Хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээн хотод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.06.13)
Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд "Коронавирусийн халдварын улмаас зургаадугаар сарын 2-ноос эхлэн хил, гаальд хязгаарлалт хийж, БНХАУ-ын талаас автозамын боомтоор чингэлэг орж ирээгүй. Харин зургаадугаар сарын 3-нд баярын өдөр байсан тул Замын-Үүд-Эрээн боомт амарсан.
Ингээд зургаадугаар сарын 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг орж ирсэн. Зургаадугаар сарын 9-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн болсон байгаа. Өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт дунджаар 75 чингэлэг орж ирсэн байна.
Хятадын талаас манай хүсэлтийг хүлээж авч, Эрээний Хао Ган хүнсний ногооны терминалаас нарийн ногооны ачилт хийж эхэлсэн. Эхний нарийн ногоотой 15 чингэлэг энэ сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа энэ боомтын үйл ажиллагааг тогтворжоод явна гэж найдаж байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн хотод covid-19 халдварын нөхцөл байдал 456 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 240 нь шинж тэмдэггүй байгаа талаар Эрээн хотын шуурхай штабын албан ёсны мэдээлэл гарсан. Тус хотод сүүлийн гурав хоногийн хугацаанд халдварын шинэ голомт үүсээгүй. Тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар гарч байгаа гэх мэдээллийг өгсөн. Халдварын шинэ голомт үүсээгүй байгаа учраас Эрээн хотын ковидын тархалт хумигдаж байна гэж харж байна.
Эрээнд хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа учраас нарийн ногоо, жимсийг Бээжин, Шандунаас ачиж, Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд буулгаад сэлгэн ачилтыг хийгээд хөргүүртэй чингэлгээр манай улсад импортолдог.
Нарийн ногооны Монгол Улсын импорт, Хятадын экспортыг зогсоохгүй байх талаар Эрээнд суугаа Консулын Газраас Эрээн хотын Ардын Засгийн Ордон, Ковидын Шуурхай Штабтай байнгын холбоотой ажилласан.
Үүний үр дүнд нутгийн гүнээс тусгай горимоор орж ирж буй нарийн ногоо, жимсийг Эрээнд тусгаарлагдсан 30 ажилтан ачилт хийж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )