Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-ын Лянь Юнган хотын орлогч дарга Ян Шиньжунтай цахим уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улс БНХАУ-ын Лянь Юнган боомтоор импорт, экспорт хийх боломж, нөхцөл байдал болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Уулзалтаар талууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал олон улсын тээвэр логистикийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа хүнд цаг үед хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын нийт импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг бөгөөд цар тахлаас хамаарч тус боомтод тээвэрлэлттэй холбоотой саатал, хүндрэл буурахгүй байгаа учир цаашид Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтоор зэрэгцүүлэн ачаа тээвэрлэлт хийх талаар санал солилцсон байна.
Энэ хүрээнд Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх галт тэрэгний тоог эхний ээлжинд сар бүр 8 галт тэрэг аялуулахаар болсон бөгөөд цаашид галт тэрэгний тоог нэмэгдүүлж, тогтмолжуулахад хоёр тал хамтран БНХАУ-ын Тээврийн яам, “Хятадын төмөр замууд” корпорацид хандан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )