ҮСХ: Эрэгтэйчүүдийн дундаж цалин ₮1.6 сая, эмэгтэйчүүдийнх ₮1.3 сая байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 мянган төгрөг буюу 10.3%-иар,  өмнөх улирлаас 11.9 мянган төгрөг буюу 0.8%-иар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна. 

Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагсдын цалин хамгийн бага буюу 919.1 мянган төгрөг байна. 

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны  нэгдүгээр улиралд 2015 оноос 67 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар өсжээ.

Харин аж ахуйн нэгж байгууллагын  ажиллагсдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна гэв.

Медиан цалин гэдэг нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 717.7 мянган ажилтан  хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 4.4%-иар, өмнөх улирлаас  1.2%-иар,  ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 
мянгаар өссөн бол өмнөх улирлаас 1.5 мянгаар буурчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.79) 2022 оны 06 сарын 16

ШАЛ ХУДЛАА ТОО БАЙНА

0  |  0
Чимэд(124.158.69.91) 2022 оны 06 сарын 16

Дундаж цалинг зориуд өндрөөр гаргах үүрэг дээрээс өгөөд байна уу. Бид албан газруудар явж судлахад 1,3 саяаас 1,5 сая төгрөгийн цалинтай хүмүүс 52700 орчим,1.5 саяаас 2,0 саяын цалинтай хүмүүс68900 орчим,2,0 саяаас дээш цалинтай 75000 хүмүүс гэж бүх байгууллагаар ороход гарч байна.Өөрөөр хэлбэл хүн амын 20 орчим хувь 1,3 саяаас дээш цалинтай байхад яаж бодоход 1,4 сая гэж гардаг дундаж вэ Ямар бодлого хэрэгжүүлэх гэж ийм худлаа мэдээлэл цацдаг байнаа.\n\n

0  |  0
Top