Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчлэн баталлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.17/ Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаанаар  хийж,  баталлаа.

Хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
 
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах асуудлуудыг тусгасан. Үүнд: 

Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд болох иргэн, захиалагч, үйлчлүүлэгчийн оролцоог жигд хангах зорилгоор эрх үүргийг тодорхой болгож, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохоор тусгасан.

Нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах зэрэг тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн Үнэлгээний Олон стандарт, үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалыг батлуулж нэгдмэл арга зүйтэй болно. Ингэснээр үнэлгээчид үнэлгээ хийхдээ хэт зөрүүтэйгээр үнэлэх байдал багасна.

Үндэсний үнэлгээний стандартыг боловсруулж, батлуулах, Үнэлгээчний ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж, сургаж, мэргэшүүлэн, мэдээллээр хангаж үнэлгээний тайлантай холбоотой маргаан гомдлыг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгосон. Мөн хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн оролцогчид нэгэн ижил мэдээллийг ашиглах мэдээллийн сан бүрдүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top