“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар эцэслэн баталсан. УИХ-ын тогтоолыг дагаад ажлын таван жилийн төлөвлөгөө батлагдаж буй юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн яаралтай 1.7 их наяд төгрөг шаардлагатай аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын хэлж буйгаар шаардлагатай санхүүжилтийн 48 хувийг улсын төсвөөс, үлдэх хувийг гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөсөн аж.
Тэрбээр “Улсын төсвөөс гаргаж буй мөнгөний ихэнх хэсгийг зээлийн хүүний зөрүүнд олгох бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Тогтоолыг бид хэрэгжүүлж ажил хэрэг болгох ёстой. Баялаг бүтээгчидтэй хамт төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлнэ. Хэлэлцүүлгийн үеэр холбогдох яамдтай хамтран ажиллаж, төлөвлөгөө болон санхүүжилтийг нарийвчлан ярилцсан. Таван жилийн дараа 19 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ ханган, гол нэрийн зарим бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах эзнийг тодорхой зааж өгсөн” гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )