О.Булган: Алдарт Миланы загварын долоо хоногт Монголын брэндүүд оролцох эрхтэй боллоо

Админ | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Бидний оюун бодлоос гарч буй бүхэн нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог, ялгарал юм

“Фашунед” загварын зөвлөх агентлагийн үүсгэн байгуулагч О.Булгантай ярилцлаа. Тэрбээр Итали улсын Милан хотод байрлах Ferrari Fashion академийг эмэгтэй хувцасны дизайнер мэргэжлээр дүүргэсэн нэгэн. О.Булган нь хувцас загварын салбарт ажилласан арав гаруй жилийн туршлагатай мэргэжлийн эксперт бөгөөд саяхан Миланы загварын долоо хоногт монгол брэндүүдийг оролцуулах зуучлалын албан ёсны эрхийг аваад байгаа юм. Энэ бол Монголын загварын ертөнцөд цоо шинэ хуудас нээсэн чухал үйл явдал билээ.


-Миланы загварын долоо хоногт монголын брэндүүд оролцох эрхийг албан ёсоор авлаа шүү дээ. Хэр догдолж байна вэ?

-Миланы загварын долоо хоногт монголын брэндүүд оролцох эрхийг албан ёсоор авсан гэж бодохоор яг л мөрөөдөл биелсэн юм шиг л догдолж байна. /инээмсэглэв/ Албан ёсны зөвшөөрлөө авах гэж амаргүй зам тууллаа. Олон удаа уулзсан, олон ч удаа сайжруулаад ир, энэ нь болохгүй байна гэж буцаагдсаны эцэст сая л албан ёсны хамтрагч боллоо гэж зөвшөөрсөн. Эргээд хартал бүтэн таван жилээ зориулж, хичээж зүтгэсний үр дүнд бодит боллоо.

Дэлхийн загварын чиг хандлагыг нь тодорхойлдог Парис, Милан, Нью-Йорк зэрэг найман хот бий. Эдгээр хотод жилд хоёр удаа загварын долоо хоног зохиогдож ирсэн. Энэ үеэр загварын шилдгүүд цуглардаг учраас улс орон бүр өөрийн гэсэн загварын долоо хоногтой байхыг хичээдэг. Тэр хэрээрээ босго өндөртэй.

Миланы загварын долоо хоногт монгол брэндүүд оролцсоноор, олон улсын загварын салбарынханд танигдах, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдэж байна гэсэн үг.

-Загварын шоунд хэдэн зуун жилийн түүхтэйгээс эхлээд цаг үеэ дагаж гарч ирсэн шинэ брэндүүд бүгд л өөр өөрсдийн онцлогтой загвараа толилуулдаг. Монгол брэндүүдийн хувьд Миланы тайзнаа юугаараа ялгарах бол? 

-Бидэнд ялгарах олон зүйл бий. Нэгдүгээрт бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн чанараар ялгарна. Тухайлбал ноос, ноолууран бүтээгдэхүүнийг онцолъё. Загварын салбарт ноолуур нь дээд зэрэглэлийн эд, тансаг хэрэглээнд ордог. Тэрхүү тансаг хэрэглээнийх нь түүхий эд болсон хамгийн органик, чанартай ноолуур нь манай улсад бий. Гарал үүсэл нь тодорхой гэдгээрээ давуу талтай. 

Яагаад гэвэл орчин үеийн хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдан авахдаа эх дэлхийдээ ээлтэй эсэхийг нь чухалчилж сонгодог, хариуцлагатай хэрэглээг дэмжих хандлагатай болсон. 

Тиймээс зөвхөн гоё, сайхан харагдсанаа аваад л нэг хоёр удаа өмсөөд хаях биш, тэрхүү хувцсыг хэр удаан өмсөх вэ, дахин боловсруулах боломжтой эсэхийг нь анхаарч сонголтоо хийж байна. Тэр дундаа барууны орнуудад энэ хандлага илт анзаарагддаг. Тэгэхээр гарал үүсэл нь тодорхой, органик монгол ноос ноолуур хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Италийн Милан хотод Emerging talents Milan, Taerus PR agency, Camera Moda гаас зохион байгуулагддаг Миланы загварын долоо хоногийн зурагнууд

Түүхий эд зөвхөн ноос, ноолуураар хязгаарлагдахгүй. Малын арьс, шир ч бий. Жишээ нь эсгий, нэхийг сайн боловсруулж чадвал дэлхийн зах зээлд өөрсдийн өнгө төрх, түүхээрээ ялгарах бүрэн боломж байна. 

