Дарга, дарга бас дахин дарга

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Нам хэмээх бүлэглэлд ерөөсөө даргын дон тусагчид, эсвэл ашиг хонжоо хайгчид очдог юм уу даа гэсэн бодол төрөөд асар уджээ. Арга ч үгүй. Улс төрийн намуудын харьяа хэвлэл мэдээллийн байгууллагад ч ажиллаж байв. Сонгуулийн штабад ч ажиллаж байв. Зарим улстөрчидтэй ч ойр явж, тойрон хүрээлэгчдийнх нь аяглан загнаж байгааг харан хөх инээд сүүмэлзүүлж суужээ. Тэр дээд дарга нарт ая тал засаж, хүн төрхөө эвдэж, ад зэдийн дүрд хувилж байгааг харахаар өнөөх хөх инээд алга болж, буудчихмаар болох үе ч бий.  Тэгэхээр тэднийг гадарлах бус доторлох маягтай. Ямартай ч намд гурван хүний хоёр нь дарга байдаг. Тэр тусмаа ялагдсан намд ажиллах нь дарга олонтой, бүр ч зовлонтой. Дарга гэж дуудуулж байж ялагдлынх нь “өвдөлт” түр намддаг бололтой. Сонгуулийнх нь штабад “боол”-оор ажиллаж байгаа намайг дарга гэж дуудаад үе үе сандаргана. Ерөөсөө дарга дарга бас дахин дарга, толгой эргэмээр олон дарга тэнд л бий.

Өдгөөгөөс олон жилийн өмнө нэгэн намын сонгуулийн ажилд зүтгэв. Өглөө эртлэн яарч намын байранд ирээд “зүсэлж” өгсөн өрөөнд нь сууж байтал хүмүүс хаалга шагалзаад амраадаггүй. Хаалга сэвхийлгэн “Дорж дарга байна уу”, ахиад л нэг охин шагайн “Оюун дарга харагдав уу” л гэнэ. Нэг муу нийтлэл бичих санаатай эхний өгүүлбэр тавьж байтал ахиад л нэг годгор охин “Энхээ дарга орж ирэв үү” гээд байхаар үнэхээр төвлөрч өгдөггүй. Өглөө унаанд бодож ирсэн сэдэв маань хэдэн тийш сарнилаа. Түүнийг цуглуулж ядан суутал ахиад л нэг хижээл насны эр “Цэцэгээ дарга орж ирэв үү” гээд нэг их хахир дуугаар хашхирахаар төвлөрөх бүү хэл бүр цочирдож айх шинжтэй.

Баахан ундууцангуй дараагийн өгүүлбэрээ хүчээр тогшиж эхэлтэл дахин хаалга сэвхийж, “Балт дарга харагдаагүй биз” хэмээн мэнд мэдэхэд л оюун санаанд цуглан ядан байсан жаал зүйлс нээлттэй салхивчаар шувуу шиг л сүрэглээд одов. Ингээд юунд ч харшлахгүйгээр нь тамхиа нэрэхээр өрөөнөөс гараад алхтал ард бас л нэг нөхөр “дарга байна уу” гэх сонсогдоход бүр ч дургүй хүрэв. Мань мэтэд суллаж өгсөн өрөөнд л баахан дарга нар шаваад сууж байсан хэрэг үү гэж бодлоо. Тэгэхээр ийм олон дарга нэг өрөөнд сэвсэн дээр цугласан хэрээ шиг юугаа хийж суух билээ. Магадгүй олон дарга нар нууц ажлаа ярилцдаг газар байсан ч юм болов уу гэж бодлоо. За яршиг тэдний тухай бодож толгой эргүүлж зогсохоор юу бичих тухай бодсон дээр биз дээ гэж ундууцан бодлоо. Зуны дунд сарын аагим өдөр сүүдэр нөмрөн суугаад тамхилах шиг жаргал гэж орчлонгийн хаана байхав.

Намайг тэр өрөөнд төвлөрөх гэж нэг цаг орчим болоход тав, зургаан нөхөр огт танихгүй тав зургаан даргын нэр дурдаж хаалгаар шагайв. Үнэн хэрэгтээ би энэ намын дарга нарыг нас шүдтэй нь, идсэн уусантай нь мэднэ. Намынхаа даргаас эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад нарийн бичгийн дарга нар. Намын байгуулалт, Хяналтын зөвлөл гэх мэт дарга нарыг ёстой гаргаахгүй. Гэтэл намайг тарчлаасан тав, зургаан даргын нэрийг мэдэхгүй учраас тэр дарга нарыг олж дотносохгүй юм гэхэд бараа сүрийг нь харах хүсэл миний дотор үе үехэн орж ирнэ.

