ТУЗ-ийн шийдвэрийн улмаас ААН алдагдалд орвол, гишүүдээр нь хохирлыг нөхөн төлүүлдэг байхаар тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр, гишүүдийн зүгээс төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байхдаа тус компанийг алдагдалтай ажиллуулсан хүнийг дараагийн төрийн өмчит компанид урьж ажиллуулдаггүй зохицуулалт дэлхийн жишигт байдгийг хэлж, энэ асуудлыг төсөлд  хэрхэн тусгасныг лавлалаа.

Мөн төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулсан удирдлагуудад урамшуулал олгох,  улс төрөөс ангид байх асуудлуудыг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар хэлэхдээ,  төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн буруутай шийдвэр, үйл ажиллагаанаас болж тухайн компани алдагдалд орсон нөхцөлд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр хохирлыг нь нөхөн төлүүлэхээр зохицуулалт тусгасан. Түүнчлэн төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулсан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагуудыг дараагийн удаа төрийн өмчит компанид томилох, үргэлжлүүлэн ажиллуулахыг  хязгаарлах  зэрэг зохицуулалтыг тусгасан төдийгүй  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт энэ талаарх мэдээллийн сан хөтлөх үүргийг нарийвчлан зохицуулсан гэж байлаа.  Мөн тэрбээр, төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулсан нөхцөлд удирдах албан тушаалтанд урамшуулал олгодог дэлхий нийтийн жижиг байдаг.  Гэхдээ тухайн компанийн дүрмээр олон харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай тул бид ерөнхий харилцааг төсөлд тусгасан гэлээ.

Харин Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн 33 дугаар зүйлийн 2-т  тодорхой нөхцөлүүдэд заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байхаар гүйцэтгэх удирдлагыг хариуцлагажуулсан. Энэ нь цаашдаа төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагууд улс төрийн чиглэл, удирдамжийн дагуу шийдвэр гаргах боломжгүй болгохын зэрэгцээ, ингэсэн тохиолдолд компанид эрсдэлд учруулсан хохирлыг өөрийн хувийн хөрөнгөөр нөхөн төлж, хариуцах юм. Мөн төрийн болон орон нутгийн улс төрийн албан тушаалтнууд төрийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлд орох боломжгүй. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын болон өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, сүүлийн найман жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байсан  болон хашиж байгаа хүн төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвших, орох боломжгүй гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top