Миний бодлоор монгол хүмүүсийн оюун бодлоосоо гарч буй бүхэн нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог, ялгарал юм. Монгол загвар хэдэн хээ угалз, товч шилбээр хязгаарлагдахгүй шүү дээ.

-Миланы загварын долоо хоногт оролцох албан ёсны эрхтэй төлөөлөгч компани болсноор ямар үүрэг хүлээх вэ? 

-Монгол брэндүүд дундаасаа загварын шоунд оролцох брэндүүдийг шалгаруулна. Шалгарсан компаниудаа зохион байгуулагчид, олон улсын агентлагуудтай холбон зуучилна.

-Монгол брэндүүд ямар шалгуурыг хангаж байж Милан явах эрхээ авах вэ? 

-Өмнө дурдсанчлан хувцас, загварыг нь л харж сонгохгүй. Тухайн брэндийн үйлдвэрлэлийн нөөц боломжоос эхлээд, хийц материалыг ч шалгаж хянаж үздэг. Мөн тухай брэндийн сошиал медиа хөтлөлт, зураг авалт, ялгарал, дахин боловсруулах боломжтой эсэх гээд тогтвортой хөгжлийн зарим зорилгод нийцэж байгаа эсэх гээд олон хүчин зүйлсийг харгалзан үзэж өрсөлдөх чанарын баталгааг манай агентлаг өгнө. 

Бүтээгдэхүүн нь бүхий л талаараа шалгуур хангаж байгаа ч зураг авалт тааруу, сошиал хаягаа идэвхтэй ашигладаггүй зэрэг нь сул тал болдог. Манай агентлагийн зүгээс энэ тал дээрээ илүү анхаарч ажиллаж, аль тал дээр сайжруулах хэрэгтэй байгаа эсэх дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Хамгийн гол нь эдгээр шаардлагад ажилласан жил, хугацааг бус чанарыг хэмждэг тул гарааны бизнесүүдэд ч боломж бий.

-Зарим улс орнуудын хувьд загварын салбар нь тухайн улсын нүүр царай болчихсон байдаг. Монгол Улсын хувьд загварын салбараасаа ашиг орлого олж, “мөлжиж” амьдрах боломж бий болов уу. Та юу гэж харж байна вэ? 

-Миний хувьд монгол брэндүүдээ гадагш зуучилж, танилцуулж, олон улсад гаргавал дотоодын үйлдвэрлэл нөөцөө нэмэгдүүлж, гадны зах зээлээс хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэж хардаг. 

Анх цар тахал эхлэх үед Миланд Norah Fashion, Уран брэнд гээд үндэсний брэндүүд Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Тухайн үед тун нааштай хариутай ирсэн ч цар тахлаас болоод мэдээлэл маань дарагдчихсан. Одоо л нэг хэвийн амьдралд шилжиж, ажил жигдэрч байна. 

Италийн Милан хотод Emerging talents Milan, Taerus PR agency, Camera Moda гаас зохион байгуулагддаг Миланы загварын долоо хоногийн зурагнууд

-Агентлагийнхаа талаар бидэнд танилцуулахгүй юу, ямар чиглэл зорилгоор үйл ажиллагаа явуулдаг вэ?  

-“Фашунед” загварын зөвлөх агентлаг 2020 онд үүсгэн байгуулагдсан. Энэ оноос олон нийтэд танилцуулж, нээлттэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

Бид байгууллага болон хувь хүний брэндинг, стиль ба имидж тодорхойлох, үнэт зүйлийг бий болгох гэсэн үндсэн гурван чиглэлд голчлон анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Монгол үндэсний брэндүүдээ олон улсад танилцуулах, загварын шоу зохион байгуулах, олон улсын зах зээлд худалдаанд гаргах зэрэгт зөвлөх, зуучлах үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Энэ жилээс Миланы загварын долоо хоногт оролцох албан ёсны эрхтэй төлөөлөгч компани болж, “Emerging talents Milan”, “Taerus PR agency” байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ нь монгол брэндүүдийг олон улсад таниулахад том ахиц, амжилт юм.

Италийн Милан хотод Emerging talents Milan, Taerus PR agency, Camera Moda гаас зохион байгуулагддаг Миланы загварын долоо хоногийн зурагнууд

-Гадны байгууллага, дизайнеруудтай уулзахад бидний тухай ямар төсөөлөлтэй байна вэ. Магадгүй нүүдэлчид, мал аж ахуй гэсэн дүр төрхөөр бууж байна уу? 

