг” гэдэг сэдэв гаргаж ирээд гадна, дотногүй сэвсэн. Тэр сэвээнд Д.Амарбаясгалан өөрөө тайлбар өгч байлаа. Гэсэн ч нэгэнт тарсан цуурхалыг намжааж чадаагүй. Тиймээс гурван ч сонгуульд ялалт байгуулахад хөшигний ард байсан Д.Амарбаясгалан өөрөө зайгаа тавиад өгсөн юм. Өдгөө “30”-ын гэх тодотголтой бүлгийн тэргүүн эгнээнд жагсаж буй.

Улс төрийн сэвээнд байнга гарч ирдэг “Бортээг”-ийн орд чухам юу болов, одоо яаж байна. Ер нь байна аа, Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсэг нь өмнө нь ч, одоо ч “Эрдэнэс Тавантолгой” ХК буюу төрийн зээмшилд хэвээр хадгалагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хувь хүн, гаднын компанид лицензийг нь шилжүүлж байсан удаагүй. Гэсэн ч улс төрийн хараа, хамааралтай болгох гэж хичээсээр ирсэн. Ялангуяа олон жилийн эрх мэдлийн цулбууранд төөрсөн хэсэг бүлэг этгээд эрх мэдлийнхээ цулбуурыг алдахгүйн төлөөх шидэт рашаан лугаа ашигласаар ирсэн юм. Одоогийн ЗГХЭГ-ын дарга сайдад дуртай нэгэн этгээд өнгөрсөн намар “Бортээгийн орд”-ын оффтейк гэрээний ард Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий бүлэглэл байсан гэх мэдээллийг анх тараасан юм. Үүнийгээ ХЗДХ-ийн сайд болохдоо УИХ-ын индэр дээрээс ч мэдэгдэж л байлаа. Сүүлдээ эрүүгийн хэрэг ярих дээрээ тулсан энэ явган яриаг чухамдаа тэр гаргасан.

Ер нь байна аа, Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсэг нь өмнө нь ч, одоо ч “Эрдэнэс Тавантолгой” ХК буюу төрийн зээмшилд хэвээр хадгалагдаж ирсэн.

Тухайн үед Админерал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан хүмүүс, тэдгээрийн үүсгэн байгуулсан бусад хамтарсан компаниудад Д.Амарбаясгалангийн ойр дотны болон хамаарал бүхий хүмүүс оролцоотой байсан гэх баримтуудыг хэвлэл мэдээлэл болон "Нүүрсний сонсгол"-ын үеэр “дэлгэж” байлаа. Ер нь явж, явж Ардын намынхан өөрсдийнхөө бүлэглэлд багтахгүй нэгнийгээ “сонсгол” гэх дэглэлттэй жүжгээр шонд өлгөсөөр ирсэн. Одоо ч өлгөсөөр байна. Сонсголоор яригдсан зүйл нь тендерийг нууцаар хийж, хэт их ашигтай нөхцөлийг хувийн компанид олгох замаар төрд их хэмжээний хохирол учруулсан, энэ үйл явцад эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн гэж буруутгасан. Ингэж Ардын намынхан нөлөө бүхий нэг кадраа намнах аянд мөрдсөн юм. Д.Амарбаясгалангийн зүгээс “Админерал болон “Бортээгийн” гэрээтэй тухайн үед МАН-ын удирдлагад байхдаа ч, Засгийн газарт ажиллаж байхдаа ч ямар нэгэн байдлаар холбогдоогүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Засгийн газар болон МАН доторх фракц, эрх мэдлийн тэмцлийн хүрээнд түүний нэр хүндэд халдаж, улс төрийн шахалт үзүүлэх зорилгоор хийсэн зохион байгуулалттай гүтгэлэг гэж мэдэгдсэн юм.

Нийтлэлийн эхэнд Бортээгийн орд өмнө нь ч, одоо ч “Эрдэнэс Тавантолгой” ХКийн мэдэлд хэвээр хадгалагдаж ирсэн тухай дурдсан. Гэвч олон нийтийн дунд “төрд буцаан авлаа” гэх ойлголт төрсөн нь Засгийн газраас тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан гаргасан хэд, хэдэн шийдвэрээс үүдэлтэй юм. Г.Занданшатарын Засгийн газрын үед буюу 2026 оны эхээр Бортээгийн ордод хөрөнгө оуулж, хамтран ажиллах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласа. Уг шалгаруулалтад дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж санал ирүүлсэн боловч Засгийн газрын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хөрөнгө оруулагч шалгаруулаагүй. За тэгээд Н.Учралын Засгийн газар зургаадугаар сарын 3-ны өдөр стратегийн ач холбогдолтой тус ордыг гаднын менежментээр биш, “Эрдэнэс Тавантолгой” ХК гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран ашиглах шийдвэр гаргасан юм. Ингээд зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Бортээгийн ордын ил уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Тэгэхээр төрд байсан. Байсан зүйлийг л эдийн засгийн эргэлтэд оруулсан юм. Хэн нэгний халаасанд байгаагүй. Үүнийг явган яриа сэвсэн этгээд ч мэдэж байх учиртай. Гэвч улс төрийн зодоон, цохион бүрд л нэгэн этгээдтэй холбоод гаргаад ирдэг. Хэрэв үнэхээр хэн нэгний халаасанд байсан бол эдийн засгийн эргэлтэд ортлоо удна. Засгийн газар ч шийдвэр гаргатлаа удна. Анхнаасаа төрд байсан. Төрд байсан учраас эдийн засгийн эргэлтэд орж байгаа юм.

Эрх мэдлийн төлөөх тэмцлийн дунд хаяж өгдөг алим нь Бортээг байсаар ирлээ. Үнэн хэрэгтээ төрд л байсан, байгаа, цаашид ч байна. 

Тэгэхээр Төрийн ордонд Л.Энх-Амгалан “Бортээгийн орд”-ыг Д.Амарбаясгалантай холбохдоо зүгээр л явган яриаг ашигласан гэсэн үг. Нийгэмд тэртээ тэргүй хар бараан сэтгэгдэл төрүүлсэн энэ үгийг улс төрийн ашиг хонжоо олох сэдлээр ашигласан юм. Гэвч Бортээг нь Засгийнхаа мэдэлд байж байдаг. Харьяалагддаг засаг нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнээд ирэхээр өнөөх л Бортээгийг ил гаргасан нь энэ.


ЗҮҮЛТ:

Бортээг нь Таван толгойн 6 бүлэг ордын нэг хэсэг бөгөөд 2020 оны ТЭЗҮ-ээр тус орд нь 424 сая тн нүүрсний нөөцтэйгөөс 95%-ийг сул коксжих, 5%-ийг эрчим хүчний нүүрс эзэлж буйг баталжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд багтан дахин ТЭЗҮ боловсруулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэхүү орд нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд багтдаг ба компанийн эзэмшилд Тавантолгойн нүүрсний бусад бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат зэрэг хэсгүүд ордог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top