СЗХ: Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 26 асуудал  хэлэлцэж шийдвэрлэжээ.

Энэ удаагийн хуралдаанаар хамгийн анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгожээ.

Өнгөрсөн сард тус сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд олон нийтээс санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүлж чадсанаар ийнхүү анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан бий болсон байна. 

Хөрөнгийн зах зээлийн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор санхүүгийн хэрэгслийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлтэй хувьцаат компанийн засаглал, тайлагналын ил тод байдал сайжрах давуу талтай.

Нөгөөтэйгүүр иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах, эрсдэлээ бусад хөрөнгө оруулагчидтай хуваалцах боломжтой.  

Мөн хуралдаанаар хамгийн өндөр дүнтэй нийтэд санал болгон гаргах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэжээ.

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулах буюу андеррайтер төвтэй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, андеррайтерийн компани нь гар утасны аппликейшн ашиглаж хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, үнэт цаас худалдан авах боломжийг олгоно.

Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн хоёр хувьцаат компанийн нээлттэй болон хаалттай хүрээнд нэмж гаргаж буй үнэт цаасыг бүртгэж, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрлийг нэг үнэт цаасны компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн гэж СЗХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top