-Бидэнтэй огт тийм хандлагаар харьцаж үзээгүй. Харин ноос ноолуур, нэхий эдлэлүүдийг сонирхож байгаа нь илт анзаарагдаж байсан.

-Албан ёсны эрхээ авчихлаа. Хэзээ Миланы загварын долоо хоногийг зорихоор төлөвлөж байна вэ?

-Хамгийн эхнийх нь энэ намар буюу есдүгээр сарын 20-26-ны хооронд болох арга хэмжээнд оролцоно. Оролцох брэндүүдээ аль хэдийн сонгочихсон. Тун удахгүй танилцуулах болно. 

Мөн ирэх өвөл хоёрдугаар сард болох загварын долоо хоногт оролцох хүсэлтэй брэндүүдэд үүд хаалга маань нээлттэй, шалгаруулалтаа зарлачихсан байгаа шүү. Бүртгүүлсэн брэнд, байгууллагуудаас бид дээрх шалгуурын дагуу сонгон авч ажиллах болно.

-Есдүгээр сард болох загварын долоо хоногт Монголынхоо ямар онцлогийг шингээж оролцохоор төлөвлөсөн бэ?

-Мэдээж Монгол Улсаа төлөөлөх учраас маш том үүрэг хариуцлага хүлээж явна. 

Олон орны хувцас загвараас ялгарахын тулд деталь бүрдээ анхаарч, яавал дэлхийн зиндаанд нийцэхүйц хэрнээ Монгол гэж ялгарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж байна. Монгол хүний оюунаас гарч байгаа бүх зүйл бидний үндэсний баялаг учраас зөвхөн монгол хээ угалз, уламжлалт хэв загвараар хязгаарлахгүй л гэж бодож байна. Орчин үед монголчууд хэн болсон бэ, ямархуу загварын мэдрэмжтэй улс вэ гэдгийг л таниулахыг зорино. 

Италийн Милан хотод Emerging talents Milan, Taerus PR agency, Camera Moda гаас зохион байгуулагддаг Миланы загварын долоо хоногийн зурагнууд

-“Фашунед” загварын зөвлөх агентлагийн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач? 

-Манай хамт олон арван жилийн туршлагатай мэргэжлийн эксперт баг.  Монголын хувцас загварын салбарт тулгамдаж буй асуудлууд дээр ажиллан зөв зохистой стратеги нэвтрүүлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, дотоодын брэндүүдийг дараагийн шатанд гарахад туслах, бизнесийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготойгоор ажиллагаагаа явуулж байна. 

Брэндинг үйлчилгээ нь аливаа брэндийг хамгийн төгс хувилбараа бүтээхэд нь туслах, өөрсдийгөө илүү илэрхийлмээр байвал энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй. Энэ үйлчилгээг эмнэлэг, гоо сайхны салон, сайт гээд өөрсдийнхөө өнгө төрхийг тодорхойлох, тодотгох, сайжруулахыг хүссэн ямар ч байгууллагад үзүүлнэ. 

Имиж тодорхойлох зөвлөх үйлчилгээг хувь хүн, байгууллага дээр хийж байна.

Хувь хүн өөрийгөө бусдад харуулах, дотор характер, мөн чанараа бүрэн дүүрэн илэрхийлэхэд гадаад үзэмж, дүр төрх, хувцаслалт нь чухал нөлөөтэй байдаг. 

Албан байгууллагуудын хувьд ч ялгаагүй, тухайн компанийн ажилтнууд хувцаслалтаас гадна хэрхэн биеэ авч явахаас, хамт олон дотоод уур амьсгал, харилцаа ямар байхаас хүмүүс тэр байгууллагад үйлчлүүлэх, цаашлаад байнгын үйлчлүүлэгч болох эсэхэд ч нөлөөлдөг. 

Хувцаслалт, угтах үдэх үйлчилгээнээс эхлээд хүлээлгийн өрөөний буйдан, ширээ, цэцгийн тавиур, цайны аяга тэр байтугай ямар ая аялгуу сонгож тавих нь хүртэл бизнесийн байгууллагын соёлын нэг хэсэг. Тухайн бизнес шинэлэг байсан ч ажилчид нь ямар ч хамаагүй имижээр хувцасласан, буруу үг хэллэг ашигладгаас харилцагчаа алдах ч эрсдэлтэй.  “Детальд чөтгөр нуугддаг” гэж үг бий. Хүмүүс иймэрхүү зүйлсийг төдийлөн анзаардаггүй. Гэвч үнэндээ эдгээр жижиг зүйлс бидний төсөөлөөгүй том өөрчлөлтийг авчирдаг.

