Дэлхийн банк Монголд 40.7 сая ам.долларын зээл олгохоор БАТАЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Дэлхийн банкны Захирлуудын Зөвлөл  Монгол Улсад олгох 40.7 сая ам.долларын зээлийг баталжээ. /2022.06.06/

Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадвар зэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор Олон улсын хөгжлийн ассоциациас (ОУХА) Монгол Улсад олгох 40.7 сая ам.долларын зээлийг баталсан байна.

“Ухаалаг засаг II” төсөл -ийн зорилго нь дижитал технологийг ашиглахад итгэлцэл бий болгох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулахад оршино. Мөн, төслийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн салбарт үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдлыг хангах үйлчилгээг хамтран ашиглах боломж бүрдүүлнэ.

Энэхүү төсөл нь дэлхийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг авчирч буй шинэлэг технологийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд туслах, Монгол Улсын хөгжилд шинэ боломж олгох зорилготой юм. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд, уг төсөл нь 13,000 төрийн албан хаагч, иргэдэд дижитал ур чадвар, дижитал боловсрол олгох, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан 3,000 дижитал суурьтай шинэ ажлын байр бий болгох, 2,000 жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийг цахимжуулж, тэдгээрийн дэлхийн зах зээлд өрсөлдөх болон болзошгүй хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд тусална гэж Дэлхийн банк үзэж байна.

Түүнчлэн энэхүү төсөл нь 2022 оны 8-р сарын 31-нд хаагдах анхны “УХААЛАГ засаг” төслийн хүрээнд хэрэгжсэн ололт дэвшилттэй үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Хаагдаж буй төслийн хүрээнд улсын хэмжээний гамшгаас хамгаалах төв зэрэг байгууллагын үйлчилгээнд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, Үндэсний интерпрайз архитектур, Цахим-Монгол (e-Mongolia),  нээлттэй мэдээллийн портал бий болгох, хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах зэрэг төрийн нээлттэй мэдээлэл, үйлчилгээг өөрчлөн сайжруулахад шаардагдах нэн чухал боломж, чадавхийг бэхжүүлэх ажлууд хийгдээд байна.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Монголын нийт иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийн дижитал өөрчлөлт, улс орныхоо дижитал хөгжлийн хүчин чармайлтын үр шимийг хүртэх нь чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэхүү төсөл нь Монголын эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн болон алслагдсан нутагт оршин суугаа иргэдэд хэрэглэхэд хялбар, үр ашигтай дижитал төрийн үйлчилгээг үзүүлэх, мөн залуучуудад дижитал ур чадвараа хөгжүүлж, илүү өргөн хүрээний ажилд орох боломжийг олгоно. Энэ нь ЖДҮ-үүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн өмчлөл дөх эсвэл удирддаг компаниудад дэлхийн дижитал зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ирээдүйн хямралыг даван туулах чадварыг бий болгоход тусална гэлээ.

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж чадсан. Энэхүү туршлага нь дижитал өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болгож ашиглах, үр ашигтай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, ойрын таван жилд “Дижитал үндэстэн” болох Засгийн газрын олон жил дамжсан зорилтыг хэрэгжүүлэхэд эрч хүч нэмж буй хэрэг юм.  Түүнчлэн шинэ төсөл нь төрийн цахим үйлчилгээ болон дижитал хөрөнгө оруулалтад төрийн нэгдсэн, нэг бүхэл Засгийн газар хандлагыг нэвтрүүлэхэд нь Засгийн газарт туслах болно гэж Дэлхийн банкны мэдээлэлд дурджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top