Ийнхүү хэд хоноход даргаа эрж сурсан байдалд ерөнхийдөө дасаж эхэлж байна. Аятайхан ч юм шиг. Сүүлдээ ч орж гарсан мэргэжилтэн ажилтнууд намайг “Даргаа” хэмээн андуурах, шоглох, эсвэл сурсан зангаараа дуудах болов. Их дотно болсоор байв. Хэд хонох хугацаанд сэтгүүлчийн хувиар миний зүсийг нь харах бүү хэл нэрийг нь ч дуулаагүй зургаан даргаас тавынх нь нэрийг  мэдлээ, зүсийг нь ч харлаа. Танихгүй л болохоос харсан хүнд бол зангиа цүнх болсон нөхөд.

Хаанаас нь ч харсан дарга гэж нэрлэж болмоор. Үйлчлэгч, сантехникчээс эхлээд зарим мэргэжилтэн ч дарга гэж дуудаад байхыг чихээрээ сонсож, нүдээрээ харсан болохоор яах аргагүй л дарга юм гэж ойлголоо. Ямар албан баримт нэхэлтэй биш. Гэхдээ л надад танихгүй дарга гэж байхгүй дээ, чухам ямар алба хашдаг дарга болохыг мэдэх адын хүсэл ассаар байв. Нэгэнт ассан хүслийг хэрхэн номхотгохоо би бас мэднэ.

Гэтэл намын Соёлын төвийн түрээс хураадаг нөхөр, Санхүүгийн албанд ажилладаг ахлах нягтлан бодогч, Номын сангийн эрхлэгч, Намын судалгааны байгууллагын Орон нутаг хариуцсан хүүхэн, Цахим сүлжээ хариуцсан нөхөр, намын байранд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдээс мөнгө хураадаг хүүхэн гээд таван хүн байх аж. Миний ойлгож байгаагаар бол тэднийг дарга хэмээн дуудах ямар ч шаардлага алга. Статусын хувьд ч алга. Гэхдээ л хэлбэр талаасаа ч тэр, агуулга талаасаа ч тэд яах аргагүй дарга юм.

Миний хувьд бол Ахлах нягтлан бодогчийг нягтлан л гэнэ биз дээ. Цаана нь Санхүү хариуцсан дарга байгааг би танина. Соёлын төвийн түрээс хураадаг нөхрийг ч дарга гэх хэрэггүй, эрхлэгч нь бас л миний таних залуу ажиллана. Судалгааны байгууллагын дарга нь гээд нэг тарган нөхөр байхад Орон нутаг хариуцсан мэргэжилтнийг дарга гэхийн ямар ч хэрэг алга. Нам болгонд л Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга гэж нэг хүн байхад Цахим сүлжээ хариуцсан нөхрийг дарга гэж дуудах шаардлага байсангүй.

Тиймээс ахиад хэд хоногийн дараа дарга хэмээн дуудагчдаас нэгэнтэй нь тамхилж зогсоод “Энэ нөхдийг дарга гэж дуудах ямар ч шаардлага алга байна” хэмээн өдөн хатгавал өнөөх “Наадуул чинь дарга гэж дуудуулах маш дуртай. Зарим нь бүр намайг цахим сүлжээ хариуцсан даргаар томилсон юм шүү гэж хүртэл хатуу сануулсан. Тэгээд дарга нэрэндээ их амархан дасчихаад дуудуулах гээд байдаг юм билээ” хэмээж билээ. Би ч аяндаа тэднийг дарга л гэж дууддаг боллоо. Одоо яая гэх вэ, “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг биз дээ. Бас ч үгүй заримдаа өөрөө дарга гэж дуудуулна. Тэнд суугаа хэдэн сэтгүүлчид шинэ тутам учраас надаас асуух зүйл гарна. Тиймээс намайг зарим нь дарга гэж ойлгосон байх. Ийм орчинд удаан ажилласан хүмүүст дарга гэж дуудах нь ердийн үзэгдэл биз. Нэг сарын хугацаанд л би дасаж байхад ...  

Гэтэл нэг өдөр Намын дарга нар сэтгүүлчдийн багийг дуудаж уулзлаа. Пиарын чиглэлээр сэдэв ч өгч байна, чиглэл ч өгч байна. Энэ үеэр Намын дарга маань нягтлан бодогчийг дуудаж авчраад “.... даргаа энэ хэдэн сэтгүүлчдийн мөнгө төгрөгийг өнөөдөр шийдэж өг гээд гаргалаа. Нягтлан ч “За даргаа би санхүү хариуцсан даргадаа хэлье” гээд гарав. Баахан л дарга, энэ олон даргын сүлжээнд толгой эргэх маягтай. Өнөөх муу цахим хариуцсан нөхрийг дуудаж авчраад “... дарга сэтгүүлчдийнхээ өгсөн мэдээ мэдээллийг ийм ийм сүлжээгээр цацах юм. Бид гэрээ хэлцэл хийсэн” гээд гаргалаа. Миний хувьд тэднийг чамлан бодох бүү хэл буруу зөрүү харьцах ч эрхгүй амьтад аж. Аргагүй шүү дээ. Бүхэл бүтэн намын дарга тэднийг дарга гэж харьцаж байхад нэг сарын хугацаанд “боол”-ын хөдөлмөр хийхээр ирсэн мань мэт бол цаашаа биз дээ. Ингэж би нэг сарын турш олон дарга нарын дунд асар том хүндлэлтэйгээр ажилласан. Сонгуулийн сурталчилгаа дуусаж сониныхоо гал тогоонд л ирнэ биз ээ. Ийн эргэн ирэхэд хэн ч намайг дарга гэж дуудсангүй, би өөрөө хэнийг ч дарга гэж дуудсангүй. Эхний хоёр өдөр дарга хэмээх сайхан үгээ эрэлхийлэх маягтай байсныг нуух юун.