Яг үнэндээ хувь хүний хувьд хаана юу өмсөх нь хэнд ч хамаагүй. Харин байгууллагаа төлөөлж байгаа тохиолдолд бизнесийн соёлын нэг хэсэг болно. Энэ бол хүмүүсийн ухамсаргүйгээр хийдэг сонголт, далд ухамсрын хүч магадгүй бизнесийн ашиг, амжилтад ч нөлөөлдөг чухал хүчин зүйл гэдгийг хүмүүс анзаардаггүй.

-Үүн дээр нэг жишээ дурдахгүй юу?

-Хувцас бурхан бие чөтгөр гэдэг зүгээр нэг үг биш. Зарим хүмүүс ганган хээнцэр харагдах гэж хичээхдээ биедээ эв тухгүй хувцаслаж, өөрт тохиромжгүй дүр төрхийг бүрдүүлэх гээд байдаг. Иймээс л бид тухайн хүний байр суурь, албан тушаалд нь тохируулж, онцлогт нь нийцсэн дүр төрхийг бүтээхэд тусалдаг. Ингэж дүр төрх, имижээ бүрдүүлээд ирэхээр олон зүйлс өөрчлөгддөг.

Үйлчилгээнийхээ дагуу бид хувцасны шүүгээг нь янзалж өгдөг. Хамтдаа хувцаслалтын загвар, тохирох хувцсуудыг өдөр өдрөөр хослуулна. Шүүгээ дүүрэн хувцас биш хувцаслах хэв маяг л чухал. Олон хүний шүүгээ ухсан. /инээв/ 

Бас манай байгууллага кино жүжгийн хувцас дизайн дээр ажиллаж жүжигчдийн хувцаслалтыг хариуцдаг. Хамгийн сүүлд гэхэд М.Батболд найруулагчийн найруулсан “Гэм зэм” постдрамын жүжиг дээр ажиллалаа.

-Одоо энэ төрлийн үйлчилгээг  хүмүүс хэр ойлгож хүлээж авч байна вэ? 

-Хэдэн жилийн өмнөхийг бодвол байгууллагууд ойлгодог болжээ. Ажилтнууддаа сургалт авах хүсэлт нэлээд ирж байна. Ажилтнуудын хувцаслалт борлуулалтад нөлөөлж байгааг анзаарч мэддэг болсон байна. Хэд хэдэн байгууллага үйлчилгээ авсны дараа орлого нэмэгдсэн тухайгаа ч хэлсэн. 

Хувцаслалт бол бидний өдөр тутмын л сонголт. Бүгд л өглөө босоод өнөөдөр ямар хувцас өмсөх вэ гэж боддог. Тэгэхээр та хувцас загвар дизайны тухай боддоггүй гэж бодож байгаа ч үнэндээ өдөр бүр энэ талаар боддог гэсэн үг.

-Монголчууд бид ер нь загварын тал дээр хэр мэдрэмжтэй хүмүүс вэ?

-Бид мэдрэмжтэй. Тэрхүү мэдрэмжийг хөгжүүлдэг зүйлсийг илүү гоо зүйтэй хийгээд ирвэл хүмүүсийн нүд улам нээгддэг. Загвар дизайны соёлыг түгээх, соён гэгээрүүлэх үүрэг нь тэр шүү дээ.

-Та загвар дизайны салбарт юу хийхийг мөрөөддөг вэ? 

-Би урд насандаа Монголын загварын салбарт өртэй үлдсэн юм байгаа юм./инээв/  Миний хүсэл эх орныхоо нэрийг гаргасан алдарт брэндийг дэлхийд таниулах  “Dior”, “Hermes”, “LV” гэхээр хүн бүхэн мэддэг шиг л...  Бас Монголынхоо бусад брэндүүдэд ч олон улсын зах зээлд гарах боломжийг нээж өгнө. 

Хувь уран бүтээлч, дизайнерийн зүгээс ч гэсэн дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, урлаг загвар, дизайныг олон хүнд хүртээмжтэйгээр хүргэж, гоо зүйг олон хүнд түгээхийг мөрөөддөг.  

Яагаад монголчууд зөвхөн дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, өөрсдөдөө худалдаалах ёстой гэж. Харин ч дэлхийн монгол болох хэрэгтэй гэж боддог. 

Шинэ эрин үед төрсөн Монголын нэгэн шинэ үеийн хувьд бид бүгдэд эх орныхоо хөгжлийг нэг алхмаар ч болтугай урагшлуулах үүрэгтэй гэж боддог. Тиймээс энэ үүргээ ухамсарлаж зүтгэх ёстой л гэж бодож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top