Сонгууль ч болдгоороо болж, өнөөх нам ч ялж, би ч өдөр тутмын ажилтайгаа зууралдсаар. Сэтгүүлч бидний ажлын шаардлага Төрийн ордноос эхлээд траншейний нүх хүртэл явуулдаг хойно доо. Нэг өдөр яаман дээр явж байтал өнөөх “Нягтлан дарга” маань хэлтсийн дарга болчихсон инээд асгасаар мэнд мэдэж байна. Тэндээс гараад Төрийн ордноор жаал явлаа. Өнөөх “Цахим хариуцсан дарга” Төрийн ордонд намын бүлгийн асуудал хариуцсан том дарга болчихож. Ингээд сониуч зангаараа өнөөх хэдэн “дарга” нараа сурвал Авто тээврийн үндэсний газарт орлогч дарга, БСШУЯ-нд бас нэг асуудал эрхэлсэн дарга гэх мэтээр дэвшээд алга болжээ.

Тэгээд би бодлоо. “Монгол хүн амныхаа билгээр” гэдэг дээ. Монголчууд зүгээр ч нэг өвөр зуураа хэлчихээгүй, үнэн үг гэдэгт гүн итгэв. “Үг хүчтэй, бас амьтай” гэдэг юутай үнэн бэ ч гэж бодож үзэв. Юу эсийг бодох билээ. Наполеон Банапорт жанжинг бага байхад нь хөгшин настай ижий нь “Дэлхийн суут хүү минь сэрээрэй” хэмээн өглөө бүр дуудан сэрээдэг байсан гэдэг. Үнэхээр л дэлхийн нэг бөөрөн дээр тодорсон суут жанжин мөн дөө. Тэгэхээр улс төрийн намуудад үгийн хүчийг, шидийг мэдэрдэг, билэгдлээ боддог хүмүүс ажилладаг мэт санагдлаа. Аль нэг намд очоод ямар нэг аргаар дарга гээд дуудуулчихвал ч.. гэсэн бодол ч толгойд орж ирж байх шиг. Нүдээрээ үзэж, чихээрээ сонссон болохоор итгэл үнэмшил төрөлгүй яах юм.

Мартсанаас бидний сууж ажил үүрэг гүйцэтгэж байсан цэлгэр өрөө тэдний хоол цай, тамхины өөрөө байсныг түр зуурын тохижилт хийсэн юм билээ. Тэгээд л даргаа сурсан нөхөд хаалга шагалзаад байж. Одоо санахад дарга нарт маань албан өрөө ч байхгүй тэнд л ирээдүйн даргынхаа суудлыг ярьж, тамхи баагиулж суудаг байсан бололтой. Би ч бас дарга нарын энерги хурсан өрөөнд нэгэн сар суусан шүү гэж бодогдож байв шүү дээ. Дарга дарга бас дахин дарга.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТҮҮЛ (150.129.143.162) 2020 оны 02 сарын 01

МАНАЙ МОНГОЛ ЧИНЬ СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕЭЭС Л ДАРГА УЛС БАЙСАН Ш ДЭЭ ЯМАР САЙН ДАА ОРОСУУД ХОЁР МОНГОЛД НЭГ ДАРГА БАЙДАГ ГЭЖ БАЙХАВ ДЭЭ

0  |  0
Гариг(66.181.186.70) 2020 оны 01 сарын 31

Хэхэхэ сайхан бичлэг байна, сэтгүүлч нийтлэлч гэж энэ дээ. Одоогийн сэтгүүлчид гэж хов базаж хошного долоож хоёрын хооронд юм хөөцөлдсөн хөгийн амьтад болж дээ. Лайв гэж нэг юм их дэлгэрч. Жинхэнэ сэтгүүлч гэж ийм хэмжээний бичлэг өвөр зуураа биччихдэг хүнийг хэлдэг юм даа. Бодит байдал ийм байгааг сэтгүүлчид хамгийн ихээр мэдэрч байгаа ч бичих нь ховор юм даа

1  |  0
баяраа (66.181.161.109) 2020 оны 01 сарын 30

тийм л дээ Монголд татвар төлөгчидийн мөнгийг хувааж иддэг хэдэн дарга байдаг бол

0  |  0
Top